Хугацаагүй ажил хаялт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Хугацаагүй ажил хаялт эхэллээ

Өглөөний 08.00 цагт 84-р сургууль дээр сурагчид бус багш нар нь цуглажээ. Багш нар сургууль дээрээ цагтаа ирж, харин сурагчид алга. Учир нь тэд даваа гаригаас ажил хаях учир хүүхдүүдээ хичээлдээ ирэх хэрэггүй гээд аль хэдийнэ зарлачихсан хэрэг. Энэ өдөр яг үүн шигээр нийслэлийн хэмжээнд 89 ерөнхий боловсролын сургуульд хичээл орсонгүй.

Амралтын өдөр ч юм уу, эсвэл сурагчдын ээлжийн амралт болсон ч юм шиг эл хул оргин нэг л эвгүй санагдана. Ажил хаясан “сургууль”-ийн хаалгаар хүүхдүүд оруулахгүй, орох гэж байгаа бүх хүнийг яах гэж байгааг байцаах. Багш нараас өөр хүн сургууль руу ирэх хэрэггүй гэдгийг өмнө өдөр нь зарласан учраас орж ирэх хүн ч ховор байлаа. Хүүхэд шуугисан их өргөөний эзэд ажил хаяснаар хөл хөдөлгөөн, хорио цээрийн дэглэм тогтоосон юм шиг сургууль, цэцэрлэгүүд нам гүм. Хичээлдээ яарч гүйдэг хүүхдүүд өнөөдөр томчуудын буруугаас болж хичээл завсардахад хүрээд байна. Харин энэ бүхний хариуцлагыг 2008 оны сонгуулиар цалин нэмнэ гэж амласан төр засгийн эрхмүүд хүлээх гэнэ.

84-р сургууль 140 гаруй багш, ажилчинтай. “Хүүхдүүд минь байхгүй болохоор эвгүй л байна. Гэвч бидний авч байгаа цалин хаанаа ч хүрэхгүй, төр засгийн эрхмүүд нь амлалтаа биелүүлэхгүй болохоор үүнээс өөр арга байсангүй” гэх 37 жил тасралтгүй багшилсан С.Цэрэндэжид багш хэлж байлаа. Тэрээр загнах, аргадах, хайрлахыг хослуулан 37 жилийн турш хүүхдүүдтэй ажиллаж байгаа гэнэ.  Тэрээр “Хэдийгээр цалин мөнгө хүрэлцэхгүй ч бид ажилласаар л байсан. Харин одоо болсон. Багш нар эсэргүүцэл зарлах цаг нь болсон” гэж байсан юм.
 
1995 онд гурван сар сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяж байсныг тэрээр сануулж, харин энэ удаад хэр хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй байна гэдгийг ч хэлж байсан.  1995 онд багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаясны үр дүнд анги даалт, шалгалт, дэвтэр засалт, давтлага, дугуйлан секц зэрэг илүү цагийн нэмэгдэл авдаг болсон бөгөөд 2010 онд багш нарын цалинг 30 хувиар нэмэгдэхэд мөнөөх “үр дүн”-г нь тэр чигээр устгасан гэнэ. Учир нь тухайн үед ажил хаясны дараа шийдвэр гарч дэвтэр засах, анги даалт болон илүү цагийн мөнгийг хассан учраас цалин нэмсний үр дүн гараагүй гэж багш нар онцолж байсан. Энэ удаагийн УИХ-ын баталсан төсөвт хориг тавих хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлсэн. Ямар ч хариу ирээгүй учраас ажил хаясан билээ.

 Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн багш нар хэдэн төгрөгний цалин авдгийг сонирхоод үзье. Тэдний цалин 248-340 мянган төгрөг. 340 мянган төгрөгний цалин авахын тулд та 37 жил улсад тасралтгүй багшлах ёстой юм байна. Уг ньбагш нарын үндсэн цалин 280-350 мянган төгрөг. Үүнээс шимтгэл, суутгалаа төлөөд гар дээрээ авч байгаа 248-341 мянган төгрөг юм байна. 33-р сургуулийн үйлдвэрчний эвлэлийн дарга н.Цэрэнпагма  “248 мянган төгрөгийг сард хоёр хувааж авна. Автобусны мөнгө, өргөн хэрэглээний барааны үнэ хэдэн төгрөг байгаа билээ. Тэгэхэд цалин огт нэмэгдэхгүй байсаар байна. Улстөрчид инфлияц өснө гэсэн үгээр цалин нэмэх хугацааг урагшлуулаагүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд цалин нэмээгүй байхад ч бүх зүйлийн үнэ өсчихсөн шүү дээ.  Хамгийн наад зах нь автобусны үнэ 400 төгрөг болоод багагүй хугацаа өнгөрчихсөн л байна. Цалин нэмснээр инфлияц өснө гэдэг бол тэдний өөрсдийнх нь хэлж буй худал үг шүү дээ. Авч байгаа цалин хүрэлцэхгүй, хоосон хонож байна гээд бид хийх ёстой ажлаа хаяж байгаагүй. Гэхдээ одоо болсон гэдгийг аль ч багш хэлнэ” гэж байлаа.  

Тэгвэл цэцэрлэгийн багш, ажилчдын дундаж цалин 180-351 мянган төгрөг. 25 жилээс дээш ажиллаж байж 351 мянган төгрөгний цалинд хүрдэг юм байна. Энэ мөнгө бол үндсэн цалин. Үүнээс 20 хувийн шимтгэл, нэг хувийн үйлдвэрчний эвлэл суутгал авдаг юм байна. 2010 онд багш нарын цалинг нэмэхэд цэцэрлэгийн багш нар “өртсөн”. Гэхдээ цалинг нь нэмсэн бус, хуучин авдаг байсан зэргийн нэмэгдэл, ур чадвар, ажлын үр дүн зэрэг  цалингийн нэмэгдлийг хассан байна. 122-р цэцэрлэгийн багш н.Баялаг “Цалин нэмлээ гэхэд хуучин өгдөг байсан нэмэгдлүүдээ хасчихдаг. Цэцэрлэгийн нэг ангид 25-30 хүүхэд байх ёстой атал бид өнөөдөр 50-иас дээш хүүхэд хүлээж авдаг. Хоёр хүний ажил хийгээд нэг хүний цалин авч байна. Дээрээс нь цалин багатай, ачаалал ихтэй учраас залуу багш нар ажилд орж ирэхгүй, ирсэн ч ганц хоёр сар ажиллаад хаяад явна. Нийслэлийн хүн амын суурьшлаа дагаад цэцэрлэг, сургуулийн тоог нэмэх хэрэгтэй байна. Нийслэл хүнээ даахаа больж байна гэж ярьдаг хэрнээ сургууль, цэцэрлэгийн тоог нэмдэггүй. Газар олдохгүй байна гэсэн шалтаг хэлээд суудаг. Гэтэл сургуулийн хажууд байгаа зочид буудлыг нураагаад цэцэрлэг барьж болохгүй гэж үү. Ямар ч гэсэн цалинг нэмүүлэхээс нааш бид ажиллахгүй” гэлээ.

Тэд ийнхүү гомдоллож байна. Харин цалин нэмэх хугацааг урагшлуулах гэсэн багш нарын ажил хаялтад хэн хохирч үлдэх вэ. Мэдээж хүүхдүүд бас эцэг эхчүүд. Багш нар бол “Хүүхдүүдийн хичээл завсардалтын хариуцлагыг төсөв баталсан хүмүүс нь хариуцна” гэж байсан. Багш нарын цалинг нэмэх асуудалд холбогдох яам, тамгын газрууд нь “Одоо ямар ч арга байхгүй. Нэгэнт баталсан төсөв” гэсэн хариулт өгч байгаа. Харин эцэг эхчүүд “Хэн хэнийгээ давах гэж байгаа юм шиг түмний хүүхдүүдийг хохироож байхаар хэн хэн нэгдэж суугаад яриад үзвэл дээрсэн. Нэгдэж суугаад хэлэлцэхгүй бол гэдийх нь гэдийж суусаар байтал түмний хүүхэд хохирч үлдээд байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй” гэлцэж байна. Тэдний хувьд өвлийн хүйтэнд цэцэрлэг, сургуулийн жаалуудаа ажил дээрээ дагуулаад ирэх үү, гэрт нь цоожлоод үлдээх үү гэсэн хүндхэн асуудалтай тулгараад байгаа юм. 

Өчигдрөөс эхэлсэн ажил хаялтад 87 ерөнхий боловсролын сургууль, 61 цэцэрлэг хамрагдаад байгаа бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэж, хөдөө орон нутгийн багш нар ч мөн нэгдэхээ мэдэгдээд байгаа юм байна.

Ш.Чимэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж