-УИХ-ын Сонгуулийн тухай хуулин дээр зөвшилцөх шийдлээ гаргав уу?
-Хоёр бүлгийн хооронд ойлголцох асуудал байсан учраас Сонгуулийн хууль эцэслэн батлах нь хойшлогдоод байсан. Сонгуулийн хууль батална гэсэн цаг хугацаагаа биелүүлсэнгүй гэсэн шүүмжлэл бүлгийн ахлагч нарын аль алинд нь гарсан. Харин жинхнээсээ энэ долоо хоногт Сонгуулийн хууль батлагдчих болов уу гэсэн итгэл найдвар байна. Учир нь хоёр бүлэг маргаантай асуудлуудаа зөвшилцөх тун ойртлоо.
-МАН-ын саналыг хүлээн авсан гэсэн үг үү?
-МАН-ын бүлгийн саналыг хүлээж авсан гэж ойлгож болно. Хоёр намын бүлэг аль аль нь хатуу байр суурь баримтлах нь хэцүү нөхцөлд хүргэнэ гэж урьдчилсан байдлаар тохиролцсон. Ингээд намын босгын асуудлыг 25-30 гэсэн харьцааны дундаж болгож 28 хувь болгохоор манай бүлгийнхэн тохироод байна. Учир нь Сонгуулийн хуулиа батлах нь өөрөө зайлшгүй учраас АН-ын бүлгээс уян хатан хандахаар шийдсэн. Тиймээс Сонгуулийн хуулийн асуудлаар МАН-ын бүлэг болон УИХ дахь ажлын хэсэг дээр асуудлыг шийдэх алхмуудыг өнөөдрөөс эхлэн хийгээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс энэ долоо хоногийн эцэст УИХ-ын шинэ сонгуулийн хуультай болчих болов уу. Одоо санал зөрөлдсөн асуудал үлдээгүй болохоор энэ долоо хоногтоо сонгуулийн хууль батлагдчих байх.
-Ардчилсан намын зүгээс бусад улстөрийн хүчний саналыг хуульд тусгах асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ дээр Сонгуулийн хуулийн ажееелын хэсэг байгуулагдсан цагаас эхлээд хоёр жилийн хугацаанд хэдэн хэдэн удаа парламентад суудалгүй намуудтай уулзсан. Ингээд нийт 32 санал ирүүлснээс 27-г нь хүлээж авах боломжтой гэсэн. Таван асуудал нь Үндсэн хуультай зөрчилдөх зэргээр ээдрээтэй байгаа учир хүлээж авах боломжгүй. Мөн өнгөрсөн долоо хоногт МАН-ын болон Ардчилсан намын бүлгийн ахлагчид парламентад суудалгүй намуудын удирдлагуудтай уулзсан. Миний хувьд энэ уулзалтаар байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын Сонгуулийн тухай хууль нь зөвхөн парламентад суудалтай хоёр намын асуудал биш. Ажлын хэсэгт З.Алтай, Д.Энхбат, С.Оюун гишүүн нар идэвхтэй оролцож байгаа. Тиймээс Монголын улстөрийн намуудын хамтын бүтээл болсон Сонгуулийн хууль гарна. Харин Ардчилсан намын хувьд энэ хууль 100 хувь сэтгэл ханамжтай байна гэж амлаж чадахгүй. Ардчилсан намын зүгээс анх тойрогтоо 76 мандат бүхий 100 хувь пропорциональ сонгууль явуулах санал гаргаад байсан. Гэхдээ УИХ-д Ардчилсан намын 27 суудал байдаг. Хууль гарахад 39 суудал хэрэгтэй. Тийм учраас Сонгуулийн хуулийг шударга, булхай, луйваргүй болгох 300-гаад санал хурааж, сайжирсан учир энэ хуулиа гаргах нь чухал. Монгол төрийн эрх ашгийн үүднээс бид хангалттай буулт хийсэн. Энэ хуулийг гаргахын тулд Ардчилсан нам уян хатан хандсан гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна.
-Эмэгтэйчүүдийн квотын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Сонгуульд нам эвслүүд 76 хүний нэрийн жагсаалт дэвшүүлэхээр болсон. Энэ 76 хүний 20-иос доошгүй хувь нь буюу дор хаяж 15 нь эмэгтэй нэр дэвшигч байна гэсэн хуулийн шалгуур явж байгаа. Улстөрийн намууд дотоод журмаараа квотыг шийдэж болно.
-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар зөвшилцөх шийдэлд хүрсэн үү?
-Бид нэг асуудалд шийд гаргасан. Энэ нь босго 30 байх зүйтэй гэсэн санал юм. Хоёр намын бүлгийн төвшинд босго тогтоохтой холбоотой асуудлаар 25-30 гэсэн санал зөрөлдөөнтэй байсан болохоос бусад асуудалд маргаангүй шийдэгдсэн гэж үзэж болно. Асуудлыг хоёр намын бүлэг тохиролцож чадвал Сонгуулийн хуулийг баталчихна гэж үзэж байна. Ажлаа шуурхайлмаар байна
-Санал шилжих талаар тайлбарлаач, 48-д өрсөлдөөд ялагдсаныг 28 руу шилжүүлэх юм уу, 48 өрсөлдөөд ялагдсан бол 28 руу шилжүүлэхгүй юм уу?
-Хоёр намын бүлгийн аль хэдийнэ 48/28 дээр тохирсон. Үүнд ямар нэг асуудал байхгүй. Харин намын нэрээр нэрсийн жагсаалтаар санал авахад хэдэн хүнийг яаж оруулах вэ гэдэг дээр маргаан гарсан. Ардчилсан намын бүлэг 48-аасаа шийдэх нь зүйтэй гэсэн. Өөрөөр хэлбэл, мандат дотроо багтаад хамгийн олон санал авчихсан байгаа гишүүдийг шууд УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцоод явчихна. Мандат дотроо багтаагүй, шууд сонгогдож чадаагүйг авсан саналаар нь эрэмбэлээд улсын хэмжээнд нэг том жагсаалт гаргачихна. Жишээ нь, МАН 12 хүнийг оруулж ирэх эрхтэй боллоо гэхэд 48-аасаа эрэмблээд оруулъя гэдэг юмыг хэлээд байгаа. МАН-ын бүлгийн хувьд 48-аасаа эрэмблээд явахыг зөвшөөрсөн, Гэхдээ 100 хувь эндээсээ оруулах нь учир дутагдалтай байгаа учраас 28-аас мөн оруулах ёстой. Ийм боломжийг ажлын хэсэг дээр ярих ёстой гэсэн чиглэл өгсөн. Босго тавина гэдэг 100 хувь 48-аасаа тавина гэхээсээ илүү 28 дотроосоо оруулах үүднээс босго тавьж байгаа юм.
-Бүлгийн хуралдаанаар өөр ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Сонгуулийн хуулиас гадна Нийгмийн халамжийн тухай хуулийн асуудлаар ярилцсан. Нийгмийн халамжийн тухай хуулийг жил гаруйн өмнө УИХ-аар хэлэлцээд “хэлэлцэх нь зүйтэй” гэж үзсэн. Хоёр намын бүлгийн төвшинд нийгмийн халамжийг өрхөд өгөх үү, эсвэл иргэнд нь өгөх үү гэдэгт санал нэгдэхгүй байснаас сунжирсан гэдгийг хэлж байлаа. Гэхдээ энэ хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой нэлээд хэдэн шалтгаан байгаа юм байна. Хамгийн түрүүнд Монгол Улсын ирэх оны нэгдсэн төсөвт 49 тэрбум төгрөгийн хөрөнгө нь тавигдсан, санхүүгийн эх үүсвэр нь байгаа. Мөн энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа гадаад, дотоодын олон улсын байгууллагуудтай тодорхой асуудлууд дээр хамтран ажиллахаар гэрээ хэлцлүүд байгуулсан бөгөөд Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг ирэх оны хагас хүртэл өгөөд зогсох юм. Харин үүний дараа 21 мянган төгрөгөөр амьдардаг нийгмийн эмзэг бүлгийнхний хөрөнгийн эх үүсвэр юу байх юм бэ гэдгийг шийдэх зэрэг олон хүчин зүйлүүдийг харгалзаж үзээд хуулийг батлах зайлшгүй шаардлага тулгарсан. Маргаантай асуудлуудыг ажлын хэсгээр шийдэж, нэгдсэн шийдэлд хүрэх ёстой гэж үзэж байгаа юм. Нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг хэрэгтэй байгаа өрх, иргэнд хүргэх нь гэдэгт МАН-ын гишүүд 100 хувь санал нэгдсэн.