Монгол инженерүүд өөрсдийн хийсэн анхны автобусаа туршилтын журмаар үйлчилгээнд явуулахад бэлэн болгож, нийслэлийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Үйлдвэрлэлээс хоёр хоногийн өмнө гарсан “JT 1BV” маркийн энэ автобусыг “Эрдү” компанийнхан Монголын цахилгаан тээвэр компанийнхантай хамтран үйлдвэрлэлийн ажлын нэг сарын хугацаанд хийсэн бөгөөд 28 хүний суудалтай автобусаа хотын төвд нэг хоёр хоног туршиж үзээд, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авах юм байна. Импортоор орж ирж байгаа автобуснуудаас хавьгүй тохилог, шатахуун түлшний зарцуулалт, хорт утаа ялгаруулалт бага гээд давуу талтай бөгөөд энэ автобус иргэдийн тав тух, онцлогт бүрэн нийцэж өндөр настан, хүүхэдтэй зорчигчдод хялбар байх үүднээс хаалганууд нь том, газраас шат хүртэлх зай нам, суудал хоорондын зай хол ажээ. Ирэх гуравдугаар сард үйлдвэрийнхээ байрыг барьчихвал жилд 100-120 автобус үйлдвэрлэх боломж бүрдэх юм байна. Харин эдгээр шинэ автобус ямар чиглэлд явахыг Нийтийн тээврийн газар шийдэх юм байна.
А.Зул