Египетэд цэргийн ардчиллыг санал болгож байна

Хуучирсан мэдээ: 2011.12.13-нд нийтлэгдсэн

Египетэд цэргийн ардчиллыг санал болгож байна

Египетийн цэргийнхэн шинэ Үндсэн хууль боловсруулах ажил болон ирээдүйн парламентын ажиллагааг хатуу хяналтад авна гэдгээ батлан хэлэв.

Үүний тулд тэд тусгай алба байгуулна гэлээ. Эрх барьж байгаа Зэвсэгт хүчний Дээд зөвлөлийн төлөөлөгч мэдэгдэхдээ парламентын сонгуулийн эхний шатанд исламистууд амжилттай байсан нь бүх нийгмийн санаа бодлыг илэрхийлэхгүй бөгөөд  хүн амын олон бүлэглэлийн ашиг сонирхлыг төлөөлөхгүй гэсэн байна.

Өмнө нь парламент ажилдаа оронгуут генералуудыг улс төрийн тавцнаас зайлахыг шаардаж байсан “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхөн үүнээс үүдэж армийнтай сөргөлдөөн үүсгэж магадгүй юм. ”Бүрэн хэмжээний улс төрийн үйл явдал Египетэд тогтоогүй байна. Ийм нөхцөлд сонгогдсон парламент нь бүх египетчүүдийг төлөөлж чадахгүй” хэмээн Египетийн бүгд найрамдах улсын Батлан хамгаалах яамны орлогч сайд генерал Мухтар аль-Мулла барууны сэтгүүлчдэд зориулсан тусгай хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Цэргийнхний үзсэнээр хүн амын олон бүлгийн тухайлбал, ажилчид, фермерүүд, инженер болон эмч нарын төлөөлөл парламентад байхгүй ажээ.

Шашны намууд өөрийн талынх­ныхаа зохион байгуулалт, сахилга батын дагуу парламентад сонгосноос биш олон нийтийн өргөн дэмжлэг аваагүй гэж генерал хэлсэн байна. Египетчүүдийн олонх исламистууд нэн ялангуяа хэт консерватив салафитийн захиргааг хүсэхгүй байгаа хэмээн тэрээр онцолжээ. “Египетчүүд өөрсдийн сонирхол болон эдийн засаг, аюулгүй байдал мөн олон улсын харилцаандаа заналхийлэх хүмүүсийг сонголоо гэж та нар бодож байна гэж үү?” хэмээн аль-Мулла хэлсэн байна.

Парламентын сонгуулийн эхний шатанд исламын “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний үндсэн дээр байгуулагдсан Эрх чөлөө ба шударга ёсны нам жагсаалтаар 37 хувийн санал авчээ. Үүний хажуугаар энэ намын нэр дэвшигчид нэг мандаттай 54 тойргын 36-д нь ялалт байгуулсан байна.

Цэргийнхэн сонгуулийн ямар ч дүнг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна, учир нь парламентын ямар ч бүтэц шинэ Үндсэн хууль батлахад нөлөөлөхгүй  гэдгийг генерал  аль-Мулла  ойлгуулах гэлээ. Үүнтэй холбогдуулан парламен­таар Үндсэн хуулийн 100 хүнтэй ко­мисс байгуулуулах гэсэн өмнөх төлөвлөгөөнөөс цэргийнхэн татгалзжээ. “New York Times” сонин мэдээлснээр, үүний оронд цэргийнхэн намуудын төлөөлөл, сэхээтнүүд, уран бүтээлчдээс бүрэлдсэн иргэний ажиллах зөвлөлийг байгуулах бөгөөд уг зөвлөл нь шинэ Үндсэн хууль боловсруулагчдыг сонгоно. Дараа нь тэр зөвлөл нь Зэвсэгт хүчний Дээд зөвлөлийг парламентад төлөөлөх ажээ.

Генералын хэлсэн бас нэг сонирхолтой зүйл нь цаг хугацаа хангалттай байхгүй учраас шинэ Үндсэн хуулийг боловсруулахдаа хуучныг үндэс болгон дээр нь нэмэлт өөрчлөлт хийнэ гэсэн байна. Хуучин Үндсэн хууль нь нэг намд зориулагдсан, засаглалын тодорхой хуваарилалтгүй, шүүхийн бие даасан байдлыг баталгаажуулаагүй ч ер нь муугүй баримт гэж Зэвсэгт хүчний Дээд зөвлөл үзээд ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тавдугаар бүлэгт үндсэн өөрчлөлт хийнэ гэсэн байв.

Тусгай хэвлэлийн бага хуралд зөвхөн америк ба британи сэтгүүлчид оролцсон. Ийм маягаар Зэвсэгт хүч­ний Дээд зөвлөл өөрсдийн байр суу­рийг АНУ-д таниулан чиг хандлагаа чангаруулахдаа тэдний зүгээс зөвшөө­рөл авахыг хүсч байгаа бололтой. Учир нь Каир болон бусад хотуудад эсэргүүцэл гарахад Вашингтон цэргийнхэнд хандан нэн даруй эрх мэдлийг иргэний хөдөлгөөний лиерүүдэд дамжуулахыг уриалсан юм.

Сонгуулийн ялалтаа бүрэн дүүрэн ашиглах гэсэн “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний зүгээс эсэргүүцэл гарч болох талтай нь аюул үүсгэж магадгүй юм. Тэд өнөөг хүртэл либерал намууд ба хувьсгалт хөдөлгөөний гаргасан цэргийнхний эсрэг эсэргүүцэлд оролцоогүй бөгөөд цэргийнхнээс засгаа авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ Зэвсэгт хүчний Дээд зөвлөлийн сүүлчийн мэдэгдэл тэдний хандлагыг өөрчилж магадгүй байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж