Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг гардуулна

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг гардуулна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж, хүүхдүүд өвлийн өвгөнөөс бэлгээ авч, эцэг эхийн хамт нэг өдрийг баяр хөөртэй өнгөрүүлдэг билээ. Тэгвэл, бямба гаригт буюу арванхоёрдугаар сарын 10-нд хөгжлийн бэрхшээлтэй 150 гаруй хүүхэд эцэг эхийн хамт оролцсон “Цастай инээд” баярын арга хэмжээг Монгол-Япон төв дээр зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд МУГЖ С.Батсүх, СТА Ж.Алтанцэцэг, “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин А.Алтангэрэл, “Тусгай салаа” киноны Сүлд буюу жүжигчин А.Алтанхуяг, “Universe Best Songs” наадмын шилдэг 25 оролцогчийн нэг Х.Соёмбо, “Модерн цирк”-ийн уран нугараач охид, “Жонон” хамтлаг, Хилийн цэргийн ансемблийн бүжигчид, хөгжим бүжгийн коллежийн оюутнууд оролцож, ая дуугаа өргөсөн юм. Мөн СТА Ж.Алтанцэцэг хүүхдийн дууны “Хүүхэд насны дурсамж” СD-гээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэглэв.

Түүнчлэн тус холбооноос баярт оролцох боломжгүй байнгын асаргаа шаардлагатай 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрээр бэлэг болон живх тарааж үйлчилдэг бөгөөд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулийн 80 хүүхдэд бэлгийг энэ долоон хоногт гардуулах ажээ. Энэхүү үйл ажиллагааг Миг даатгал ХХК, ЭХБУТ ХК, “Ерөө Болд Төмөр” ХХК-ийн менежер Х.Гантөмөр, MG Хоспитал ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ууганбаяр, “Пи Ви Эй Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Гансүх нар ивээн тэтгэж явуулж байгаа юм байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж