Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Ерөнхийлөгч К.Вульфтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Ерөнхийлөгч К.Вульфтэй уулзав

Катарын Доха хотноо НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны 4-р чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурлын үйл ажиллагаанд оролцож, үг хэлэхийн зэрэгцээ хоёр талын уулзалтуудыг хийж байна. Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Ерөнхийлөгч Кристиан Вульфтэй уулзлаа. 

Герман Улс нь Монгол Улсын хувьд Европ дахь гол түнш бөгөөд монгол германы иж бүрэн түншлэл нь амжилттай хөгжиж байгааг хоёр тал санал нэгтэй дүгнэлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Германы “Ханс Зайделийн сан” “ Конрад Адинауэрын сан” “Фридрих Эбертийн сан” зэрэг байгууллагуудаар дамжуулан монголын төрийн байгууллагуудыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархлаа илэрхийлэв.

Саяхан Герман Улсын Канцлер хатагтай А.Меркелийн МУ-д хийсэн айлчлал өндөр үр дүнтэй болсныг дурдаад, уг айлчалын үеэр ярилцаж тохиролцсон асуудлуудын дагуу хоёр талын холбогдох албаны хүмүүс үргэлжлүүлэн эрчимтэй ажиллаж байгааг тэмдэглэв.

Германы зүгээс  уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний салбарт  хөрөнгө оруулалт хийх нь хоёр талын сонирхолд нийцэж байгаа. Ялангуяа нүүрснээс шингэрүүлсэн хий гаргах германы технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгааг энэхүү уулзалтын үеэр дахин нотоллоо.

Монгол германы боловсролын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд үзүүлж буй тэтгэлэгийн тоог нэмэгдүүлэхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгч К.Вульфээс хүсэв. Мөн Монгол Германы хамтарсан Их сургуулийг Улаанбаатарт байгуулах асуудлаар санал солилцлоо.

 ХБНГУ-ын Ерөнхийлөгч К.Вульф Монгол Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Герман Улсад айлчлахыг дахин урив.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж