Долдугаар сарын 1-ний нууц баримтыг дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний нууц баримтыг дэлгэнэ

Төрийн ордоны хэвлэлийн танхимд өнөөдөр 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн цагдаа нартай холбоотой зарим нууц баримтыг дэлгэж тавих бололтой. Энэ хурлын зарыг Х.Тэмүүжин тараасан бөгөөд өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаан дээр энэ талаараа мэдэгдсэн билээ.

Түүнчлэн өчигдөр хурлын зараа дахин тарааж, өөрийнхөө хувийн Facebook цахим хуудсан дээрээ “эндээс нэг зүйлийг нь хараарай. Хэвлэлийн хурал дээр түлхүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гээд 2008 оны наймдугаар сарын 22-ний өдөр бичигдсэн нэгэн цагдаагийн өдрийн тэмдэглэлийн зарим хэсгээс танилцуулсан байна. Үүнийг нь хүргэвэл “д/х Мягмаржав бидний долоон цагдаагаар Эргүүл хамгаалалтын газрын подволын бие засах өрөөний суултуурыг авахуулж гурван метр орчим гүн нүх ухуулав. Тэр нүхэнд нилээн зузаан бүдүүн турба авчирч суулгаад буудлага хийж, долдугаар сарын 1-нд хэрэглэсэн буунуудын цохилуур болон бусад зүйлийг өөрчилсөн.

Нүх ухсан цагдаа нар: Ганболд, Батболд, Төмөрбаатар, Ганбаатар, Мандах, Мөнхтулга, бас Батсүх даргын хамаатан нэг цагдаа байсан. Цагдаа Мөнхтулга нөгөө турбаг Эргүүл хамгаалалтын газрын саарал өнгийн фургон машинаар Гачууртад аваачиж хаяхаар авч явсан” гэжээ.

Түүнчлэн энэ өдөр хэрэг шалгаж байгаа прокурор, бас хохирогчидтой уулзаж буй талаараа ч гишүүн дурдсан байна.

Ийнхүү хэвлэлийн хурал зарлах болсон нь өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны шийдвэртэй холбоотой. Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны дүгнэлт зөвлөмжийг УИХ-ын тогтоол хэлбэрээр дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэж “2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр галт зэвсгийн улмаас нас барсан иргэдийн ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд, айдаст автсан ард түмнээсээ төр уучлалт гуйх шийдвэр гаргаж, хуулийн байгууллагын шинэчлэл, хууль зүйн бодлогын чиглэлд дорвитой өөрчлөлт хийх зөвлөмж гарна, улстөрчдийн хувьд том сургамж боллоо гэдгээ хүлээн зөвшөөрнө” хэмээн найдаж чуулганд оруулжээ. Ингээд тогтоолыг танилцуулахдаа “Долдугаар сарын 1-ний үймээний үеэр цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн бууны суманд шархдаж, нэг хүн МАХН-ын төв байранд гавлаатай угаартаж нас барсан энэ эмгэнэлт явдал онц байдал зарласны дараа цагдаагийнхан үүрэг гүйцэтгэх явцад, цагдаагийнхан ажилласан маршрутын дагуу болсон. Тиймээс Монголын төр  иргэдийнхээ аюулгүй байдал, амь насыг хамгаалж чадаагүйнхээ төлөө иргэдээсээ уучлал гуйх нь зөв гэж үзэж төрийн нэрийн өмнөөс Ерөнхийлөгч өөрийн биеэр ард түмнээсээ уучлал гуйх нь зүйтэй” гэж.  Гэвч чуулганы хуралдаанаар “уучлалт гуйх шаардлагагүй” гэж үзэх шийдвэр гарсан, тухайн шийдвэрийг гаргах процесс УИХ-ын чуулганы тухай хуулийг зөрчсөн гэх шалтгаанаар  хэвлэлийнхэнд ийнхүү зарим баримтыг дэлгэхэд хүргэсэн нь энэ аж.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж