Өнөөдөр Bloomberg TV болон Bloomberg.com сайтаар “Coal Mongolia-2012” чуулганы тов албан ёсоор зарлагдлаа. Монгол Улс нь сүүлийн жилүүдэд нүүрсний салбартаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ихээр татаж чадсаны үр дүнд нүүрсний салбар нь тус улсын эдийн засгийн өсөлтийн гол цөм нь болсон юм. Олон улсын шинжээчдийн дүгнэж байгаагаар Монгол нь дор хаяж 100 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд нүүрс олборлолтын хэмжээ нь ойрын ирээдүйд хурдацтай өсөж 40-60 сая тонн, хэтдээ 100 сая тоннд хүрэх боломжтой аж. Энэ чухал цаг мөчид нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт болох “Coal Mongolia” нь хоёр дахь жилдээ, илүү өргөн цар хүрээг хамран зохион байгуулагдаж байна.
“Coal Mongolia-2012” чуулган нь 2012 оны 2-р сарын 9-10 өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохиогдох бөгөөд 1000 орчим төлөөлөгч оролцож, 100 орчим компани үзэсгэлэн гаргахаар бэлтгэл ажил хангаж байна. Одоогоор чуулганыг Mongolia Energy Corporation, Gemcom Software Australia Inc, Mongolian Mining corporation, Gobi Coal and Energy, Baganuur JSC, Caterpillar, Wagner Asia Equipment, Wirtgen Group, Prophecy Resources (Red Hill Energy), Monnis International, Trade and Development Bank of Mongolia зэрэг томоохон компаниуд ивээн тэтгэгчээр ажиллахаар болжээ. Чуулганд одоогоор нэр хүнд бүхий 23 илтгэгч илтгэл тавихаар болоод байгаагийн дотор Монгол Улсын Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам тээвэр барилга хот байгуулалтын Х.Баттулга нар байгаа нь ихээхэн сонирхол татаж байна.
Coal Mongolia-2012 чуулганы тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.coalmongolia.mn сайтаас үзэж болох аж.