“Сити” анхны ялагдлаа амсав

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

“Сити” анхны ялагдлаа амсав

Английн Премьер лигийн шинэ улирал эхэлснээс хойш ганц ч ялагдал амсаагүй байсан “Манчестер Сити” өнгөрсөн шөнө Лондонгийн “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд зочилж, улирлын анхны ялагдлаа хүлээв. Талбайн эзэн “Челси” өрсөлдөгчөө 2:1 харьцаатай буулган авсан байна. Тоглолт эхлээд ердөө хоёр дахь минутад Марио Балотелли гоолдсоноор “Сити” тоглолтын эхлэлийг гайхалтай тавьсан. Гэхдээ 34 дэх минутад Раул Мейрелиш тэнцээний гоолыг оруулсан бөгөөд хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад “Сити”-гийн хамгаалагч Гаэль Клиши улаан картаар торгуулснаар талбайг чөлөөлж, зочин баг талбайд 10-уулаа үлдсэн юм. Ингээд сэлгээгээр талбайд гарсан Фрэнк Лампард тоглолтын 83 дахь минутад торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэж, гоолдсоноор Роберто Манчинигийн “цэргүүд” Премьер лигийн 15 дугаар тойрогт анхны ялагдлаа хүлээсэн. Гэхдээ тэд лигийг тэргүүлсэн хэвээр бол Лондонгийн “Угсаатнууд” гуравдугаар байр руу дэвшиж, гоолын зөрүүгээр нэг хотын өрсөлдөгч “Тоттенхэм”-ийн өмнө бичигдлээ.

Тоглолтын дараа “Ман Сити”-гийн дасгалжуулагч Манчини “Тоглолтын дараа “Челси”-гийн тоглогчид биднийг ялсандаа үнэхээр баяртай байх шиг харагдлаа. Үүнээс бид өнөө цагийн топ багуудын нэг гэдэг нь харагдаж байна. Бүх л баг биднийг ялахыг хүсч байна, энэ л чухал шүү дээ. Бид улирлыг сайн эхлүүлсэн, цаашид ч сайн байх болно. Дахиад 14 тоглолтод хожигдохгүй байх боломжтой” хэмээн ярьжээ.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж