Эгэл бус эрхэмсэг Дээгий

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Эгэл бус эрхэмсэг Дээгий

Монголын урлагийн ертөнцөд саяхан хэд, хэдэн тоглолт болсны дотор хамгийн давтагдашгүй, гайхалтай нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ч.Дэлгэрцэцэг буюу хийлч Дээгийгийн “Гайхмаараа” тоглолт байлаа. Хөгжмийн гайхамшгаар энэ үдэш үзэгчдийн сэтгэлийг догдлуулж, уяруулж, хөөргөж чадсан Дээгий Монголын сонгодог урлагийн хар сувд мөн гэдгээ дахин нотолсон юм. Түүний тоглолтыг үзэхээр сонгодог хөгжмийг таашаадаг урлаг соёлын эрхмүүд төдийгүй улстөрийн хүрээнийхэн ирсэн байлаа.

Үргэлж шинийг эрэлхийлж, янз бүрийн сюрпризүүдээр үзэгчдээ алмайруулж байдаг Дээгий тоглолт эхлэхэд гоёмсог цагаан хувцас, сахиусан тэнгэрийн далавчтай “нисч” хийлээ тоглон, циркийн агаарын үзүүлбэрийг чадварлагаар үзүүлж үзэгчдийг анхнаас нь уулга алдуулж байв.

Циркийн манежнаа тавигдсан уг тоглолт “Хувьсал” продакшнаас гадна циркийн жүжигчид, Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангийн оюутнууд, бусад уран бүтээлчид оролцсон нүсэр бүрэлдэхүүнтэй, мэргэжлийн төвшинд болж өндөрлөлөө. Хамгийн гол нь Дээгий өөрөө бусад уран бүтээлчидтэйгээ нягт нямбай, өндөр мэдрэмжтэй хамтарч ажиллаж байсныг энд онцолмоор байна. Тодруулж хэлбэл, тоглолтын багийн бүрэлдэхүүнийг зангидаж, бүжиг, циркийн элементийг  хөгжимчний уран чадвартай хослуулж чадсанаараа үзэгчдэд цоо шинэ мэдрэмж төрүүлсэн юм. Энэхүү гайхалтай үдшийг АПУ компаний тансаг шинэхэн бүтээгдэхүүн болох Хар сувд брэнд ивээн тэтгэсэн байлаа.

Одоогоос арван жилийн өмнө уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан дайчин эмэгтэйн тав дахь тоглолт нь ”Гайхмаараа”. Хийлч бүсгүй тоглолтынхоо эхэнд “Гайхмаараа” цомогтоо орсон уран бүтээлүүдээ тоглож, үргэлжлүүлээд үзэгчдийн сэтгэлд хэдийнэ байр сууриа эзэлсэн түүний шигшмэл бүтээлүүд болох “Хэнтийн өндөр ууланд”, “Үлэмжийн чанар” цомгоосоо эгшиглүүлсэн. Энэ нь үзэгчдийн сэтгэлд хүрч, алга ташилт хийгээд олны уухай түрлэгийг дагууллаа. Сонгодог урлагийн томоохон төлөөлөгч болж улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа энэ хатагтай дэлхийд алдартай бүтээлүүдийг тоглож, үзэгчдэд дахин өөрийгөө харуулсан юм.

Энэ үдшийн нэгэн гоё шигтгээ нь үндэсний хувцастай, хадаг барин тайзан дээр гарч ирсэн хоёр үеийнхэн /хүүхэд, настнууд/ “Жалам хар” дээр биелгээ хийсэн явдал байв. Мөн түүний ээждээ зориулсан уран бүтээл байлаа. “Би өөрөө эх хүн болсон хойноо ээжийгээ мэдрэн байж энэ аяыг тоглосон юм. Бүх сайхан ээжүүддээ зориулья” гээд

…….Алган дээрээ бүүвэйлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа.
…..
хэмээн тоглоход үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, бараг уйлуулах шахсан. Хөгжмийн, хайрын хүч ямар аугаа вэ гэдгийг мэдрүүлж, гайхшруулж, үзүүлнэ гэдэг үүнийг л хэлдэг биз ээ.

Бурхнаас заяасан давтагдашгүй авьяас, хөдөлмөрч зан нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт авчирсан билээ. Дээгийгийн энэ удаагийн тоглолт сонгодог, шилдэг болсон төдийгүй хөгжимчний уран чадвар нь үзэгчдийн зүрх сэтгэлийг дэнслүүлж гуниг ганцаардал хийгээд таагүй бүх зүйлсийг нь мартуулж чадсан болов уу. Дээр хэлсэнчлэн энэ үдэш “Хурд” болон хэд хэдэн хамтлаг, уран бүтээлчид тоглолтоо хийж байсан ч Дээгий ямар олон фэнтэй, урлагт түүний орон зай хэр хэмжээнд байгааг танхим дүүрэн цугларсан үзэгчид харуулсан юм. Уран бүтээлч хүнээс гарах гайхалтай эрч хүч, оргилж ундарсан авьяас чадвар энэ үдшийн турш үзэгч бидэнтэй хамт байлаа. Мэдээж хувцаслалт, хэв маягийн гайхалтай донжийг бүрдүүлэхээ ч тэр мартаагүй байсан.

Төгс мэдрэмж, төгс авьяас-гайхалтай байлаа, Дээгий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж