Уг нь энэ өдөр баасан ахын төрсөн өдөр биш. Бямба гариг, амралтын өдөр байсан юмсан. Гэтэл урьдынх шигээ хөлчүүрхсэн хүмүүс, хангинасан хөгжимтэй газрууд дүүрэн хэвээр. Баар ажиллуулдаг хүний хэлж байгаагаар хүн цөөтэй байгаа өдөр нь. 3, 4 дүгээр хорооллын баар, шөнийн цэнгээний газрууд насанд хүрсэн хүмүүст л үйлчилдэг үү, гэтэл үгүй бололтой. Насанд хүрээгүй хүүхдүүдийн гарт илүү мөнгө байвал хаалгачийн гарт атгуулаад бүх юм “ок”. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар ер нь энэ хавь ч гэлтгүй, бүх баар, цэнгээний газруудад ийм жишиг тогтсоор уджээ. Чухам хэзээнээс нэг, нэгнийхээ хүслийг гүйцээдэг энэ тогтолцоо үйлчилдэг болсныг мэдэшгүй.
Ахуй үйлчилгээний ордноос дээш жаахан өгсөөд орж болох эхний газар нь “Sea” баар. Үүдээр нь алхвал өсвөр насныхан хундага тулган, шар айраг хөнтөрч суугааг харж болно. Бас болоогүй амандаа тамхи зуусныг нь яана гээч. Ширээндээ дөрвүүлээ сууж, архи, шар айраг тэргүүтнийг өрөн тавьжээ. Хажуугаар нь гарсан хэн нэгнийг үгийн солиогүй заамдаж авахыг нь харвал бааранд орж ирээд удсан бололтой. Ярьж хэлж байгааг нь харвал хэл ам нь ээдэрч, нүд нь талимаарсан байх аж. Чухамдаа тэдний “согтолт”-ыг жижиг ширээ дийлэлгүй газар нэлийнэ. Энэ үйл явдлаас удалгүй хаалгач “ах” орж ирээд тэднийг хөөн гаргана. Угтаа “багачууд” согтоод, эвгүй байдал үүсгээд эхэлвэл хаалгач үг, дуугүй хөөн гаргадаг аж. Өөрөөр хэлбэл, үүнээс хойших асуудал хаалгач агаад тэр, баарны эздэд огт хамаагүй гэсэн үг.
Эхний баарнаас гараад дараагийн бааранд орлоо. Энэ баарны хаяг нь тун ойлгомжгүй. Модыг дүрсэлсэн гэрлэн чимэглэлийн араас цухуйх нэрнийх нь ихэнх үсэг шатаж, ганцхан “L” үсэг л харагдана. Бааранд явж орвол байнгын үйлчлүүлэгч өсвөр үеийн төлөөлөл эгнээ, болгонд шахуу сууж байв. Гэхдээ өмнөх бааранд байсан шиг “цам харайгаад” байсан нь үгүй. Шар айргандаа талимаарсан, хундага архиндаа халамцсан хүүхдүүд л их. Энд орж “шоудаж” байгаа хүүхдүүдийн дийлэнх нь охид байлаа.
Энэ оны эхний арван сарын байдлаар насанд хүрээгүй 320 гаруй хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд энэ нь өдөрт 2-3 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон гэсэн үг юм. “Гэмт хэрэгт холбогдож буй хүүхдүүд ихэвчлэн хоёр шалтгаантай байдаг. Нэгдүгээрт шийдвэр гаргах чадваргүйг нь далимдуулж гэмт хэрэг үйлдэхээс өөр аргагүй байдалд оруулдаг. Өөрөөр хэлбэл гэнэн, итгэмтгий занг нь ашигладаг гэж ойлгож болно. Нөгөө нэг асуудал нь тэд согтуу байдаг. Тиймээс үүнийг бууруулахын тулд бодлогын төвшинд ямар нэгэн арга хэмжээг зайлшгүй авах ёстой” гэж сэтгэл зүйч М.Эрдэнэбаатар ярьж байсан юм. Мөн сүүлийн үед хувийн эмнэлгүүдээр архинд донтох өвчинтэй өсвөр насны хүүхдүүд нэмэгдсэн талаар ч учир мэдэх хүмүүс ярьж байсан юм. “Манайх хувийн эмнэлэг. Зөвхөн манай эмнэлэгт л гэхэд насанд хүрээгүй гурван хүн архинаас гарах эмчилгээ хийлгэж байгаа. Өөр бусад эмнэлэгт ямар байдгийг мэдэхгүй” гэж сэтгэл зүйч, анагаах ухааны доктор “Минесота Лайф” эмнэлгийн захирал Н.Дэмидмаа ярьж байсан юм. Архинд донтох өвчтэй хүүхдүүд илрэх нь дараах шалтгаантай юм байна. Тухайн хүүхдийн эцэг, эхийн аль нэг нь архинд донтох өвчтэй байсан бол хүүхэд нь архинд донтох өвчтэй болох магадлал өндөр байдаг ажээ. Тиймээс ч хувийн эмнэлгүүдэд хандаж, сэтгэл зүйн зөвлөгөө авах, архинаас гаргах эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүд ихэсдэг гэсэн таамаглалыг дэвшүүлж байсан юм.
Энэ бол Швед улсад архидалт газар аваад байсан үед олон нийтэд зориулж гаргасан нэгэн ухуулах хуудасны үг. Тэд нийгмийг архидалтаас гаргахын тулд шөнийн цэнгээний газрыг хааж, архины эсрэг өдрийг гаргасангүй. Зүгээр л нийгмийг хөдөлгөгч хүч болсон залуус болон сургуулийн насны багачуудад архины хор хөнөөлийн тухай мэдрүүлэхийг хүссэн байна. Дунд сургуульд архидалтаас үүдэх гэмт хэрэг, архинд донтох өвчний талаар хичээл ордог болсон ажээ. Одоо ч энэ хичээл орсон хэвээр. Үр дүнд нь залуусын дунд ихээр тархаад байсан архидалтын асуудал 10 гаруй хувиар багассан байна. Бид харин яагаад үүнийг хэрэгжүүлж болохгүй гэж худлаа, үнэн нэг өдрийг архи зардаггүй болгож байхынхаа оронд…
Хажуу тийшээгээ хоёр гурав дохигнож, нэг, нэгнээсээ барьсан хүмүүс хэсэг, хэсгээрээ гудамж даган уруудна. Араас нь харвал нэг нь унаж, унасан нэгнийгээ босгох гэсэн зарим нь ч унаж байгаа харагдав. Даанч энэ хүмүүс 40 хүрсэн эрчүүд, 30 шүргэсэн хүүхнүүд биш. Өсвөр насныхан согтуу алхацгааж явна.
"Ардын эрх" сонин