Сонгууль явуулдаг ч юм уу, больдог ч юм уу

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Сонгууль явуулдаг ч юм уу, больдог ч юм уу

УИХ-ын дарга, гишүүд, ажлын хэсгийнхэн Сонгуулийн тухай хуулийн төслийг энэ сарын 15-ны дотор батална гэж амлацгаасан билээ. Амласан хугацаанаас ганцхан хоног л урд үлдээд байна гэсэн үг. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах ёстой, харин энэ хооронд ажлын хэсгийн нөхөд хэрхэн зөвшилцөл явуулснаас хуулийн хувь заяа шалтгаална.

Өнгөрөгч долоо хоногт хуралдсан УИХ дахь хоёр намын бүлгээс лав хол зөрүүтэй саналууд гарч, хуулийн төслийн зөвшилцлийг гацаасан билээ. Тийм байхад хуулиа хугацаанд нь гаргахаар амласан хуралдаан зохион байгуулагч /УИХ-ын дарга/ нь айл хэсээд яваад байж болдог ч юм уу, бүү мэд. Гадаадад л яваа юм гэсэн. Харин Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг энэ долоо хоногт багтааж хуулиа батлахаар ”найдаж” буйгаа өчигдөр хэлнэ лээ. Найдсан зоргоор болох уу гэдэг ч бас л асуудал болоод байгаа юм байна.

Хуулийн төсөл дээр хоёр намын бүлгийн санал зөрөлдсөн гол зүйл нь нэрсийн жагсаалтыг хэрхэн гаргах вэ, буюу хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал. Өмнө нь хэрхэн холих вэ гэдэг дээр  маргаж байсан намын бүлгүүд одоо хэрхэн жагсаахаа шийдэж чадахаа больчихоод байна. Уг нь бол нэг их математик энэ тэр ороод байхгүй, бараг л шүлсээ алган дээрээ унагаж байгаад шодоход болчих амархаан зүйл шүү дээ. Гэвч ард нь дахиад л хүний асуудал, нэр дэвших гэж байгаа нөхдийн амбиц байгаа учраас шийдэж чадахгүй гацаад байгаа хэрэг.

Ардчилсан намын бүлгийн хувьд намын жагсаалтад орох 76 дотроо тойрог руу явах 48-аа түрүүлж бичих саналыг гаргаж, 26 тойрогтоо, мандатынхаа тоогоор хуваагаад. Тэгээд араас нь нөгөө улсын хэмжээнд өрсөлдөх пропорциональ том тойргийн 28 нэр дэвшигч эрэмбээрээ өрөгдөх юм байна. Хэрвээ нам сонгуульд ялбал пропорционалиар жагссан 28 шууд УИХ-ын гишүүн болно, харин ялагдвал, эсвэл сонгогчдын 50 хувиас бага санал авбал хувь заяа бүрхэг болоод явчихаж байгаа юм. Учир нь мажоритари жижиг тойрогт өрсөлдөж байгаа нөгөө 48 нөхөр ч гэсэн хэрвээ тойрог дээрээ ялагдаад, тэгсэн хэрнээ сонгогчдынхоо 25-30 хувийн санал авчих юм бол намын жагсаалт руу гулгаж орж ирээд нөгөө 28-ын урдуур ороод суучихаж болох юм. Пропорциональ, мажоритари хоёр суудлыг хоорондоо гүйдэг байхаар хуулиа хийсний гол учир энэ. Намынхаа өмнөөс тойрог дээр очиж тулалдаж байгаа баатарлаг нөхдийг эрсдлээс хамгаалсан санаа л даа. 25-30 хувийн босго давчихвал нөхөд пропорциональ тойргийн нөхдүүдтэй өрсөлдөөд парламентын хаалгаар ороод ирнэ гэсэн үг.

Гэхдээ үүн дээр Ардчилсан намын бүлгийн гишүүд ч бас дотроо санал хуваагдаж байгаа бололтой. Гэхдээ санал гүйлгэнэ гэдэг нь бус, харин мажоритари 48-ыг жагсаалтын эхэнд оруулна гэж байгаад нь. Ажлын хэсэгт орсон тус намын нөхөд болохоор “Зүгээр нь тойрог дээр өрсөлдөж байгаа нөхдийг сонгогчдод харагдуулах, хоногшуулах зорилгоор өмнө нь тавьж байгаа юм аа. Түүнээс биш энэ чинь эрэмбэлсэн асуудал биш шүү, пропорциональ 28-ыг чинь харин эрэмбэлнэ” гэж хэлээд байгаа боловч, намын нэрээр өрөгдөх ёстой нөгөө 28-ын хувьд энэ тайлбарт нь итгэж чадахгүй байгаа юм. Тэд “Намын нэрээр өрөгдөж, намд санал чирж ирэх улс төрийн “капитал”-ууд нь эхэндээ бичигдэх ёстой. Мажоритари 48 бол яах вэ, тухайн тойрогтоо л танигдсан байх ёстой шүү дээ” хэмээн дургүйцэж байгаа. Ил хэлэхгүй байгаа ч цаагуураа бол. Үнэхээр ч ажлын хэсгийнхнээс гаргасан тэр санал нь тодорхой хэсэг нөхдөд тойрог хувааж өгчихөөд тэднийгээ л ямар ч хамаагүй аргаар гаргаж ирэх гээд байгаа намын бодлого мэтээр харагдаж байгаа билээ, нэг талаас. Гэвч нөгөө талаас Ардчилсан намын бүлэг одоо УИХ-д 27 гишүүнтэй, ирэх сонгуулиар 48 хүнд тойрог хуваана гэхээр “тойроггүй үлдэж шахагдах вий” гэдэг болгоомжлол илүү ч юм шиг. Ер нь тэгээд жагсаалтыг хэрхэн гаргах нь тухайн намын л асуудал л даа, яаж ч гаргалаа гэсэн. Гэвч тоглоомын дүрэм ижил байх ёстой гэдэг утгаараа МАН-ын бүлэг бас энэ жагсаалтыг дэмжих ёстой болчихоод байгаа юм. Харин тус намын удирдлагуудаас бүлгийн гишүүд, ажлын хэсгийнхэндээ өгсөн санал нь бүр ч жигтэй.

Ядаж л нам сонгуулийн өмнө 76 хүнээ жагсаана гэдгээ эрх биш зөвшөөрсөн байгаа юм. Харин санал хураалгасны дараа хэн нь тэр авсан саналын дотор үлдэж, парламентын гишүүн болохыг нам шийднэ гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, сонгогчид хэнд ахиу санал өгсөн нь чухал биш, Ц.Нямдоржийг УИХ-ын гишүүн болгоё оо гээд л Удирдах зөвлөлийн 21 хүн гараа өргөчихвөл гүйцэх нь л дээ. Тэгвэл одоо сонгууль явуулаад ч яадаг юм, бүү мэд. Эрх биш жагсаалт гаргасан, хүмүүс санал өгсөн гэдгээрээ л социализмын үеийн сонгуулиас ялгаатай юм биз дээ. Түүнээс биш нөгөө иргэдийн шууд сонгох эрх энэ тэрийг бүр будаа болгож байгаа хэрэг. Эсвэл үүгээрээ Сонгуулийн хуулиа Цэц дээр унагах гэсэн далд зорилго ч юм уу, ойлгогдохоо ч байлаа л даа. Ер нь тэгээд ирэх онд сонгууль явуулдаг ч юм уу, больдог ч юм билүү гэх бодолтой нөхөд энэ парламент дотор овоо олон байгаа юм шиг байна лээ. Тийм бол нэгмөсөн Назарбаев шиг бүх насаараа сонгогчдчихвол яасан юм дээ.

Нэг иймэрхүү буруу ишилсэн сүх шиг нөхөд хуулийн хугацаа дөхөх тусам хаа хамаагүй “цэцэн мэргэн” санаанууд гаргаж чулуудаад, ажлын хэсгийнхэн , намын бүлгүүд мэдсээр байж түүнийг нь тойрч хуралдаж, хэрэлдсээр Сонгуулийн хууль энэ долоо хоногт амжиж гарах эсэх нь бүрхэг болчихоод байна даа. Гараасай л билээ. Хэрвээ гаргаж чадахгүй гэж байгаа бол эртхэн шиг саналаа хураагаад шийдчихсэн нь дараа дараагийн ажлууд явахад хэрэгтэй баймаар. Бүтэн хоёр жил шахуу, гурван чуулган дамжуулан хэлэлцлээ шүү дээ, ганц хуулийн төслийг. Сонгогчид ч гэсэн “сонгууль шударга явчих гээд байна уу даа” гэж хий хоосон горь тээж, хөхөө хавтгаж байснаас сонгуулийн дараа намын дарга нар луу шидэх өндөг, помидороо цуглуулж байсан нь дээр биз. Чулуу шидэж болдоггүй юм байна лээ шүү, дахин сануулахад…

Б.СЭМҮҮН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж