Иракийн Ерөнхий сайд Нури аль-Малики АНУ дахь хоёр өдрийн айлчлалаа өнөөдөр эхлүүлжээ. Энэ айлчлал АНУ-Иракийн харилцаанд шинэ хуудас нээнэ гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна. Иракийн Ерөнхий сайд Нури аль-Малики айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах юм байна. АНУ найман жилийн дараа Иракаас цэргээ гаргах болсноор тус улсын аюулгүй байдал ноцтой асуудал болоод байгаа билээ. АНУ энэ оны эцсээр Ирак дахь цэргээ бүр мөсөн татахаар болсон юм. Цагаан ордны мэдээлснээр Малики АНУ-ын дэд ерөнхийлөгч Жой Байден болон зарим хууль тогтоогчидтой уулзаж, эрчим хүч, аюулгүй байдал, боловсрол болон шүүх засаглалын тухай асуудлыг хэлэлцэнэ аж. Нури аль-Маликиг дагалдан кабинетийн хэд хэдэн гишүүн, өндөр албан тушаалын зарим хүмүүс яваа гэнэ. Нури аль-Малики 2006 онд Засгийн газрын тэргүүнээр томилогдсоноос хойш АНУ-д гурав дахь удаагаа айлчилж байгаа нь энэ юм байна. Лхагва гариг АНУ-ын Ерөнхийлөгч Умард Каролина дахь цэргийн баазад очиж, эх орондоо эргэн ирж буй цэргүүдийг хүлээн авах ёслолд оролцож, үг хэлэх гэнэ.
Н.Энх