-Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банк 600 сая ам.долларын өрийн бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. Олон сар нам гүмхэн байсан Хөгжлийн банк яагаад гэнэтхэн ийм гэрээнд гарын үсэг зурахаар шийдэв ээ?
-Хэдийгээр олон улсын хөрөнгийн зах зээл тааламжгүй байгаа ч гадны хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсын санхүүгийн шингээх чадварыг Итали, Грек зэрэг орнуудаас илүү гэж үзсэн. Нийт 600 сая ам.доллартай тэнцэх хэмжээний өрийн бичгийг энэ арванхоёрдугаар сараас эхлээд ирэх оныг дуустал хэд хэдэн үе шаттайгаар олон улсын санхүүгийн зах зээлд арилжаална. Монгол Улс эхний ээлжийн өрийн бичгээ ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад бага хүүтэйгээр гаргаж байна гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт дээрх хөтөлбөрт гарын үсэг зурснаар эхний ээлжинд 20 сая ам.долларын бондын шилжүүлэг хийх эрх нь нээгдсэн.
-Тэр 20 сая ам.доллар Хөгжлийн банкид хэзээ орж ирэх юм бэ. Уг нь өнгөрсөн долоо хоногт ороод ирчихсэн байх ёстой байсан биз дээ?
-600 сая ам.долларын бондоос эхний 20 сая нь өнгөрсөн баасан гаригт Хөгжлийн банкинд орж ирсэн. Энэ мөнгийг “ING” гэсэн олон улсын санхүүгийн том байгууллагаас хямд өртөгтэй зээлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нь Европын холбооны ивээлд орсон Италитай адилхан хүүтэйгээр гаднаас мөнгө зээлж байна гэсэн үг. Хэдийгээр Хөгжлийн банк үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаагүй байгаа ч Засгийн газрын баталгаатайгаар олон улсын зах зээлд анхлан гарч байгаагийн хувьд энэ нь чамлалтгүй үзүүлэлт юм.
-Монголын Засгийн газар баталгаа нь болсон болохоор Хөгжлийн банкинд асар их хариуцлага ногдож байна гэж ойлгогдож байна. Гэхдээ “Хөгжлийн банк”-ыг тойрсон олны хардлага сэрдлэг байсаар л байгаа. Дээрх мөнгийг яагаад хамгийн түрүүнд төмөр замын салбарт зарцуулж байгаа юм бол гэж асуумаар байна. Өөр олон төсөл хүлээлтэд байсаар л байгаа. Ялангуяа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хүлээх хүлээлт асар их байна?
-30-40 их наядаар үнэлэгдэх бүтээн байгуулалтын төслүүдээс чухам аль нь эдийн засагт хамгийн үр өгөөжтэй вэ гэдгийг тооцож үзсэн. Бүтээн байгуулалтын суурь нь дэд бүтэц гэж үзэх юм бол төмөр замаа эхэлж тавих учиртай. Үүний дараа цахилгаан станцаа барьж, улмаар томоохон боловсруулах үйлдвэрүүд, болон орон сууцны хорооллыг барих нь зөв төлөвлөлт болно. Нөгөө талаар Засгийн газраас “Шинэ төмөр зам” төслийн эхний ээлжийн санхүүжилтийг энэ ондоо багтаан гаргахыг Хөгжлийн банкинд даалгасан учир дээрх 20 сая ам.доллараар төмөр зам барих ажлыг санхүүжүүлэх юм. Ингэснээр олон улсын зах зээл дээр уул уурхайн салбарын бүтээгдэхүүнээ борлуулж үнийн өрсөлдөөнд шууд оролцох нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. Нийтдээ таван тэрбум ам.доллар шаардагдаж байгаагаас эхний ээлжинд 55 сая ам.долларын санхүүжилтыг хийхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд төмөр зам барих ажлыг эхлүүлэх юм. Шинэ төмөр замын төслийнхөн зам барилгын ерөнхий гүйцэтгэгч нартай гэрээнүүдээ хийгээд явж байгаа, нийтдээ 30 компанийн ажлын гэрээ нь 31.8 тэрбум болж байна. Хөгжлийн банк тэдний ажлыг гүйцэтгэлээр нь хянаж санхүүжүүлэх юм.
-Дараагийн санхүүжүүлэлтээ аль салбарт, ямар төсөлд зарцуулахаар төлөвлөж байна?
-“Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Гэхдээ шууд бүгдийг нь санхүүжүүлнэ гэсэн үг биш юм. Тавьсан шаардлагуудыг хангасан, олон улсын төвшинд техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан төслүүдийг дэс дараатайгаар санхүүжүүлнэ. Ингэхдээ эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, гадаад худалдааны алдагдлыг бууруулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байрыг бий болгох үр ашигтай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх болно.
-2011онд Хөгжлийн банк уг нь 800 тэрбумын бонд гаргах ёстой байсан ч бүтээгүй. Ирэх жил энэ хэвээрээ байвал яана гэсэн эмзэглэл ч эдийн засагчид болоод олон нийтэд төрөөд байна?
-Энэ онд Хөгжлийн банкинд 800 тэрбумын бонд гаргах ёстой байсан ч үнэн. Одоогоор 300 тэрбумын бонд гаргаад байгаа. Мэдээж, энэ талдээр туршлагагүйдсэн тал бий. Харин ирэх онд 1,5 их наядын баталгаа гаргах юм. Мөн ирэх онд Хөгжлийн банкны өөрийн хөрөнгөө 33 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн. Ингэснээр Хөгжлийн банк 2012 онд 2,2 орчим их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэр босгох боломжтой болно.
"Ардын эрх" сонин