Утааг бууруулах 34 тэрбумыг бүрэн ашиглаж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Утааг бууруулах 34 тэрбумыг бүрэн ашиглаж чадахгүй

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ 34 ТЭРБУМЫГ БҮРЭН АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ

Нийслэл хотыг утаагүй болгох зорилгоор байгуулагдсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хурал өчигдөр Төрийн ордонд болж утааг бууруулах чиглэлээр хийж буй ажлуудын гүйцэтгэл, явцын талаар хэлэлцэв.

Үр дүн, явцын талаарх танилцуулгын гол үгс нь “амжихгүй боллоо”, “боломжгүй боллоо” зэрэг байв.  Үндэсний хороон дарга Д.Баттулга бухимдан “Одоо ямар гарц байна” хэмээн асууж, Хотын дарга Г.Мөнхбаяр нарын хорооны гишүүдээс “ёстой хэлж мэдэхгүй юм” хэмээн санаашран сууж байсан энэ хуралдаанаас агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах байсан 34 тэрбум төгрөгийг бүрэн ашиглаж чадахгүйгээр төсөвт буцаан тушаахаас аргагүйд хүрч буй байдал харагдаж байв.

Хуулиар бол төсвийн тодотголоор оруулсан хөрөнгийг тухайн ондоо амжиж зарцуулах ёстой. Гэвч төсөв батлагдсанаас хойш хариуцсан газар, яамд дээр зөвхөн үнэлгээний хороог л байгуулаад байгаа бөгөөд тухайн ажлыг гүйцэтгэх компанийг сонгох тендрийг зарлан явуулахад л гэхэд 30 хоног шаардлагатай гээд тооцоход энэ онд төсвөөс зардлаа гаргах боломжгүй болж буй аж.

Уг нь 2011 оны улсын төсвийн тодотголоор Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 34 тэрбум төгрөгийг төсөв батлагдаж, тодорхой төслүүдийг санхүүжүүлэхээр болсон байна. Үүнд, нэгд, Нийслэлийн засаг даргын тамгын газар дээр 150 метр квадрат хүртэл талбай халаах усан халаалттай 10 мянган ширхэг сайжруулсан зуух, 50 метр квадрат талбай халаах 30 мянган ширхэг ердийн сайжруулсан зуух, нам даралтын зуухнуудын шинэчлэл, Дэнжийн-1000 халаалтын зуухнуудыг төвлөрсөн халаалтын шугаманд холбох гээд нийт 18,05 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан.

Хоёрт, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Үнсний машин худалдан авах, агаарын бохирдлыг хянах суурин станц байгуулах гээд нийт дөрвөн тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. Гуравт, Эрдэс баялаг эрчим хүчний яаманд “ДЦС-4” ХК-ын зуухны гарах утаа, үнсийг үлэмж хэмжээгээр бууруулах технологи нэвтрүүлэхэд, “ДЦС-2” ХК-ын хагас коксон шахмал түлш хийхэд шаардагдах шилэн шингэний үйлдвэрийг барихад зарцуулах зардал, нийт 6,45 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. Дөрөв, Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд Авто тээврийн хэрэгслийн бохирдлыг шалгах, оношлох хоёр төв барих 3 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан аж.

Нэгэнт яам, нийслэлийнхэн хуулийн хугацаанд нээлттэй тендер зарлаж амжихгүй болсон тул эдгээр төслийг хэрэгжүүлэхдээ шууд гэрээ байгуулах, эсвэл хязгаарлагдмал тендер зарлах аргыг санал болгосон боловч мөн л гацаанд орчихож. Үүнийг тайлбарлавал, Сангийн яамнаас ийм байдлаар тендер зарлах зөвшөөрөл хүсэхэд нь “татгалзсан” хариу өгч энэ аргынх нь явах замыг зогсоож. Энэ талаараа ч Үндэсний хорооны хуралдаан дээр Сангийн яамны төлөөлөгчийн зүгээс тайлбар хийж “Манай яам хуулийн дагуу л ажиллана. Өөрсдөө хугацаандаа ажлаа хийгээгүй байж, агаарын бохирдлын нөхцөл байдлаар тулгалт хийн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэх зүйл боллоо гэж байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, энэ талаар хуульд ч байхгүй” гэсэн тул хуралдаан даргалагч ч шахаж үүрэгдэх аргагүй болов.

Сангийн яамнаас шууд гэрээ болон хязгаарлагдмал тендер явуулах зөвшөөрлийн өгсөн тохиолдолд хуулийн хугацаанд амжиж болох дүр зураг харагдаж буй хэдий ч дурын аж ахуй нэгжээс “Манай компани энэ төслүүдийг гүйцэтгэх сонирхолтой байсан. Нээлттэй тендер зарлаагүй нь тэгш шударга өрсөлдөх боломжийг маань хязгаарлалаа” гээд л өргөдөл гаргахад хугацаа хэмнэх биш харин ч цаг алдах эрсдэл үүсэх аж.

Үндэсний хорооны хуралдаанаар энэ асуудлаар тодорхой шийдэлд хүрэлгүй нээлттэй үлдээсэн ба хуулийн дагуу ажлаа түргэвчлэхийг л үүрэгдэв. Ийн ажлаа түргэвчлэлгүй алгуурласнаас болж багагүй зардлыг ч илүү төлөх болж буй аж. Тодруулбал, сайжруулсан зуух нийлүүлэх тооцоог хийх үед ам.долларын ханшийг 1200 төгрөгөөр тооцож байсан бол одоо ханш өсч 1350 төгрөг илүү гарч цааш өссөөр буй. Ийн тооцоход хоёр тэрбум төгрөгийг сул алджээ.
 
Мөн хуралдаанаас өөр нэг зүйл ажиглагдсан нь “Дөрвөн дугуй авахын тулд 14 гэж цохож өгдөг”-тэй адилаар төсвийн зарлын тооцоог хийхээс аргагүйд хүрдэг болжээ.

Жишээ нь, Үнс тээвэрлэх машинд 2,5 тэрбум төгрөг гэж төсөвлөгдсөн боловч үүнийг өөр зүйлд зориулах нь хэдийнэ тодорхой болжээ. Тодруулбал, УС-15-ийн байрнуудын нам даралтын зуухнуудыг буулгаж төвийн дулаанд холбоход 2,4 тэрбум төгрөг гэж буй ч үнэндээ 3,4 тэрбум төгрөг шаардлагатай. Иймд дээрх үнсний машинд хуваарилсан мөнгө ийш нь шилжинэ гэсэн үг. Түүнчлэн Дэнжийн 1000-ийг нэгдсэн дулаанд холбох зардалд 1,5 тэрбум төгрөг төсөвлөсөн ч 2 тэрбум дутах тооцоотой гэнэ. Иймд зардлын зарим хэсгийг мөн л үнсний машин энэ тэр бусад зардлаас олох бололтой.

Энэ жилийн хувьд хугацаанд хавчигдаж багагүй мөнгийг хэрэглэж чадахгүй байх нөхцөл ийн үүсээд байгааг ирэх онд давтахгүй байх учиртайг хуралдааны үеэр бүгд ийн хүлээн зөвшөөрч байв.

Ирэх онд нийт 105,579 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 15 төрлийн ажил батлагдсанаас ондоо санхүүжих нь 64,872 тэрбум төгрөг буй аж. Эдгээр ажлуудаас дурдвал, Гандангийн дэнжийн хорооллыг төвлөрсөн дулаанд холбох, газар чөлөөлөх ажлыг эхлүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобуснуудыг хийн түлшинд шилжүүлэх /400 автобус/, сайжруулсан зуухнуудыг худалдан авч нийлүүлэх, ДЦС-4-ийн сүлжээний өргөтгөлийн 1 дүгээр насосуудыг “0” төвшинд шилжүүлэх зэрэг буй аж.  

Эцэст нь Үндэсний хороон дарга Д.Баттулга “мөнгө хангалттай өгч байна. Харин ажлыг хангалттай гүйцэтгэж чадахгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хөрөнгө мөнгийг нь шийдчихсэн байхад юу болж байна” гээд хуралдааныг өндөрлүүллээ. Дараагийн хурал ирэх оны нэгдүгээр сарын 10-нд болох бөгөөд мэргэжлийнхэн агаарын бохирдлын нөхцөл байдлын дүнг танилцуулахаар болжээ.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж