Афганистанд эмэгтэй улстөрч байх нь хэцүү юү

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Афганистанд эмэгтэй улстөрч байх нь хэцүү юү

Хабиба Сараби бол Афганистаны мужийн захирагч цорын ганц эмэгтэй. Энэ аюултай улсын хамгийн ядуу Бамиан мужийг тэрээр 2005 оноос хойш захирч байна. Эмчийн мэргэжилтэй тэрээр талибуудын захиргааны үеэр Афганистанаас гарч дүрвэн дараа нь охидыг сургахаар нууцаар буцаж ирсэн юм. Талибууд түүнийг заналхийлж байгаа ч тэрээр тэмцлээ үргэлжлүүлж байна. Эх орноо хөл дээр нь зогсоохын төлөө тэмцэж буй энэ эмэгтэйгээс Euronews агентлагийн сурвалжлагч Одре Тильв ярилцлага авчээ.

-Одре Тильв, Euronews: -Та бол Афганистанд чухал хүн. Эрчүүд давам­гайлсан нийгэмд эмэгтэй улс­төр­чийн өндөр зэрэглэлд байх нь ямар байна вэ?

-Хабиба Сараби, мужийн захи­рагч: -Би Афганистан дахь цорын ганц мужийн захирагч  эмэгтэй гэж үзвэл улс төрийн үйл ажиллагаа эрхлэх нь маш ээдрээтэй. Гэхдээ ямар ч тохиолдолд алдахгүйн тулд би алхам бүрээ хянах ёстой. Үүнийг хийж чадахгүй бол чамайг хүн бүр чичлэн заах болно.

-Еuronews: “Таны бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь охидын боловсрол. Талибийн дэглэмийн үеэр найман наснаас хойш тэдэнд боловсрол хаалттай, тэд нэрээ хүртэл бичиж чадахгүй байлаа. Одоо танай муж болон Афганистанд энэ талаар байдал мар байгаа вэ?


-Хабиба Сараби:
-Өнөөдөр охи­дын боловсролын талаар байдал мэдэгдэхүйц сайжирсан. Орон даяар бүх сурагчдын 38 хувь нь охид. Миний мужид энэ үзүүлэлт 44 хувь буюу улс орны төвшнөөс дээгүүр байна.”

-Еuronews: -Эмэгтэйчүүдийн амьд­­ралын нөхцөл нь зөвхөн боловс­рол гэхгүйгээр хүнд байгаа. Хүчээр гэрлүүлэх, эмэгтэйчүүдийг чулуугаар шидлэн хөнөөх зэрэг хүчирхийлэл байна. Энд ямар нэгэн сайжирсан ахиц гарч байна уу?

-Хабиба Сараби:
-Ажил үйлс 2001 оноос улам бүр сайжирч байгаа.  Гэхдээ эмэгтэйчүүдэд гаргах хүчирхийлэл ноцтой асуудал хэвээр байна. Тэр нь ихэнхдээ боловсролгүй, ядуу байгаагаас үүдэлтэй. Бас нэг асуудал нь эмэгтэйчүүд өөрсдийн эрхийг мэдэхгүй байгаа нь. Эмэгтэйчүүдэд хүчирхийлэл гаргах гол үндсэн шалтгаан нь ийм байна.

-Еuronews: -Танай Бамиан Афга­ны хамгийн ядуу мужийн нэг. Энд цахилгаан эрчим хүч, ус дамжуулах шугам бараг байхгүй. Маш муу замтай, үхлийн төвшин өндөр байна. Үүнийг өөрчлөхийн тулд та юу хийж байна вэ?

-Хабиба Сараби: -Бамиан бөглүү, таслагдсан муж. Тиймээс миний ажлын гол чиглэл бол зам, харилцааг сайжруулах. Зам л бидний боловсрол, эрүүлийг хамгаалах, эдийн засгийг хөгжүүлэх гол хүчин зүйл юм. Бас нэг чухал сэдэв бол үндэсний хүрээлэн. Манай мужийн нуурнууд бол улс орны маань анхны үндэсний хүрээлэн. Тэгээд ч бид үүнийг хөгжүүлэх мөнгө хөрөнгө улсаасаа авч чадсан.

-Еuronews: -Дайн эхэлснээс хойш 10 жил өнгөрлөө. Афганистанд аюулгүй байдал тогтож байна уу?

-Хабиба Сараби: -Үнэнийг хэлэхэд Афганистаныг аюулгүй гэж нэрлэж болохгүй… Арван жилийн өмнө биш юм аа гэхэд өмнө нь хамаагүй дээр байсан. Зургаа, долоон жилийн өмнө өнөөдрөөс хамаагүй дээр байлаа. Гэхдээ олон улсын хамтын нийгэмлэгийн буянаар бид ямар нэгэн зүйл хийж чадна гэдэгт би итгэлтэй байдаг. Энхийн үйлс үргэлжилж байна.

-Еuronews: -Хэлж ярьж байсныхаа дагуу гурван жилийн дотор гадаадын цэргийнхэн Афганистанаас гарах уу гэдэг талаар таны бодол… Бүтэх болов уу?

-Хабиба Сараби: -Бүтнэ. Энэ бод­лого, хөтөлбөр нь олон улсын хам­тын нийгэмлэгийн төлөвлөснөөр хэрэг­жинэ. Гэхдээ үүний зэрэгцээ би­дэнд дэмжлэг хэрэгтэй. Нэн ялангуяа, Афганистаны Үндэсний арми, Үндэс­ний цагдааг сургах хэрэгтэй байна. Мөн тэднийг өөрийгөө хамгаалж ча­дахаар сайн зэвсэглэх хэрэгтэй. Олон улсын хамтын нийгэмлэг биднийг бүрэн орхихгүй гэдэгт би итгэж байна. Тиймээс ч ард түмний амьдралыг сайжруулах бидний тэмцэлд туслан Афганистаныг тогтвортой улс болтол  зарим мэргэжилтнүүд Афганистаны Засгийн газартай, афган түмэнтэй үлдэнэ гэдэгт би итгэлтэй байна.”

-Еuronews: -Хатагтай Сараби танаас талибуудтай хэлэлцээр хийх хэрэгтэй юу гэж асуух гэсэн юм?

-Хабиба Сараби: -Хэнтэй нь яриа хэлцэл явуулах, хааш нь хандах хаяг талибуудад алга. Жишээлбэл, мулла Омар хаана  байна? Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдэгдэл хийгээд шуугиан гаргадаг. Гэхдээ талибуудын илгээлт тодорхойгүй учраас асуудлын эх сурвалж гэдэг утгаар нь Пакистанд хандах нь дээр болов уу.

-Еuronews: -Тэгвэл та талибуудтай хэлэлцээр хийхийг дэмжихгүй байгаа хэрэг үү?

Хабиба Сараби: –Үгүй, дэмжихгүй байна.

-Еuronews: -Хатагтай захирагч аа, авлигын хэрэгт нэлээдгүй холбодог мөн гурав дахь удаагаа засагт үлдэх сонирхолтой гэж ярьдаг ерөнхийлөгч Карзай таныг томилсон. Түүнээс зай барих ёстой гэсэн мэдрэмж танд төрдөг үү?

-Хабиба Сараби: -Хэзээ ч үгүй шүү. Учир нь би бол Афганы Засгийн газрын хэсэг нь юм. Бид энэ улсад өөрчлөлт хийх ёстой. Хэрэв хүн бүр л зай бариад эхэлбэл хэн ажил хийх болж байна? Афганистаны Засгийн газарт авлига байж болох юм. Харин бид түүнийг арилгаж, алдаагаа давтахгүй байх нь чухал. Ерөнхийлөгч Карзай өөрөө гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа эдлэхгүй гэдгээ хэлсэн байгаа. Түүгээр ч барахгүй гурав дахь удаагаа нэр дэвших хуулийн эрх түүнд байхгүй.

-Еuronews: -Системд нь ажиллаж байгаа хүмүүс түүнийг өөрчлөхөөр хүснэ гэж үү?
-Хабиба Сараби: -Бүгд л өөр өөр байр суурьтай, өөрсдийн гэсэн санаа бодолтой байгаа биз. Хүмүүс өөрсдөө өөрчлөлт хүсч, афган түмэндээ тус­лахын тулд сайн системийг байгуулахыг хүсч байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж