Москва дахин бэхлэлтэд оров

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Хаана гэдгээс нь үл хамаарч сонгууль хийсэн л бол тухайн улс оронд сүрт жагсаал тэмцэл болох нь бараг зуршил болсон өнөөгийн дэлхийн улстөрд дахин нэг тэмцлийн дөл улалзаж эхлэв үү гэлтэй. Хаа байсан Африкийн Конгоос өгсүүлээд Арабын Египетэд ч сонгуулийн дараа улстөрийн  нөхцөл байдал хурцдаж жагсаал тэмцэл гаарснаас болж хүний амь эрсдэж байлаа. Энэ нь явсаар байгаад манай хойд хөршид ирэв бололтой. Шинэ зуун гарч байх үеэс буюу 2000 онд Владимир Путиныг Оросын засаглалд гарч ирж байсан үеэс хойш Орос оронд болж байгаа хамгийн том жагсаал цуглаан болж байна гэж энэ талаар ярьцгааж байгаа юм. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол Москвад 30 гаруй мянга, Санкт-Петербургт 10 мянгаас хол давсан жагсагч гудамжинд гарч сүрт жагсаалд нэгдэж байгаа гэнэ. Нийтдээ 100 мянга хол давсан жагсагч Оросын томоохон хотуудын гудамжаар сүрт жагсаал хийжээ.

Тэд саяхан болж өнгөрсөн Оросын Төрийн Думын сонгуулиар тус улсын ерөнхийлөгч болон ерөнхий сайд нарын тэргүүлдэг “Нэгдмэл Орос” нам олонхийн санал авсныг эсэргүүцэн сонгуулийг дахин явуулахыг шаардаж байгаа юм. Харин бусад улс орнуудыг бодвол Орост болж байгаа жагсаал тэм­цэл харьцангуй тайван нөхцөл бай­далтай явагдаж байгаа аж. Оросын эрх баригчид одоогоор жагсагчдын эсрэг хүчирхийллийн хатуу арга хэлбэрийг хэрэглэхгүй байгаа гэнэ. Тэгэхдээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч байгаа ажээ. Нийслэл Москвад гэхэд 20 мянган хэв журам сахиулагчийг бэлэн байдалд оруулж, Улаанталбай зэрэг хотын зарим хэсгийг бүслэн хааж, ачааны машин гэх мэт техник хэрэгслээр гинжин хамгаалалт үүсгэхээр бэлтгэсэн байгаа юм байна.

Гэвч энэ урьдчилан сэргийлэх арга хэмжээ цаашид улам өргөжих төлөвтэй байгаа Оросын олон нийтийн жагсаал тэмцлийн цаашдын өрнөлд саад болж чадах эсэхийг одоогоор хэлэх боломжгүй байгаа юм. Оросын одоогийн эрх баригчдын хувьд сөрөг хүчин нь болж байгаа “Правое дело” намын удирдагч Борис Немцов хэлэхдээ,” Бид цаашдаа зорилгодоо хүртлээ жагсаал цуглаан хийх болно. Өнөөдрөөс (уржигдар) сөрөг хүчнийхэн нэгдэж байгаа тул чухал өдөр болж байна. Иймээс Путин энэ бүхнийг хүлээж авах л болно” гэж хэлсэн байна. Оросын эрх баригчид жагсаал цуглаан хийхийг зөвшөөрч байгаа ч цаашид жагсаал өргөжиж, урьдчилан мэдэгдээгүй үйлдэл хийвэл таслан зогсоох арга хэмжээг хатуу авна хэмээн сануулж байгаа юм. Харин сөрөг хүчний жагсагчид Зул сарын баярын өмнө буюу арванхоёрдугаар сарын 24-ний өдөр урьд өмнөхөөсөө илүү сүрт жагсаал хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Энэ зуур Оросын ерөнхийлөгч Димитрий Медведев олон нийтийн сайт Facebook дахь өөрийн цахим хуудсаар дамжуулан санаа бодлоо илэрхийлсэн байна. Тэрээр “Жагсаал цуглааны үеэр гарч байгаа уриа лоозон болон мэдэгдлүүдийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ юу ч болсон сонгуультай холбоотой хууль эрхзүйн ямар нэг гомдол саналын талаархи бүх мэдээллийг шалгах зааварчилгааг миний зүгээс өгсөн байгаа” гэжээ. Оросын ерөнхийлөгчийн энэхүү мэдээллийн хариуд олон нийтийн төлөөллөөс янз бүрийн зэмлэл болон үл итгэсэн хариуг буцаан илгээсэн гэнэ. Тухайлбал, Д.Медведевийн өгсөн зааварчилгааны дагуу сонгуулийн хороодод гарсан сонгуультай холбоотой бүхий л маргааны тухай мэдээллийг хэн шалгах талаар асууж, хэрэв засаг захиргааныхан л хяналт шалгалт хийх юм бол энэ нь хууран мэхлэлт болно гэж шүүмжилсэн байна.

Орост болж байгаа үйл явдлыг хөндлөнгөөс ажиглаж байгаа зарим гадаадын шинжээчид Оросын удирдлагууд тэр дундаа В.Путины зүгээс нөхцөл байдалд хэрхэн хандаж байгааг илүүтэй анхааран ажиглаж байгаа бололтой. Учир нь ирэх оны хавар болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн магадлал өндөртэй нэр дэвшигч нь тэр байх нь гарцаагүй. Гэтэл сүүлийн үед В.Путины хийж байгаа мэдэгдэл барууныхны эгдүүцлийг төрүүлж байгаа ажээ. Тухайлбал, тэрээр Оросын сөрөг хүчнийхний зохион байгуулж байгаа олныг хамарсан жагсаал цуглааны цаана АНУ удирдан оролцож байна гэсэн утгатай мэдэгдэл хийгээд байгаа юм. Энэ нь хоёр орны удирдлагуудын хооронд пуужингийн довтолгооноос хамгаалах системийн асуудлаас болж үүсээд байсан харилцааны цанталтыг улам ч тэлэхээр үйлдэл болсон гэж олон ажиглагч дүгнэж байгаа ажээ.

Одоогоор Орост болж байгаа жагсаал цуглааны эсрэг цагдаагийн ажилтнууд ямар нэг хүчирхийлэл гаргаагүй байгаа бөгөөд тэдний ийм итгэмээргүй дөлгөөн зан ааш гаргаж байгааг эрх баригчдын заль мэх гэж үзэх ажиглагчид байгаа гэнэ. Тэдний нэг нь одоогийн байдлыг дүгнэхдээ “Путин, Медведев нарын хувьд өнөөгийн нөхцөл байдалд хэт их буулт хийх нь бас л аюултай. Учир нь ингэвэл Оросын өнөөгийн нөхцөл байдал хяналтаас гарах эрсдэл бий. Нөгөө талаар нэгэнт чангарчихсан “боолт”-ыг хэт мушгин чангалбал тэмцэгчдийн дургүйцлийг тогтоох аргагүй болохоор байна” гэжээ.

Өчигдрөөс эхлэн өнөөгийн эрх баригчид буюу Медведев, Путин нарыг болон Төрийн Думын сонгуулиар Оросын хууль тогтоох байгууллагад 238 суудал авчихаад байгаа “Нэгдмэл Орос” намыг дэмжигчид өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэн хариу жагсаал цуглаан хийхээр болсноо мэдэгдсэн билээ. Одоо болтол найрсаг зантай хэвээрээ байгаа цагдаа хүчнийхний үйл ажиллагаа гэхээсээ илүү энэ мэт сөргөлцсөн жагсагчид л байдлыг хурцатгаж мэднэ гэж ажиглагчид эмээж байгаа аж.

Ш.Мягмар


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж