Катарын Доха хотноо НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны 4-р чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНАвстри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер нар уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Австри Улс болон Европын Холбоо Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд дэмжиж хамтран ажиллаж байдагт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.
Тэрээр, Ерөнхийлөгч Х.Фишерийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хэвээр болохыг нотлоод, хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлалыг тогтмолжуулах нь харилцааг хөгжүүлэхэд чухал үр дүнтэй алхам болно гэдэгт итгэж байгаагаа хэллээ. Ноён Х.Фишер боломжтой цагтаа Монгол Улсад айлчлахаа мэдэгдэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдхэн өдрийн өмнө Вильнюс хотноо болсон Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хурлаар Монгол Улсыг гишүүнээр элсүүлэх болсныг дурдаад, дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн дараагийн дээд хэмжээний уулзалтыг Австри Улс зохион байгуулах бөгөөд энэ ажлын хүрээнд ардчиллын боловсролын асуудлаар хамтран ажиллах талаар хоёр Ерөнхийлөгч санал солилцлоо.
Европын Холбооны төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээж ажиллуулах нь Монгол ЕХ болон бусад гишүүн орнуудтай харилцах харилцааг хөгжүүлэхэд чухал хэрэгтэй болохыг харилцан хүлээн зөвшөөрлөө.
Сүүлийн жилүүдэд монголын залуучууд БНАвстри Улсад дээд боловсрол, мэргэжил эзэмших сонирхол нэмэгдэж байгаа учраас боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлэх талаар санал солилцов.
Австри Улсаас манай улсад олгох 40 сая еврогийн хөнгөлттэй зээл дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт үр өгөөжтэй зарцуулагдана гэдэгт итгэж байгаагаа хоёр тал харилцан илэрхийлэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Фишер нар Монгол-Австри улсын харилцаа хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн асуудал, Соёл иргэншлийн чуулга уулзалтын үеэр яригдаж байгаа сэдвүүд болон бусад асуудлаар санал солилцож, харилцан ярилцлаа.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.