Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Их Британи, Ирландын утга зохиолын хамгийн том шагнал “Коста”-гийн энэ оны хүүхдийн шилдэг номын төрөлд нэр дэвшээд байгаа Фрэнк Котрел Боисын “Хэзээ ч мартагдахгүй хүрэм” номын эхний хэсгээс орчуулан хүргэж байна. Чингис, Нэргүй хэмээх Монголоос ирсэн ах дүү хоёрын тухай түүх уншигч багачуудын сонирхлыг ихээр татаж байгаа гэнэ. Ирэх оны нэгдүгээр сарын 25-нд шилдэг номын нэрийг “Коста”-гийн зөвлөл зарлана.


“Нэргүй, чамайг малгайгаа тайлчихвал…” гээд хатагтай Спэндлав “бид хичээлээ эхэлж болох юм” хэмээн өгүүлбэрээ гүйцээлээ.


Хүү хөдөлсөн ч үгүй. Чингис ч ялгаагүй. Тэр хоёр хоёулаа хөшөө шиг суусаар.


“Үгүй ээ, наад малгайгаараа яах гээд байгаа юм бэ?”


Тэд ойлгоогүй царай гаргасаар.


Хатагтай Спэндлав ахин шаардлаа. “Нэргүй, чи малгайгаа заавал тайлах хэрэгтэй”


“Үгүй ээ” гэж Чингис хэлэв.


Харин одоо хүн бүр хатагтай Спэндлав руу ширтэнэ. Яг л байж суухын аргагүй өрсөлдөөнтэй теннисний тэмцээн үзэж байгаа аятай.


“Миний дүүгийн малгайг авбал аюултай”


“Малгайгаа тайлахаар яагаад аюултай болдог билээ? Толгой нь хүзүүнээсээ салж уначих гээд байгаа юм уу?” Багш эмэгтэй инээдээ барьж чадалгүй хөхрөв.


“Түүнд өөрт нь аюултай юм биш ээ. Харин та нарт аюултай”


Хатагтай Спэндлав мэлрэн гайхлаа. Хүү түүнийг заналхийлээд байна уу даа?


“Хэрэв би түүний малгайг тайлбал тэр галзуурч, та нарыг бүгдийг чинь алж мэднэ”


Тийм байна аа, тэр багшийг айлгаж байгаа байх нь. Ер нь биднийг бүгдийг нь айлгах гэж оролдож байна. Жоохон дүүгээрээ шүү.


“Чингис…”


“Бүргэдийг тайван байлгахын тулд яах хэрэгтэй байдаг билээ?”


“Мэдэхгүй ээ” гээд багш анги дотуур тойруулан харлаа. Хэн нэгэн яах ёстойг мэдэх болов уу? Ер нь яагаад энэ тухай мэдэх шаардлагатай юм бэ?


“Мэдээж, нүдийг нь таглаж боох хэрэгтэй. Харин бүргэдээ хаа нэг тийшээ нисгэж, ан агнуулахыг хүсвэл боолтыг нь авах хэрэгтэй. Миний бүргэд бол миний дүү. Малгайтайгаа байхдаа тэр тайван. Малгайгүй бол яахыг хэлж мэдэхгүй байна даа”


Зургадугаар анги. Бид сургуульд бүтэн зургаан жил сурсан. Хамаг л мэдэхийг хүссэн бүхнээ сурсан гэж би эцэст нь бодсон. “Наранцэцэг”-ийг хэн зурсныг би мэднэ, өдөрт таван янзын жимс идэхийн ач тусыг ч бас мэднэ. Гэхдээ бүргэдийн тухай ганц хичээл заалгаагүй. Энэ тухай урьд өмнө дуулаа ч үгүй. Бүргэд тайвшруулах арга чадвар хүнд хэрэг болдог гэдгийг зүүдлээ ч үгүй. Яг энэ мөчид бүхнийг мэднэ хэмээн бодож байсан сэтгэл минь хос далавчтай жигүүр болон ар нуруунд минь урган, мэдэхгүй, танихгүй бүхэн минь нэг нэг өд сөд болон тэрхүү далавчинд нэмэгдэж эхлэв. Тэр далавч эцэс төгсгөлгүй агаарт дэвэх шиг.


Би нөгөө шинэ жаалтай ярилцахыг хүслээ. Бүргэдийн тухай түүнтэй яримаар санагдана. Харин Мими Чингис болон түүний дүүг будаг шунхны тухай чухал ярианы дэргэд шалихгүй зүйл хэмээн үл тоомсорлоно. Энэ бүхэн зөвхөн хөвгүүдэд л сонирхолтой байлаа. Үдийн хоолны үеэр тэд Чингис, Нэргүй хоёрыг тойрон шавж, тэдэнд үнэхээр бүргэд байсан эсэх, тэр бүргэд нь хэр том эсэхийг шалгаацгаана. Ер нь энэ Чингис худлаа яриад байна уу, үгүй юу гэдгийг тэд туйлаас сонирхож байлаа.


“Та нар хаанаас бүргэдтэй болсон юм?”


“Миний байсан газарт хүн болгон л бүргэдтэй”


“Чи тэгээд хаанаас ирсэн юм?”


“Монголоос”


Одоо хүртэл малгайгаа байдгаар нь доош даран, нүдээ таглан зогсож байгаа Нэргүйг тэд сонирхоно. Бүргэд шиг дуугарахыг тэд түүнээс гуйна. Нэргүй хүрэмнийхээ зах руу нугдайн шигдэж, хоёр гараа ханцуйнаас нь мултлан хүрмэн дотроо цээжнийхээ урд зөрүүлэн зогсох бөгөөд яг л шувуу шиг харагдана.


Тэгтэл Чингис тэдний дээгүүр над руу өлийн харснаа “Хөөе, чи наашаа ирж, надад тусал” гэх нь тэр. Тэр надаар юу хийлгэх гэсэн юм бол, бүү мэд. Гэхдээ л намайг дуудсанд нь баярлаж байлаа. Хөвгүүдийн дундуур зүсэн түүн рүү дөхөв.


“Холдооч дээ. Та нар монгол хөвгүүдийг урьд нь харж байгаагүй юм уу, хаашаа юм”


“Хараагүй шүү дээ”


“Тэгвэл харчихлаа. Одоо яв”


“Тэд тэгвэл яах гэж Монголоос ирсэн юм?” Шокигийн дуу. Нээрээ тэд яах гэж энд ирсэн юм бол? Бүгд л мэдэхийг хүснэ.


“Байж байгаарай, наанаа зогс” гэж хашгиран Чингис намайг зогсоогоод цүнхнээсээ хуучин радио шиг юм гаргав. Нэг товчлуур дартал дээд таг нь онгойн, дуран гарч ирэв. Поларойдын зургийн аппарат юм байж.


“Би зураг аваадахъя. Та нарын хэн нь хэн бэ гэдгийг санахад хэрэгтэй. Чи миний Сайн Хөтөч болоорой” гэж Чингис хэлэв..


Зураг дарах агшинд Мими хүрч ирсэн бөгөөд бид хоёр байдаг хөөрхнөөрөө инээмсэглэв. Шоки, Дункан хоёр ч бас зурагт багтах гэж хичээсэн билээ. Чингисийг товчлуур дарав уу, үгүй юу аппаратны урдаас нэгэн цаас гарч ирлээ. Тэр нь зураг бөгөөд бид бүгдээрээ тэнд багтжээ. Үүрд хамтдаа. Чингис тэр зурган дээр ямар нэг зүйлийг бичив. Юу гэж бичсэнийг нь харин би өнөөдөр л олж харлаа. “Бидний Сайн Хөтөч” гэж тэр бичсэн юм санж.


“Чи бидний Сайн Хөтөч болоорой. Монголд бол бид нүүдэлчин хүмүүс. Харин танихгүй, шинэ газар оронд ирэхээр бидэнд хөтөч хэрэгтэй. Чи бидний хөтөч бол. Зөвшөөрч байна уу?”


Мэдээж би зөвшөөрсөн. Урьд нь хэн ч надаас ямар нэг зүйл гуйж байгаагүй. Тэр тусмаа хөтөч болохыг шүү. Тэгээд би будаг шунх, уруул, бас Шокигийн тухай бодохоо болив. “Сайн уу, би бол хөтөч” хэмээн аман дотроо үглэн холхиж эхлэв. Тэдний Сайн Хөтөч болохыг би чин сэтгэлээсээ хүссэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж