Монголын хөрөнгийн зах зээлээр сонин юутай?

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн зах зээлээр сонин юутай?

Монголын хөрөнгийн биржээр сонин сайхан юу байна? Өнгөрсөн сард тус биржээр нэлээд үйл явдал далдхан өрнөсөн бол ирэх өдрүүдэд Монголын хөрөнгийн зах зээл, Монголын хөрөнгийн биржээр үйл явдал ихтэй байх бололтой. Монголын хөрөнгийн биржид Лондонгийн хөрөнгийн биржийн мэргэжилтэн зочлох тов нэгэнтээ гарчээ. Зочин маань монголчуудтай ажил хэргийн уулзалт өрнүүлж, туршлагаасаа хуваалцах гэнэ. Тэгвэл Монголын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохоор үнэт цаасаа гаргасан зарим компаниудын үйл ажиллагаатай холбоотой цөөнгүй үйл явдал болох тов хэдийнэ тодорчээ. Ингээд тус салбарт болж буй сайн, муу олон мэдээг тоймлон хүргэе.

Дуудлага арилжаа зохион байгуулна

Баянзүрх дүүргийн шүүхийн  шийдвэрийн дагуу  "Баялаг Налайх" ХК-ийн 99800 ширхэг хувьцааг Үнэт цаасны арилжааны журмын дагуу сүүлийн  зургаан сарын хамгийн дээд ханш болох 1737 төгрөгөөр зарах үнэт цаасны багцын дуудлага арилжааг арванхоёрдугаар сарын 15-нд буюу ирэх пүрэв гаригт зохион байгуулна.
Лондонгийн хөрөнгийн биржийн захирал Трейси Пиерс Монголд ирнэ

Лондонгийн хөрөнгийн бирж /ЛХБ/-ийн хувьцааны анхдагч зах зээл хариуцсан захирал Трейси Пиерс Монголын хөрөнгийн биржийн урилгаар Монголд ирсэн байна. Тэрбээр маргааш, нөгөөдөр хоёр өдөр Монголд ажиллах бөгөөд энэ хугацаанд Трейси Пиерс Төрийн өмчийн хороо, "Багануур" ХК, "АПУ" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, МХБ зэрэг байгууллагуудтай ажил хэргийн уулзалт хийхээс гадна Лондонгийн хөрөнгийн биржийн баг Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар сэтгүүлчдэд ярилцлага өгөх юм байна.

“Жол” ХК-ийн хувьцааг бүртгэлээс хаслаа

Санхүүгийн зохицуулах хорооны болон Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын тушаал, "Жол" ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн "Жол" ХК-ийн гаргасан нийт 79,545 ширхэг хувьцааг Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлээс хассан байна

Танилцуулах уулзалт болов

Арилжаа, төлбөр тооцооны системд хийгдэх бүтцийн өөрчлөлтүүдийн талаар танилцуулах уулзалтыг нийт гишүүн компаниудын брокер, дилерүүдэд зориулан 2011 оны арванхоёрдугаар сарын 3-нд зохион байгуулсан байна.

“Ремикон” ХК-ийн хувьцааг нэмж бүртгэжээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор "Ремикон" ХК-ийн хаалттай хүрээнд нэмж гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 39,460,000 /гучин есөн сая дөрвөн зуун жаран мянга/ ширхэг хувьцааг бүртгэсэн байна. Мөн хорооны тогтоолоор нэмж гаргаж буй хувьцааг хаалттай хүрээнд санал болгох доод үнийг 190 төгрөг байхаар тогтоожээ.

Ж.Гэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж