Стратегийн түншлэлийн хэмжээнд хамтарч ажиллахаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Стратегийн түншлэлийн хэмжээнд хамтарч ажиллахаа илэрхийлэв

Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын даргын урилгаар тус улсад хийж байгаа Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн албан ёсны айлчлал гурав дахь өдрөө Токио хотод үргэлжилж байна.
        
Айлчлалын эхний өдрүүдэд Киото, Хирошима хотод ажилласан спикер өчигдөр Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга ноён К.Хирататай уулзлаа. Зөвлөхүүдийн танхимын дарга ноён К.Хирата өнгөрсөн сард энэ албанд томилогдсон бөгөөд анхны гадаад зочин нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болж байгаа аж. Тэрбээр Японы Ардчилсан намыг үүсгэн байгуулалцсан гэдгээрээ ард түмэндээ танигдсан улстөрч юм.
        
Уулзалтын үеэр ноён К.Хирата иж бүрэн түншлэлийн харилцаатай хоёр орны хувьд стратегийн түншлэгчид болох цаг удахгүй гэдгийг онцлов. Одоогоос яг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлахдаа стратегийн түншлэл байгуулахад чиглэгдсэн Монгол-Японы хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан билээ.
          
Монгол Улсын Их Хурлын дарга ч үүнийг нотлоод “парламент хоорондын харилцаа ямар байгаагаас хоёр орны түншлэлийн төвшин хэр ойр байгаа нь харагддаг” гэлээ. Ноён К.Хирата мөн өнгөрсөн гуравдугаар сард газар хөдлөлтийн уршгаар манай ард түмэнд хүнд гарз хохирол учирахад Монголын ард түмэн хандив тусламжийн гараа харамгүй сунгасан. Ялангуяа төрийн албан хаагчид цалингаа хандивласан явдалд гүнээ талархаж байдаг юм гэлээ.
          
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дараа нь Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Ёкомичитэй уулзлаа. Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа тэрбээр илэрхийлээд удахгүй стратегийн түншлэгчид болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн хоёр улсын тухайд парламент хоорондын харилцаа өндөр төвшинд байгааг хоёр тал уулзалтын үеэр онцлон дурьдаж байлаа.
            
Япон улсад хийж байгаа УИХ-ын даргын айлчлалын үеэр хөндөгдөж байсан анхаарал татсан асуудал нь Тавантолгойн  стратегийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтын тухай байв. Тус улсын хууль тогтоох байгууллагын тэргүүнүүд нь Тавантолгойд Японы оролцоо байна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байсан. Хариуд нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл бодлогын хувьд Монголын парламент дэмжиж ажиллана гээд Засгийн газар хоорондын харилцан ойлголцлыг сайжруулахад анхаарах хэрэгтэй гэлээ. Түүнчлэн Монгол Улсыг АСЕАН, АПЕК-т гишүүнээр элсэхийг дэмжихийг тэднээс хүсээд, Япон улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болохыг  дэмждэг Монгол Улсын байр суурь цаашид ч хэвээрээ байх болно гэдгийг уламжлав.
        
Парламентын танхимуудын дарга нартай уулзсаныхаа дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Төлөөлөгчдийн танхимд зочиллоо.
         
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн босгон дээр болж байгаа УИХ-ын даргын айлчлал өнөөдөр үргэлжлэх бөгөөд эрхэм спикер Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихито, хатан хаан Мичико нарт бараалхаж, Ерөнхий сайд Ё.Надотай уулзана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж