Европын холбоо оршин тогтнох сүүлчийн “найдвар”

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Европын холбоо оршин тогтнох сүүлчийн “найдвар”

Евро бүсийн өрийн хямрал болон түүнээс
үүдсэн санхүүгийн тогтворгүй байдлыг шийдвэрлэх Европын холбооны
тэргүүлэгчдийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн долоо хоногт болж
өнгөрсөн билээ. Европын холбоо оршин тогтнох хамгийн сүүлчийн “найдвар”
нь уулзалтын үр дүн байх болно хэмээн олон улсын эдийн засгийн
мэргэжилтнүүд, шинжээчид тодорхойлж байв. Арав гаруй цаг үргэлжилсэн тус
уулзалтаас гарсан хамгийн тодорхой шийдвэр бол Европын холбооны гишүүн
орнууд Төсөв-татварын холбооны хэлэлцээрт шинэчлэл хийхээр зөвшилцөлд
хүрсэн явдал байлаа. Европын холбооны гишүүн 17 улс 1992 онд
Төсөв-татварын холбооны Маастрахитын зөвшилцлийг байгуулж байжээ. Энэхүү
зөвшилцлийн шинэчлэл, дүрэм журмыг чангатгах төлөвлөгөө боловсруулах
нэгдсэн саналд хүрэх гэж багагүй хугацаа зарцуулсан Герман болон Францын
тэргүүн нарыг “Меркози” гэж хүртэл нэрийдэх болсон байна.        

Европын орнууд Маастрихтын зөвшилцлийн дагуу “Засгийн газрын төсөв
дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиас илүү давахгүй байх” ,
“Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй
байх” журмыг хатуу чанга мөрдөхөд хүрч байна. Хэрэв Еврокомисс эдгээр
журмыг зөрчсөнийг тогтоосон тохиолдолд шууд эдийн засгийн хориг
тавих юм. Төсөв-татварын холбооны  гишүүн 2-3 орны саналаар энэхүү
хоригийг цуцлах боломжтой аж. Энэхүү зөвшилцлийн шинэчлэгдсэн хувилбарыг
2012 оны гуравдугаар сар гэхэд бэлэн болгохоор төлөвлөжээ. 

Харин энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар гол зорилгын нэг байсан
Лиссабоны хэлэлцээрийг шинэчлэх явцыг шийдэж чадсангүй. Учир нь Их
Британи улс банк, даатгал болон хөрөнгийн биржүүдийн санхүүг хянан
шалгах европын агентлагуудаар өөрсдийнхөө компаниудыг хянуулахгүй гэсэн
шаардлага бүхий байр сууриа илэрхийлсэн байна. Энэ тухай Францын
Ерөнхийлөгч Николя Саркози “Холбооны гишүүний бүрэн эрхийг эдлэх ч ямар
нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй гэсэнтэй утга нэг” гээд Лондоны
шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ.

Евро бүсийн санхүүг тогтворжуулах богино хугацааны төлөвлөгөөний тухайд
гэвэл Европын холбооны тэргүүлэгчид Олон улсын валютын санд 200 тэрбум
еврогийн нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэв. Мөн тус төлөвлөгөөний
дагуу Европын тогтворгүй байдлын механизм санг 2013 онд бус ирэх оноос
эхлүүлэхээр болжээ. Эдийн засгаа тогтвортой байлгах үүднээс гишүүн
орнууд тус санг байгуулж, 500 сая еврогийн хөрөнгө босгохоор төлөвлөсөн
аж. Харин Европын холбооны тэргүүлэгчид энэ удаад урт хугацааны евро
бонд гаргах нь  өрийн хямралаас гарахад төдийлөн нөлөөлөхгүй гэж үзсэн
бололтой.  Хэрэв евро бондыг гаргасан тохиолдолд санхүүгийн бүхий л
эрсдэлүүдийг Берлин дангаар үүрэх нь лавтай. “Lloyds Bank”-ны шинжээчид
Герман дангаар бусад улсад баталгаа гаргаж, Европын нэгдсэн бонд
гаргахыг зөвшөөрөхгүй нь тодорхой болж байгаа тул бондын зах зээлийн
өгөөж өсөхгүй хэмээн таамаглаж байжээ.

“Standard & Poor"s” агентлагаас евро бүсийн 15 орноос гадна Европын
төв банкны рейтингийг буруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ. Энэ
асуудлыг тус агентлаг нь 90 хоногийн дотор авч хэлэлцэх аж.  Үүний
улмаас Европын төв банк нь Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын
өмнө өрийн хямралтай тэмцэх онц арга хэмжээ авах төлөвлөгөөгөө мэдэгдсэн
юм. Арилжааны банкуудад зориулсан зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх, евро
бүсийн  орнуудын  үнэт цаасыг  ихээр  худалдан  авахаар  зэхэж  байна.  

Э.Од

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж