Ерөнхийлөгчийн боловсролын санаачилгыг НҮБ дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн боловсролын санаачилгыг НҮБ дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар өнөөдөр Доха хотноо уулзлаа. Монгол Улсын НҮБ-д гишүүнээр элссэнээс хойшхи 50 жилийн хугацаанд Монгол Улсын хүрсэн үр дүнд сэтгэл ханамжтай байдгаа Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нар харилцан илэрхийлэв.

Монгол Улс, НҮБ хамтран  Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвийг Улаанбаатар хотноо нээх талаар харилцан тохирсон бөгөөд, энэхүү  үйл ажиллагааг эхлүүлэх талаар  ажиллаж байгаагаа хоёр тал дахин нотлов.

“Энэ оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганы үеэр манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүрээнд ардчиллын боловсролыг дэмжих, авлигыг үл тэвчих чиглэлээр олон улсын хэмжээний санаачилгууд гаргаад байгаагаа мэдэгдсэн билээ. Эдгээр санаачилгуудыг ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэхийг эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга танаас  хүсч байна” гэж Ерөнхийлөгч  хэлэв.

Ерөнхийлөгч, НҮБ-д ажиллаж байгаа монгол хүмүүсийн тоог нэмэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Өндөр боловсролтой сайн бэлтгэгдсэн боловсон хүчин монголд олон байгаа учраас энэ асуудлыг анхааралдаа авах болно гэдгээ ноён Бан Ги Мүн хэллээ.

Тэрээр “Ерөнхийлөгч таны гаргасан ардчиллын боловсролыг бэхжүүлэх хүрээнд гаргасан санаачилгууд бусад улс орнуудын төр засгийн тэргүүн нараас дэмжлэг авч байгаад би талархаж байна. Өнөөдөр таны энэхүү хурлын индэр дээрээс хэлсэн боловсролоор дамжуулж үл ойлголцлыг байхгүй болгох санаа маш чухал юм” гэв. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монгол Улсын гаргаж байгаа санаачилгуудыг дэмжиж ажиллахаа Ерөнхий нарийн бичгийн  дарга  Бан Ги Мүн дахин нотоллоо.

 “Тогтвортой хөгжлийн талаар бид сүүлийн үед маш их ярьж байгаа ч дэлхийн дулаарал, эрчим хүчний нөөцийн талаар мартаж болохгүй. Энэ чиглэлээр шинэ чухал шийдлүүдийг гаргахад, аливаа санаачилгыг дэмжихэд Ерөнхийлөгч та анхаарлаа хандуулна гэж итгэж байна” гэж тэрээр хэлэв.

 НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж