Өнгөрсөн зун гол тоглогч К.Роналдог Испани руу явуулснаар 2008-2009 оны улирлын хувьд үдсэн Английн алдарт Манчестер Юнайтед клуб амжилт нь буурах болов уу хэмээн олон мэргэжилтнүүд тааварлаж байсан. Гэвч тэд өнөөдрийг хүртэл Англи төдийгүй Европын тавцанд амжилтаа хадгалсан хэвээр явна. Английн премьер лигт тэргүүн байр булаацалдаж байгаа бол Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтод АС Миланыг хожиж одоо хариу тоглолтоо нутаг дээрээ хийхээр бэлдэж байна. Харин өчигдөр тэд энэ улирлын анхны цомоо гардан авлаа. 2003 оноос хойш Карлинг Цом хэмээн нэрийдэх болсон энэхүү лигт 92 клуб өрсөлддөгөөс гадна Маню өнгөрсөн жил мөн түрүүлээд байсан юм. Энэ улирал Улаан чөтгөрүүд өнгөрсөн хугацаанд Тотенхэм, Манчестер Сити багийг буулган авч финалд үлдээд байсан бол, тэдэнтэй аваргын цом булаалдсан Астон Вилла Сандерланд, Портсмут, Блэкбөрн багийг хожиж энэ шатанд үлджээ. Ингээд английн алдарт Вемблей цэнгэлдэхэд тоглолт эхэлж ердөө 5 дахь минутанд 16 метрийн талбай дотор алдаа гарсанаар Милнер торгуулийн цохилтыг гүйцэтгэж, тэргүүллийг багтаа авчирчээ. Гэвч Английн алтан жаал хочит Майкл Оуэн тэмцээний гоолыг авчирч багийнхаа сүүлийн 2 тоглолтод гоол хийжээ. Харин түүнтэй сэлгэж орж ирсэн Рүүни хожлын гоолыг 74 дэх минутанд хийж багаа ялалтанд хүргэлээ. Өмнө нь премьер лигт энэ 2 баг таарахад Астон Вилла 1:0 харьцаатай хожиж байлаа. Тоглолтыг Английн шигшээгийн дасгалжуулагч Фабио Капелло үзэж сонирхсон ч шигшээгийн гол тоглолгчдын нэг Майкл Оуэн гуяндаа гэмтэл авч тоглолтыг орхисон нь түүний урмыг хугалсан биз ээ. Харин эсрэгээрээ Рүүни энэ улирлын 28 дах гоолоо оруулж, гялалзаж байна.
“Score” studio. Б.Батсайхан