«1911 он» симфони найраглал

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

«1911 он» симфони найраглал

Хөгжмийн зохиолч Х. Алтангэрэл “Алтан намар-2011” хөгжмийн наадамд Монголын симфони бүтээлийн урын санд ховор үзэгдэх болсон нэгэн төрлөөр өөрийн авъяас билэг, оюун ухаан, ур чадвараа сорьсон өвөрмөц бүтээл ирүүлснийг  УГЗ, дэд профессор Ч. Чинбатын удирдсанаар Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал хөгжимдөн үзэгч олны сонорыг мялаасан нь саяхан билээ. Энэ бол Монгол улсын түүхийн нэгээхэн хуудсыг өгүүлсэн «1911 он» хэмээх хөтөлбөрт симфони найраглал юм. Хатан зоригт Монгол хүний дүр,  манжын дарлал доорх Монгол орон, дарлагдсан ард түмний хүсэл мөрөөдөл,  Монголд газар авсан шарын шашин, эрх чөлөөний төлөө тэмцэл ба ялалт  зэрэг түүхэн сэдвийн тухай өгүүлсэн энэ бүтээлээ хөгжмийн зохиолч Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан туурвисан байна.

“1911 он”  хөтөлбөрт симфони найраглалын онцлог нь үйл явдлыг дэс дараалалтай хүүрнэн өгүүлэх бус, харин зохиолын үндсэн санааг хөгжмийн өвөрмөц зүй тогтолд нийцүүлэн, хөгжмөөр ерөнхийлөн илэрхийлдэг Ф.Листийн уран сайхны үндсэн зарчим дээр тулгуурласанд оршино. Түүнчлэн эрс тэс шинж чанартай цуврал 2 ангит хэлбэрээр бичигдсэнээрээ онцлогтой. Учир нь симфони найраглал гэж нэрлэгдэх энэхүү дан хөгжмийн төрлийг Унгарын нэрт хөгжмийн зохиолч Ф. Лист анх урлан бүтээснээс хойш гол төлөв нэг ангит хэлбэрээр бичигдэх нь түгээмэл. Хоёр ангит цуврал хэлбэрийг сонгох болсон  шалтгаан нь уг бүтээлийн утга агуулгатай шууд холбоотой. Тухайлбал, баатарлаг монголчууд, манжын дарлал ба шашинд автагдсан Монгол орныг удаан нэгдүгээр ангиар, ард түмний эрх чөлөөний төлөө тэмцэл аугаа их ялалтаар төгсөж буйг хурдан хоёрдугаар ангиар тус тус дүрсэлсэн байдаг. Нөгөө талаас удаан оршил хөгжимтэй нэг ангит симфони найраглалтай дүйцүүлэн үзэх боломж бас ажиглагдаад байгаа юм. Учир нь  хатан зоригт монголчуудыг дүрсэлсэн  эхний ангийн нэгдүгээр сэдэв ая хоёрдугаар ангийн туршид чухал үүрэг гүйцэтгэж, гарч ирэх болгондоо (хэмнэлийг уртасган) эрэлхэг зоригтой Монгол хүн гэдгээ зарлан тунхаглан, үүнийхээ ачаар хэзээ ч ялна дийлдэг байсан гэсэн зохиолын үндсэн санааг тодотгон өгч байгаа нь нэн өвөрмөц. Ингэж «лейт сэдэв ая» болох хөгжмийн хүчтэй хэрэгслэлээр ялгарамж бүхий эрс тэс ангиудын хөгжмийг нэгтгэн нэгэн цогц бүтээл болгосон нь хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн  өвөрмөц шийдлийн нэг юм.

Хөгжмийн зохиолч утга санааг дүрслэн илэрхийлэхдээ хөгжмийн зэмсгийн сонголтонд их ач холбогдол өгдөг нь тус туурвилаас анзаарагддаг. Юуны өмнө ХХ зууны нэрт хөгжмийн зохиолч И. Стравинский, Б. Барток нарын шилдэг бүтээлээр гүйцэтгэх үүргийг өндөрт өргөн тавьсан цохивор хөгжмийн бүлэг энд ч чухал үүрэгтэй оролцдог юм. Үүнийг Х. Алтангэрлийн «Хэмнэл» хэмээх шанз, цохивор хөгжмийн чуулга, «Цастны мэргэд» нэртэй морин хуур, төгөлдөр хуур, цохивор, үлээврийн концерт-найраглал “Ятга, үлээвэр, цохивор, төгөлдөр хуурд зориулсан концерт” зэрэг бусад туурвилаас  ажиглаж болно.

Монголд шарын шашин орж ирсэн тухай өгүүлэх хэсэгт шашны хөгжим санагдуулах гобой, хонх (треугольник), мод (legno) зэрэг өвөрмөц тембруудыг хослуулан хэрэглэсэн нь үнэхээрийн итгэл үнэмшилтэй дүрслэл болж чадсан юм. Эрэлхэг зоригтой Монгол хүний дүрийг гуулин үлээвэр хөгжим эгшиглэх огцом, хурц хэмнэл бүхий аялгуугаар илэрхийлсэн нь няцашгуй, мохошгуй гэсэн санааг улам тодруулан өгөх мэт. Мөн кларнет, флейт ба кларнет, утсан хөгжим гэх мэт өнгө аясын (тембр) өвөрмөц хослол, эсвэл дангаар дуурьсах хөгжмийн өнгө аясыг (тембруудыг) зохиолын утга санаанд тохируулан оновчтой сонгож авсан нь энэ бүтээлийн ололтуудын нэг юм.

Х.Алтангэрэл уг бүтээлдээ таван эгшигт (пентатоника), долоон эгшигт (диатоника), 12 эгшигт (додекофония) зэрэг дорно, өрнийн цомнолыг орчин үеийн хөгжмийн техниктэй хослуулан нарийн бодож боловсруулсан өвөрмөц шинэ хөгжмийн хэллэгийг бүтээсэн зэрэг нь мөн бүтээлийн онцлох тал болж байна.

“1911 он” симфони найраглалын ач холбогдолыг дүгнэн үзвэл, хөгжмийн зохиолч эрс тэс ялгарамжтай сэдэв аяыг шинэ хэмнэл, шинэ гармони, шинэ өнгө аясаар (тембр) баяжуулан хөгжүүлж, төгс төгөлдөр хэлбэр бүтцийг бий болгохын зэрэгцээ ангиудын уялдаа холбоо бүхий нэгдмэл цогц зохиомжоороо Монголын симфони хөгжмийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан нь онцгой юм.

                                             Урлаг судлалын ухааны доктор (D.Ph) М.Озила
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж