”Сэтгүүлчид өөрчлөгдөх, шинэчлэгдэх хүсэлтэй байгаа нь харагдсан”

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

”Сэтгүүлчид өөрчлөгдөх, шинэчлэгдэх хүсэлтэй байгаа нь харагдсан”

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Монголын сэтгүүлчдийн XV хурал”-ын эргэн тойронд “NBS” телевизийн гүйцэтгэх захирал, Сэтгүүлчдийн эвлэлийг шинэчлэх “Шинэ үе, шинэ сэтгэлгээ”  түр хорооны гишүүн С.Наранбаатартай ярилцлаа.

Дашрамд сануулахад, өнгөрсөн бямба гаригт “Сэтгүүлчдийн XV хурал” эхэлж, ням гаригийн өглөөний 06.20 цагт санал хураалтын дүн гарснаар Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгчөөр зохиолч, сэтгүүлч Б.Галаарид, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, дэд ерөнхийлөгчөөр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Заяабат, Орон нутгийн сэтгүүлчдийн  холбооны тэргүүн Ц.Шаравдорж нар сонгогдсон билээ.
 

-Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөн­хийлөгчийн төлөө өрсөлдөөд нэгхэн саналаар ялагдсан гэж сонссон. Таныг төлөөлж тооллогод хяналт тавьсан хүн байсан уу?

-Тэгж л яриад байна. Гайхаад л сууж байна. Манай түр хорооноос тоол­логын комисст орж ажилласан хүн утсаа салгачихсан. Холбогдож чадахгүй л байна. Надад өгсөн нэг саналыг хүчин­гүй болгож байгаад ялуулсан гэсэн яриа байна. Ялалт тийм чухал хэрэгтэй байгаа юм бол одоо яая гэх вэ дээ.

-Сэтгүүлчдийн эвлэлийн ерөн­хийлөгчид нэр дэвшихдээ шийднэ гэж танилцуулсан “11 асуултыг хариултыг олно” гэсэн чинь сонирхолтой санагдсан. Тэнд цугласан 500 сэтгүүлчийн зарим өөр өөрс­дийнхөөрөө хариулт олсон байх аа. Ер нь тэнд яг хэн цугласан юм шиг танд санагдсан бэ?

-Уг нь эхэндээ 500 төлөөлөгч байсан юм аа. Сүүлдээ төлөөлөгч бус гадны хүмүүс ирсэн. Бүр арав, хориороо гадны хүмүүс нэмэгдсэн гээд л бод. Тэглээ гээд тэд үр дүнд нөлөөлж чадаагүй л дээ.

-Удирдлагуудыг сонгосон санал хураалтад голдуу гадны хүмүүс оролцсон гэж үү?

-Дор хаяж 20 хүн гэнэт гарч ирсэн. Тэр бүхнийг миний сайн таньдаг хүн зохион байгуулсан юм байна лээ. Гэхдээ саналын үр дүнд нь нөлөөлж чадаагүй хойно одоо нэрийг нь хэлэх шаардлага байхгүй.

-Гаднаас ирсэн хүмүүсийг оруулах ажлыг зохион байгуулсан гэж үү?

-Тийм. Өөрөө ч мэдэж л байгаа байх.

-Хурлын зохион байгуулалтаас болоод бас ийм сиймхий гаргах боломж олгосон байх, тийм үү. Их л замбараагүй болсон доо?

-Ер нь хүмүүсийн зан чанар нь танигдсан сайхан үйл явдал болсон. Миний хувьд анхнаасаа хурлыг ажил хэрэгч болгох саналыг тавьсан. Гэтэл сандал, ширээгээ хурдан хувааж авья гэж яарч байна гэж “орчуулсан” л даа. Түүндээ ч дөрөөлсөн. Тэгээд зогсохгүй хурлыг улам удаашруулах зорилготой ажил хийсэн. Залуусыг залхааж, гэрт нь хариулахын тулд бүхнийг сунжруулсан.

-Тантай хамт шинэчлэл ярьж байсан хүмүүс яасан бэ. Хурал дээр харагдаагүй шүү?

-Тийм ээ. Уг нь өглөө төлөөлөгчид их идэвхтэй ирцгээсэн шүү дээ.

-Тийм шүү. Хурлын уур амьсгал ч ширүүхэн шүүмжлэлээр эхэлсэн. Гэхдээ заримдаа бүр утгаа алдсан даа?

-Ямар байгууллагын хуралд суугаад байна аа гэж гайхмаар л дүр зураг харагдсан. Санал хэлэхээр хурал даргалагч нь бүртгэж авахын оронд өөдөөс хариулт хэлээд л.

-Нойр ч их хүрсэн шүү?

-Энэ бүхэн нь “санаачлагыг гартаа авсан” нөхдөд өөрсдөд нь сөргөөр нөлөөлсөн. Нэгтгээд хэлбэл, сэтгүүлчид өөр болсон байна. Албан тушаалаараа далайлгаж, айлгаж сонголтыг нь тулгадаг явдлыг хүлээж авахаа больсон байна. Энэ бол том дэвшил.

-Гэхдээ л хуучин удирдлагууд санасандаа хүрсэн юм биш үү?

-Зайлуул даа, МСНЭ-ийн хуучин удирдлагууд нэг их төлөвлөөд байсан зүйлгүй шүү дээ. Тэрнийг зүтгүүлье, тэгж хор найруулья гэсэн зорилго өвөртлөөгүй. Тэгсэн бол бүртгэлийг анхнаас нь будилаантуулах байсан юм. Гэхдээ л хурал болохын  урд шөнө бусдын хүчинд автсан. Хурлын тэргүүлэгчдийг нэг талын хүмүүсээр дүүргэсэн. Гэвч энэ бүхний тухай одоо яриад байх шаардлагагүй. Хаа ч очиход хурлын төлөөлөгчид тэр хүчинд автаагүй нь сайшаалтай юм даа. Ямар ч байсан хурлаа хийгээд удирдлагаа сольсон нь зөв.

-Ялагдчихаад гомдоллоо гэх хүмүүст хандаж та их уужуухан хариулт хэлж байна. Тэгэхээр тэрийг яриад хэрэггүй байх. Гэхдээ та 11 асуултынхаа заримынх нь хариултыг тэр хурлаас олчихсон уу?

-Ганц нэг хариулт гарч ирж байна шүү.
 
-Жишээлбэл?

-Бид хэн бэ гэдэг ч юм уу. Ер нь л онцгүйвтэр хариултууд даа.

-Эерэг юм алга уу?

-Эерэг гэвэл өөрчлөгдөх боломж нь харин ажиглагдсан. Тэр нь бид даргыг шүтэхээ больж чадах юм байна гэдэг хариулт л даа.

-Таныхаар тэгээд бид хэн бэ. Хэн болж таарав?

-Бид ирээдүйгээ өөрчлөх гэж зогсч чадсан хүмүүс. Тэрнийгээ ил гаргаж чадлаа. Түүнийгээ хийсэн үйлдэл, энэ хуралд оролцсон үр дүнгээрээ илэрхийлж чадлаа. Одоо тэрнийг нь ажил хэрэг болгох л үлдэж байна. Б.Галаарид сэтгүүлч хийх байлгүй дээ. Хурал дээр ярьсан шигээ ерөнхий зүйл хийхгүй байлгүй дээ гэж найдаж сууна. 11 асуулт гэдэг шиг барьцтай юм хийгээсэй л гэж бодож байна. Бид анхнаасаа л өөрчлөлтийг л шаардсан. Тэрний суурь нь тавигдлаа.

-Тэгвэл өөрчлөлтийн төлөө цаашид ч хамтарч ажиллах юм байна гэж ойлголоо?

-Үнэн хэрэгтээ намайг тоохгүй байх өө. Миний хувьд одоо ганцаараа хоцорсон шүү дээ. Шинэ үе, шинэ сэтгэлгээ гэж байх уу, үгүй юу гэж гайхаад л сууж байна. Одоо теле­визийнхээ ажилд анхаарлаа хандуулья даа.

-Таныг дэмжиж байсан, өөрчлөлт, шинэчлэлтийг хүсч, тэмүүлж байсан залуусын үзэл бодол өөрчлөгдөөгүй байлгүй дээ?

-Эрүүл сэтгүүл зүйн төлөө хөдөлгөөн бол хэдий хожуу гарч ирсэн ч манай түр хороог бодвол амаа ажил хэрэг болгож чаддагаа харууллаа. Энэ хурлаас нэг юм харагдлаа.

-Тэр нь юу вэ?

-Залуус угаасаа идэвх муутай нь үнэн. Гэхдээ идэвх гаргасан. Тэгсэн ч тэвчээр алдагдсан, тарсан. Харин дөчөөд насныхан илүү идэвх сайтай юм байна. Дундаасаа хүн гаргаад түүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэж чадаж байна. Гэтэл залуу үеийнхэн сэтгүүл зүйн гол ачааг үүрдэг боловч нийгмийн идэвх нь ирэх болоогүй юм байна даа л гэж харлаа.

-Таны хариулт олох гээд байсан бас нэг асуултын хариулт олдсон юм биш үү. Бидний дайсан бид өөрсдөө гэж?

-Тэр үнэний хувьтай шүү.

-Залуус хөшүүн, хойрго байна л даа. Бас хөдөө орон нутгийн төлөө­лөгчдөөс эхлээд нийт төлөө­лөгчдийн тал орчим хувийг ахмад сэтгүүлчдээс бүрдүүлсэн нь их нөлөөлсөн байх?

-Хичнээн сайн дүрэм, журам батлаад олиггүй хүн суувал энэ байгууллага улам л дордоно шүү дээ. Хаа хаанаа байдал ижилхэн байгаа байх л даа. Явья, хуралд сууя гэхээр хөдлөх залуу олон олдоогүй байх.

-Одоо түр хороо яах бол. Үүргээ биелүүлсэн гэж бодож байгаа юу?

-Түр хороо юм чинь тарсан байлгүй дээ. Хурал болохын өмнөх шөнө л тарчих шиг болсон.

-Хурлын өмнөх шөнө яг юу болсон юм бэ. Тантай хамт мөр зэрэгцээд үгээ хэлж явсан нөхөд чинь хурал дээр бараагаа ч харуулаагүй шүү?

-Нэг нэр дэвшигчийн эсрэг явж чадахгүй гэдгээ хэлсэн.

-Тэд үү?

-Манайхан. Тэд нэг хүнтэй өрсөлдөж чадахгүй гэсэн гэх юм уу даа.

-Тэр нь хэн байсан юм бэ. Ганболд, Галаарид эрхлэгчийн эсрэг явж чадахгүй гэж үү?

-Одоо нэр хэлэх шаардлага байхгүй. Бид үүргээ гүйцэтгэсэн гэж ойлгож байгаа. Худлаа, үнэн ч хагас жил хамт тэмцсэнээр 500 хүнтэй хурал хийлээ. Өөрчилье гээд ярьдаг хүмүүс нь гарч ирлээ.

-МҮОНТ-ийн захирал Ц.Оюун­дарь та хэдтэй санал нэгтэй байсан хүмүүсийн нэг биш үү. Түр хорооноос гүйцэтгэх зөвлөлд сонгогдсон хүн бий юу?

-Ганц нэг сонгогдсон хүн байгаа. Хурлын төлөвлөгөө гэж хачин бантан шиг юм  гаргасан юм байна лээ л дээ. Нууц төлөвлөгөө гэх юм уу даа. Өөрсөддөө хэт итгэчихсэн хүмүүс. Хуучин туршаад үзчихсэн арга барилдаа бардсан улсууд бүх суудлыг өөрсдийн төлөвлөснөөрөө авна гэж бодсон юм шиг байна лээ. Тиймээс ч ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны санал хураалтыг хамтад нь явуулсан. Уг нь хэн ч бодно доо. Хэрвээ би ерөнхийлөгч болж чадахгүй бол дэд ерөнхийлөгч, дэд болж чадахгүй бол гүйцэтгэх хорооны гишүүн болно ч гэдэг юм уу.

-Дэд ерөнхийлөгчийг гаргаж  ирсэн нь нууц төлөвлөгөөний нэг хэсэг мөн үү?

-Тэрнийг нь сайн мэдэхгүй. Д.Заяа­бат залуу хүний хувьд олноороо цуглаж өөрчлөлт авчирсан хурал хийхийн тө­лөө анхнаас нь явсан гэдгийг л мэдэж байгаа.

-Тэр бөөнддөг, ямар ч утга учир­гүй төлөвлөгөөг яагаад дэмжчихэв ээ?

-Харин гайхсан. Хурдхан дуусгая гэдэгт хөтлөгдөөд л дүрмийнхээ ийм маягийн заалтуудыг баталчих шиг болсон. Бөөндсөн сонгууль явуулахаар баталсан нь хурал улам сунжрах эхийг тавьсан шүү дээ. Уг нь ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүнийг мэтгэлцүүлж байх хооронд саналыг хуудсаа хэвлэчихнэ. Тэгээд санал хураалтаа 30 минутын дараа дуусгана. Тэргүүн дэдэд нэр дэвшсэн хүмүүсээс асуулт асууж байх хооронд саналын хуудсаа хэвлэнэ. Дараа нь дахиад санал хураалт явуулна гээд шөнийн 03,00 цаг гэхэд дуусгах боломж байсан. Хурлын албан ёсны төлөвлөгөө ч ийм байсан. Гэтэл гэнэт өөрчлөгдсөн. Бүхнийг дураараа шийдсэнээс ийм зүйл болсон. Цаашид хэдээс хурал эхлэх вэ гэдгийг ч нухацтай ярихгүй бол болохоо больдог юм байна лээ шүү.

-Дүрмээ хэлэлцэж байна гээд л сунжруулаад, олон хүмүүсийг залхаагаад явуулчих шиг болсон. Дүрмийг зохион байгуулалтын дараа хийх санал тавьж болоогүй юм уу?

-Тэгвэл бас болохгүй л дээ. Дар­га болж цадсан хүмүүс бүлгүүдээ аваад найрлах гээд явна. Дүрмийн өөрч­лөлтийн хувьд олонхийн сана­лыг харгалзах цөөхөн заалт л бай­сан. Үйлдвэрчний эвлэлийн чиг барим­жаатай байх уу гэдэг ч юм уу. Удирд­лагууд орон тооны байх уу гэх ч юм уу. Түүн дээрээ тогтож санал хураагаад болчих байсан юм. Гэтэл дүрмийнхээ төслөө мэдэхгүй улсууд хурал удирдчихаар чинь ийм жонхуу болохоос өөр яахав дээ.

-Уг нь үйлдвэрчний эвлэл гэж Сэтгүүлчдийн эвлэлээс тусдаа байх ёстой юм биш үү?

-Тэрнийг чинь л олонхиороо шийдэх ёстой байсан юм. Шинэ дүрмээ батласан ч өнөөдөр нэгдсэн ойлголттой хоцорсон хүн ховор байна шүү дээ. Үйлдвэрчний эвлэл байгуулвал нэгдсэн эвлэлийнхээ хажууд нь байх юм уу. Үйлдвэрчний асуудлыг нэг дэд ерөнхийлөгч нь эрхлэх юм уу яах юм, бүү мэд. Ер нь энэ гурван дэд ерөнхийлөгч нь ямар эрх үүрэгтэй, ерөнхийлөгч гэж яачихсан хүн байх юм, хэн мэдэх вэ.

-Та урьд өмнө нь ийм хуралд сууж үзсэн үү. Зохион байгуулалт, шийдвэрийг нь асуугаад байна л даа?

-Сууж, үзэж, оролцож байсан. Тэд хурал зохион байгуулж сурсан туршлагаараа үр дүнгээ гаргадаг.

-Биднээс өөр ийм замбараагүй хуралддаг газар бас байна уу?

-Манайхан тэр сценариар л явлаа шүү дээ. Хурлаа хийж чаддаг хүмүүс нь ажлаа өгнө гээд хэлчихсэн байдаг. Шинээр дарга болох гэж байгаа нь хурлынх нь тэргүүлэгч болчихсон байдаг. Тэгээд хуучин нь оролцож чадахгүй. Энэ мэтээр шинэ нь муйхарлаад байхаар ажил яваагүй л дээ.

-Одоо энэ байгууллага ямар болох бол. Яаж төсөөлж байна?

-Одоо бас л хүнээс л шалтгаална даа. Уг нь боломж нээлттэй байна. Төлөвлөгөө гаргаж байгаад сайхан ажиллах хэрэгтэй. Ганц нэг шинэ юм хийчихээд тэрэндээ цадаад явахгүй л байгаасай. Бүхэл бүтэн цогц бодлоготой ажил оролдоосой. Олон зүйл рүү үсчиж байснаас ганц л зорилт биелүүлээсэй гэж хүсч байна. Тэр нь энэ их хуваагдлыг хумиж, нэгтгэж чадаасай гэж. Хэрвээ тэгж чадах юм бол “Галаарид гуай бол аугаа хүн байна аа” гэж би хувьдаа бодно.

-Хэрэв та ерөнхийлөгчөөр сон­гогдсон бол хамгийн түрүүнд шийдэх ёстой тулгамдсан асуудлыг юу гэж харж байсан бэ?

-Бид хэдүүлээ вэ. Хэн бэ гэдгээс нь эхэлнэ дээ. Шилжилтийг эхлүүлнэ.

-Шинэчлэлтийн шилжилт үү?

-Соц нийгмийн сэтгүүл зүйгээс ардчилсан нийгмийнх рүү шилжилт хийнэ. Ингэхдээ сургалтын програм­маас авахуулаад хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүтэц зохион байгуулалтыг хүртэл гээд цогцоор нь шинэчлэлтийг хийнэ.

-Соц-оос гадна захиалгат сэтгүүл зүй дэлхийд байхгүй дээд хэмжээнд хүрчихсэн юм биш үү?

-Тэр үнэн. Өөрөөр хэлбэл, миний хэлээд байсан зургаа дахь асуултын /Бид хэний төлөө ажиллах вэ? Голланд өвчинд нэрвэгдэхгүйн тулд хамт олон 10 хүртэлх хувийг эзэмшинэ/ хариулт л даа. Сэтгүүлчид байгууллагынхаа 10 хүртэлх хувийг эзэмшинэ гэж.

-Нэг ёсны хувьцаат компани болгох нь, тийм үү?

-Тийм ч юм уу. Эсвэл өөр нэрээр ч нэрлэнэ үү мэдэхгүй. Ямар ч байсан хамт олон нь хувь эзэмшигч байж гэмээнэ даргынхаа нөлөөнөөс бага ч болов гарах боломж бүрдэнэ. Тэгэхгүй, өнөөгийнх шиг эзэн нь төрийн эрх бариад эхлэхээр соц нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг болдог. Дарга нь суудлаасаа буунгуут сөрөг хүчний үүргээ гэнэт санадаг байж болохгүй биз дээ. Сэтгүүлчдийн байгууллага гэдэг хувь хүний өмч руу халдаж, дээрэмдэнэ гэсэн үг биш. Гэхдээ идсэн уусан, хууль бусаар баяжсан нөхдийн эсрэг уриалга гаргах эрхтэй газар. Уриалгыг дэмжсэн ажил олгогчдыг урамшуулах эрх ч бий.

-Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулиар яг энэ асуудлыг нарийн хөндсөн байсан. Тэр хуулийг сэтгүүлч хүний хувьд хэрхэн хүлээн авсан бэ?

-Өмнөхөө бодвол хамаагүй дээр хууль л даа. Гэхдээ ганц нэг зүйл орхигдсон байна лээ.

-Жишээлбэл, та юу орхигдсон гэж үзэв?

-Бид сая бас Сэтгүүлчдийн эв­лэлийн дүрмэнд оруулах гээд чадаагүй. Хүмүүс чинь олон янз, өөр өөрийн зан, араншинтай. Тэднийг олонд танигдсан хүмүүс болон бусад гэж ерөнхийд нь хоёр хувааж болж байна. Олонд танигдсан гэдгийн доор соёл урлагийн одуудаас авахуулаад энэ улстөрчид чинь орж байгаа. Ийм хүмүүст хувийн нууц гэх зүйл үйлчлэх ёсгүй. Тэд нэгт, хүмүүсийн итгэлийг авч сонгогддог. Хоёрт, хүмүүст үлгэр дууриалал болох ёстой. Попын нэг од хэрнээ жил болгон айл гэр үймүүлээд хүүхдүүд өнчрүүлээд явж болохгүй биз дээ.

-Харин?

-Тэгээд явж байгаа бол тэрнийг нь мэдээлэх ёстой биз дээ. Энэ ангиллыг оруулах ёстой байсан юм. Сэтгүүлчид ажлаа хийж явахдаа өдөр тутам шахуу ийм зүйлтэй учирдаг болохоор бид мэднэ. Нэг улстөрчийн амьдардаг байрных нь тухай сурвалжлах гэхээр бусдын эрхэнд битгий халд гэж хөөдөг. Хувийн амьдрал руу нь дайрлаа гэж буруутгадаг. Үнэндээ тухайн хүн нийгэмд од байх эсэхээ өөрөө л шийддэг. Нэгэнт л ийм амьдралыг сонгосон л бол хувийн амьдралаа нуух эрх тэдэнд байх ёсгүй. Нэгэнтээ л өөрсдийнх нь сонгосон сонголт юм чинь. Тэгэхгүй, хардуулж, хянуулахгүй гэвэл эртнээс болих хэрэгтэй.

-Гадаадад олны танил хү­мүүс буруу үйлдэл хийвэл хог цэвэр­лүүлдэг, бас улстөрчдийн нууц ам­рагийг нь мэдэж байгаа бол сонирх­лын зөрчил гээд л томилгоон дээр маш чухал асуудал гэж авч үздэг. Түүгээрээ ч шийтгэдэг, шийддэг шүү дээ гэж та хэлэх гээд байна уу?

-Италийн Сильвио Берлускониг хар л даа. Доодхоо захирч чадахгүй гэж муу хэлүүлсээр байгаад л явлаа шүү дээ. Манайд болохоор авгай хүүхэн авахыг нь хүртэл заах нь ээ гээд биднийгээ л чичлээд байдаг.

-Гэхдээ манай улстөрчид тийм хууль батлахгүй л болов уу. Тэгээд ч бид өөрсдөө тэдний эсрэг нэг дуугаар дуугарах нэгдэлгүй байх шиг байна?

-Тийм учраас л Галаарид гэдэг хүн энэ олон хуваагдлыг хумих том зорилтын өмнө ирчихээд байна. Өөрөө ухамсарлаад хийвэл хэн хүнгүй алга ташаад хүлээж авна. Ингэж хэллээ гээд мангар бацаан гэж ойлговол тэр л биз. Гэхдээ энэ удаагийн хурлаар санасныг бодвол гайгүй үр дүн гарлаа гэж хэлнэ.

-Ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Л.Нарантөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж