“Нью-Йорк таймс” оны онцлох үйл явдлыг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

“Нью-Йорк таймс” оны онцлох үйл явдлыг шалгаруулна

Монголын “Үндэстний тойм” сэтгүүл болон Америкийн “Нью-Йорк таймс” сонин хамтран хүн төрөлхтний амьдралд нөлөө үзүүлэх үйл явдлуудыг нэрлэсэн “Turning points: Global agenda-2012” дугаарыг хамтран гаргах болжээ.

“Нью-Йорк таймс” сонины вэб сайтад дэлхийн нийт интернэт хэрэглэгчдийн найман хүн тутмын нэг нь ханддаг бөгөөд  шилдэг 98 вэб сайтын жагсаалтад хоёрдугаарт жагсдаг байна.  Харин АНУ-ын онлайн хэрэглэгчид, тэр дундаа сайтын идэвхтэй уншигчдын 43 хувь нь тус сонины вэб сайтыг сонгодог гэнэ. Дэлхийн хэвлэл мэдээллийн энэ гиганттай хамтрах болсон нь  Монголын хэвлэл, мэдээллийн нэр хүндийг өргөх  онцгой  мэдээлэл юм. Дэлхийн болоод Монголын онцлох үйл явдлыг хамтран нэрлэх шинэ төслийн  талаар “Үндэстний тойм” сэтгүүлийн эрхлэгч Д.Батбаяраас сонирхлоо.

-“Нью-Йорк таймс”-тай хамтран тусгай дугаар гаргахаар болжээ.  Ямар зорилго, онцлогтой сэтгүүл гарах бол?

-Дэлхийн бүх чухал явдлыг нэгтгэж, түүнээсээ онцлох үйл явдлыг голлон нэрлэх юм. “New York times syndicate” бол дэлхийн хамгийн шилдэг мэдээллийн агентлагийн нэг. Тус агентлагийн зүгээс бидний хамтран гаргах дугаарт дэлхийн онцлох үйл явдлыг нэрлэх бол Монгол орны хувьд хамгийн анхаарал татсан бөгөөд онцлох үйл явдлыг манай сэтгүүлийн зүгээс нэрлэх юм. Нэг ёсондоо энэ жил дэлхий дахины болоод Монголын ямар үйл явдал олны хараанд байсан, мөн онцлон нэрлэж буй эдгээр үйл явдал ирэх жил нийгэмд болоод амьдралд хэрхэн нөлөөлөх талаар онцлох юм.

-Хамтран ажиллахаар  та бүхэн санал тавьсан уу. Эсвэл  “New York times syndicate” агентлагаас уу?

-Цаад талаас бидэнд санал тавьсан. “Үндэстний тойм” сэтгүүлийг сонгохдоо  Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд явуулсан өөрсдийн судалгааг үндэслэсэн юм билээ. Энэ тухай “Нью-Йорк таймс” сониныг эрхлэн гаргадаг  “New York times syndicate” агентлагаас бидэнд албан ёсоор мэдэгдэж, хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн байгаа. Ер нь бол “Нью-Йорк таймс” өнгөрсөн жил БНХАУ-тай хамтран дэлхийн болоод Хятадад болж өнгөрсөн шуугиантай үйл явдлыг тайлагнасан оны дугаараа гаргасан юм билээ. Харин энэ жилийн хувьд дэлхийн улс орнуудаас Монголыг онцолж, тэр дундаа “Үндэстний тойм” сэтгүүлтэй хамтран ажиллаж байна. 

-Бэлтгэл ажлаа хэзээнээс эхэлсэн бэ?

-Өнгөрсөн есдүгээр сараас эхэлсэн. Одоогийн байдлаар Америкийн талаас хамтран гаргах материалуудаа зургийн хамт, ерөнхийдөө бүгдийг нь ирүүлчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн чанартай 20 үйл явдал, 24 зурагтайгаа “Үндэстний тойм” сэтгүүлийн редакцид ирээд байна.

-Эх бэлтгэлээ хамтарч хийх үү?

-Тийм. Эх бэлтгэлийн тал дээр тухай бүрт нь санал солилцож, онлайнаар харьцаж байгаа.

-Хоёр байгууллагын хооронд төлбөрийн асуудал байгаа юу. Зохиогчийн эрхтэй холбоотойгоор?

-Хамтран ажиллах тухайгаа илэрхийлэхдээ тодорхой болзол тавьсан. Үүний  дагуу манай сэтгүүл “New York times syndicate” агентлагт тодорхой хэмжээний төлбөр  төлсөн. Энэ нь хэвлэлийн нэр хүндтэй агентлагийн дэлхийн онцлох үйл явдлыг нэрлэсэн оны шилдэг дугаарыг албан ёсны эрхтэйгээр авч байгаа гэсэн үг юм.

-Тусгай дугаар хэзээ худалдаанд гарах вэ?

-Арванхоёрдугаар сарын 22-нд хэвлэлтэд өгөөд, арванхоёрдугаар 25-нд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна. Сэтгүүлээ бид В5 хэмжээ бүхий 150 нүүртэйгээр худалдаанд гаргана.

-Монголын онцлох үйл явдлуудыг  тодруулж дууссан уу?

-Бараг бэлэн болсон байгаа. Одоогоор бид 20 үйл явдлыг онцолж нэрлээд байна. Үүн дээр дахиад хэд хэдэн сэдэв нэмэгдэнэ. Харин ямар үйл явдлууд багтсаныг уншигчид “Үндэстний тойм” сэтгүүлийн хуудаснаас мэдсэн нь илүү сонирхолтой байх. 

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж