130 гаруй жилийн дараах иргэншсэн нийгмийн Монгол улсад “гэрэл аслаа” гэж уулга алдах хувьтай байж. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутагт гэрэл гэгээг хүлээсэн нэгэн харанхуй гудамжны гэрэл ийнхүү ассан нь энэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод байдаг 15 мянган гэрлийн шон таваар нэмэгдсэн хэрэг. Энэ гудамж 30 гаруй жил харанхуйд “эзлэгдсэн”-ий эцэст ийнхүү гэрэл, гэгээтэй золгов. Гэрлийн чийдэн зохиогдоод анхны гэрлээ цацруулж эхэлэхэд уулга алдсан энэ үгийг бид техник, технологийн гайхалтай нээлтүүдийн эрин зуунд хэлэх хувьтай байж. Хотын төвийн энэ харанхуй гудамжинд хичнээн гэмт хэрэг үйлдэгдсэнийг хэн ч тааж мэдэхгүй. Мэдэгдэж байгаа ганц зүйл гэвэл гэрэлтэй болохоос хоёр хоногийн өмнө дунд сургуулийн сурагчид дээрэмдүүлсэн хэрэг л байна. Чухамдаа энэ харанхуй гудамжийг гэрэл гэгээтэй болгоно гэж сонгуулиар “кок” авдаг гишүүд чамгүй байсан юм. Гэвч тэд одоо өөр зүйлээр “сонгуульдахаас” аргагүй болж.
Гэрэл унтарлаа… Нөгөөх таван шон асаад нэг долоо хоногийн дараа унтраадхав. Аслаа гэж хөөрцөглөж байтал оршин суугчдыг балмагдуулсан нь энэ. Гэрэл унтарснаасаа хойш дахин нэг хоногийн дараа асах болжээ. Шөнө орсон цас гэрлийн утсанд нь нөлөөлж ийнхүү шатсан аж.
Биднийг таван шон тавьж байхаас өмнө, бүр 50 жилийн өмнө АНУ, Швед гэх улсуудад хотын төвийн бүх гудамж гэрэлтүүлэгтэй байжээ. Тэд ямар ч байсан гэмт хэрэг гарахааргүйгээр асуудлыг шийдсэн. Хэдийгээр хааяа унтардаг байсан ч гэсэн. Харин бид өнөөдөр байрны дунд таван шон тавихгүй бол болохгүй нь гэдгийг ухаарч. Ядаж байхад тэр таван шон нь 50 жилийн өмнөх түүхийг давтахыг нь яана гээч. Уг нь элдэв, янзын хөшөө босгож, зэрэмдэглэж явахын оронд харанхуй гудамжинд таван шон босгосон бол амьдралд арай нэмэртэй байхсан.
Хотын төвийн гудамжинд ийнхүү гэрэл анивалзаж байна. Тэгвэл “гэрэл” хүлээж байгаа олон арван гудамж бий. Тэнд хэзээ гэрэл асах бол. Гэрэл асахыг хүлээж байх хооронд хүчирхийлэл, дээрэм, хулгай зэрэг гэмт хэргийн тоо нэмэгдэж, иргэд хохирсон хэвээр. Тэнд хэзээ таван шон тавих бол. Хотын төвд 30 жил харанхуй байсан гудамжинд, саяхан ассан таван шон хэзээ унтрахгүйгээр асдаг болох бол. Энэ асуултын хариу хэзээ тайлагдах бол.
Уг нь энэ асуултын хариу тийм ч хэцүү биш. Өдгөөгөөс 130 гаруй жилийн тэртээ Томас Эдисон болон түүний нөхөд гэрлийн чийдэнг зохиож удалгүй зам дагуух гэрлийг 1900-аад оны эхэн үед зохиочихоод байдаг. Далайн чинад дахь улс гүрнүүд “гэрэл аслаа” гэж итгэлтэй хэлэх боломжоор 130 жилийн өмнө хангагдчихаад байтал бидний Монголчууд итгэлтэй ч хэлж чадахгүй сууна.
Моод монголоор дууснаа гэж…
"Ардын эрх" сонин