“HP” 1,2 тэрбумаар “Palm”-ыг худалдан авна

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

“HP” 1,2 тэрбумаар “Palm”-ыг худалдан авна

Смартфөүн гэхээсээ илүү компьютер, лэптоп, принтерээрээ алдартай “Hewlett-Packard” компани сүүлийн үед хүнд байдалд ороод буй смартфөүн үйлдвэрлэгч “Palm” компанийг 1.2 тэрбум ам.доллараар худалдан авахаар болжээ. “Palm” компанийн бирж дээрх хувьцааны үнэ 4.64 ам.доллар байсан бөгөөд “HP” энэ үнээс 23 хувиар илүү буюу хувьцаа нэг бүрийг 5.70 ам.доллараар үнэлж, тус компанийг эгнээндээ нэгтгэх болсон байна.

Энэхүү мэдээллийг хийсний дараа “Palm”-ын хувьцааны үнэ огцом 28 хувиар өссөн бол “HP”-гийнх нэг хүрэхгүй хувиар буурчээ.

Сэтгүүлчид, шинжээчдийг хамруулсан хэвлэлийн бага хурлын үеэр “HP” компанийн дэд ерөнхийлөгч Тодд Брэдли “Palm-ын санаачилж, шинэчлэн сайжруулсан үйлдлийн систем нь HP компанийн мобайл зах зээлээ өргөжүүлэхэд үр өгөөжөө өгч, HP компани цор ганц, өвөрмөц зөөврийн хэрэгсэл шинээр бүтээж, хөгжүүлэхэд ихээхэн нэмэр болно. HP болон Palm нар цаашид хамтран хүчирхэг хамтын ажиллагааг бий болгож чадна. Palm инженерийн тал дээр үнэхээр авьяаслаг багийг бүрдүүлж чадсан. Одоогоор хүнд байдалд орсон байгаа учир биднийг багагүй ажил хүлээж байна” гэжээ.

“Palm” компаниас ихээхэн найдлага тавьж байсан Pre болон Pixi загварын смартфөүн зах зээлд байр сууриа эзэлж чадаагүй учир компанийн ирээдүй бүрхэж, сүүлийн хэдэн сарын турш компанийг худалдан авах эзнийг хайж байсан юм. “HP”-гийн наймааны гэрээ эцсийн байдлаар долдугаар сард бүрэн дуусах бөгөөд тэр хүртэл “Palm” компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Жон Рубинштайн компанийг удирдах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж