Цагдаа, ар гэрийнхний холбооноос 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр бэртэж, гэмтсэн цагдаа нарын эрх ашгийг хамгаалах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны тэргүүн н.Алтангэрэл “Долдугаар сарын 1”-ний хэрэг цагдаа нарын нэр хүндийг унагаж байна” хэмээж байв. Тэд нийслэлийн Прокурорын газар, УЕПГ-т хандан гурван удаа, харин иргэдийн зүгээс хоёр удаа хүсэлт хүргүүлсэн ч нааштай хариу ирүүлээгүй учир УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдийг долдугаар сарын 1-ний үймээний үеэр гэмтсэн цагдаа нарын асуудлыг анхааралдаа авахыг хүссэн аж. Хүсэлтэд үймээний үеэр ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаа нарын эмчилгээний зардлыг олгох, үймээн самууныг зохион байгуулж, өдөөн турхирсан хүмүүсийн хэргийг сэргээн шалгах тухай багтсан байна. Гэтэл тодорхой хариу өгөхгүй байгааг эсэргүүцэж байна гэсэн юм. Цагдаагийн удирдлагуудыг шалгасан хэрнээ үймээнийг зохион байгуулсан, өдөөн турхирсан хүмүүсийг шалгахгүй, хариуцлага тооцохгүй байгаад тэд бухимдалтай байгаа аж. Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаж дууссан. Үймээний үеэр амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн хавтаст хэрэгтэй танилцаж дууссан бөгөөд цагдаагийн удирдлагууд хэрэгтэйгээ танилцаж буй. Тэднийг хэрэгтэйгээ танилцаж дууссаны дараа Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэх юм.
С.Отгон