Шинэ жилийн бөөн бөөн рекламууд энд тэндгүй цацагдаж саарал манантай өдрүүдийн хүйтний эрч часхийтэл чангарахтай давхцаж банк санхүүгийн салбарт час хийсэн үзэгдлүүд өрнөж байна. Өнгөрсөн сард1335 төгрөг байсан ам.долларын ханш өдрөөс өдөр час хийн чангарсаар л. Ам.долларын эсрэг хамгийн их чангарсан валютаар өнгөрсөн жил төгрөг тодорч байсан бол өнөөдөр 49 төгрөгөөр суларчихаад байна. Хэдийгээр төв банкнаас ам.долларын ханшийг 1367 төгрөг хэмээн зарлаад байгаа ч “Найман шарга” зах болон арилжааны банкууд өчигдрийн байдлаар ам.долларыг 1391-1394 төгрөгөөр худалдаалж буй. Баярын уур амьсгалтай зэрэгцэн баяртайгаар дээшээ хөөрч буй ам.долларын ханшийн чангаралтыг Монголбанкнаас богино хугацааны үзэгдэл хэмээн тайлбарлаж байна лээ. Тус банкны Валют эдийн засгийн хэлтсийн дарга С.Болд “Валютын дотоод зах зээлийн эрэлт их байгаа. Үүнээс болоод ам.долларын эсрэг төгрөгийн ханш сулраад байна. Монголбанкны зүгээс ам.долларын ханшийн чангаралтыг барих боломжгүй. Хэдийгээр орж ирж байгаа валютын урсгал өссөн гэх үзүүлэлт харагдаж буй ч орж ирж буй цэвэр валютын хэмжээ өнгөрсөн жилээс 60 хувийн бууралттай гарсан. Энэ нь импортын хэрэглээ Монголын дотоодын зах зээлд их байна гэсэн үг. Ялангуяа авто машины импорт өссөн нь дотоодын зах зээл дэх валютын урсгалыг гадагшлуулж байна” хэмээн ярьсан. Ер нь баяр ёслолын үеэр валютын ханш чангардаг нь тогтсон үзэгдэл болоод удаж буй. Энэ нь эрэлт нийлүүлэлттэй ч холбоотой. Шинэ жил, цагаан сарын өмнөхөн валютын ханш чангардаг шалтгаан нь ажил хэргийн идэвхжлийн саруудтай давхацдагаараа онцлогтой юм. Оны сүүлийн саруудад уул уурхайн салбарын ажил зогсонги байдалд орж, жилийн эцсийнхээ ажлыг дүгнэдэг. Энэ нь гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт багасгахад нөлөөдөг байна. Тодруулбал, ам.долларын дотогшлох урсгал хумигддаг аж. Төгрөгийн эсрэг чангарч буй ам.долларын ханшийн өсөлтийг тогтоон барих боломжгүй гэдгийг Монголбанкны захирал ярина лээ. Энэ нь зах зээлийнхээ жамаар л зохицуулагдахаас өөр аргагүй гэдгийг учирласан.
Оны эхэнд нэг өрөө байр 35 сая байсан бол өнөөдөр ийм үнээр нэг өрөө байр авна гэж саналтгүй. Орон сууцны үнэ өдрөөс өдөрт хөөсөрч, зарим хүмүүсийн хөлжүүлэх “зэвсэг” болжээ. Орон сууцны эрэлт их байгаагаас үнэ өсөөд байна шүү гэдэг тайлбарыг барилгын салбарынхан хэлдэг. Үнэндээ орон сууцны үнэ өсөхөд энгийн иргэдийн хэрэгцээнээс илүү ченжүүдийн эрэлт нөлөөлж байгааг шинжээчид тайлбарлаж буй. Өмнө нь нэг хоёр өрөө байр хямдхан худалдан авч засвар хийгээд эргүүлээд өндөр үнээр зардаг байсан ченжүүд өдгөө орц, давхраар нь орон сууц худалдан авч “дарах” болсон гэнэ. Энэ нь ирэх жил үнийг өсгөж зарах гэсэн ченжүүдийн “бодлого” юм байна. Шинээр баригдаж буй барилгуудын захиалга аль хэдийнэ дуусчихдаг учир шалтгаан нь мөн л ченжүүдтэй холбоотой аж. Тэд хэд хэдээр нь байр захиалж баригдсан хойно нь өндөр үнээр эргүүлээд зардаг гэнэ лээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжвэл байрны үнэ буурна хэмээн мэргэжилтнүүд ярьдаг. Харин барилгынхан уг төслийг хүрээнд баригдах байруудыг ченжүүдээс хамгаалах бодлого баримтлахыг холбогдох яам, газруудад сануулсан байна. Тэгэхгүйгээр бага дунд орлоготой иргэд байртай болж чадахгүй шүү гэдэг анхааруулгыг ч давхар өгсөн бололтой. Барилгачдын холбооны ерөнхийлөгч “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд босох орон сууцны хорооллуудыг ченжүүдийн “савар”-т атгуулахгүйн тулд өмнө нь орон сууцанд амьдарч байгаагүй, анх удаа гэсэн шалгуур тавьж байгаа гэдгийг дуулгасан.
“Ардын хүүхэд давж болдоггүй наадам уу” гэгчээр ардын хүүхэд жип унаж болохгүй хуулийг УИХ-аар баталчихаад байгаа. Ирэх жилээс тансаг хэрэглээний жипүүдийн татварыг нэмж байгаа юм. Хэдийгээр Сангийн сайдаас импортоор орж ирж буй нийт машины зөвхөн есхөн хувьд л үнийн өсөлт нөлөөлнө хэмээн мэдэгдсэн ч сүүлийн өдрүүдэд “жип”-ны худалдаа эрс ихэссэн гэнэ. Бэлэн мөнгөтэй ченжүүд “жип”-ийг их хэмжээгээр “дарж” байгаа гэнэ лээ. Тэд хил гааль дээрээс л шууд худалдаа хийж байгаа гэсэн яриа байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс авто машины гаалийн татвар нэмэгдэхтэй холбоотойгоор ченжүүд ийнхүү машин “нөөцлөх” төлөвлөгөөг хэрэгжүүлээд эхэлчихэж. Харин тэднийг дараагийн бодлого, дараагийн “дарах” нөөц юу бол?