УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагт зарлагдсан ч хойшлогдож 15.00 цаг боллоо. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхтэй холбоотойгоор хуралдааныг хойшлуулсан бололтой. Уг нь хоёр намын бүлгийн дарга өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Гол маргаан дагуулж байсан босго дээр ойлголцох боломжтой. Энэ долоо хоногт багтаан Сонгуулийн хуулийг батална” гэсэн мэдэгдлийг хийсэн ч тийм ч амар зөвшилцөлд хүрэхгүй бололтой. Наанаа босго оноо гэж буй ч цаанаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын Сонгуулийн хуульд санал болгосон архи, тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгч, борлуулагч, зуучлагч болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хязгаарлах асуудлаас болж, хэлэлцүүлгийг хойшлуулж байна гэх мэдээлэл бас байгаа юм. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн хуралдаан өчигдөр болсон бөгөөд түүгээр энэ асуудлыг гурав дахь удаагаа хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ дэмжсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Дэмжээгүй байлаа ч энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж гишүүдээр санал хураалгах ёстой бөгөөд асуудлыг дэмжиж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр дахин, дахин байнгын хорооны хуралдааныг хойшлуулж байж мэдэх талтай ажээ.
Г.Дарь