Манай гаригийн хүчирхэг лидерүүд, Төр засгийн тэргүүнүүд, сайд нар, эрдэмтэн судлаачид төрийн бус байгууллага, иргэний болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, залуучууд, бизнес эрхлэгчидээс бүрдсэн 2500 орчим зочид төлөөлөгчид Катарын Доха хотноо энх тайвныг тогтооход соёл иргэншлийн гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэхээр хуран чуулж байна.
НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн холбооны энэ удаагийн чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Ерөнхийлөгч К.Вульф, Австрийн Ерөнхийлөгч Х.Фишер, Мали Улсын Ерөнхийлөгч Амадү Түре, Катар Улсын Эмир Шейх Хамад бин Халифа Аль-Тани, тус улсын тэргүүн хатагтай Шейха Моза Бинт Нассир, Бразил Улсын дэд Ерөнхийлөгч М.Тимер, Португалийн Ерөнхийлөгч асан, Соёл иргэншлийн холбооны Дээд төлөөлөгч Ж.Сампайо зэрэг удирдагчид оролцож байна.
Чуулга уулзалтын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Катарын Улсын Эмир Шейх Хамад бин Халифа Аль-Тани, Туркийн Ерөнхий сайд Р.Т.Эрдагон нар үг хэллээ.
«Соёлын олон төрөл хөгжилд ямар нөлөөтэй вэ?» сэдэвт нээлтийн хуралдааны үндсэн илтгэгчийн нэгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж оролцлоо.
НҮБ-ын Соёл иргэншлийн холбоо нь хүмүүсийн харилцан ойлголцлыг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг Ерөнхийлөгч тэмдэглээд дэлхийн уур амьсгалын дулаарлыг багасгах чиглэлээр олон улсын үйл явц өрнөж байгаа бол энд хүмүүс хоорондын уур амьсгалыг улам дулааруулах талаар бид ярьж байна гэв. Тэрээр мөн, шашны олон төрөл болон янз бүрийн соёл иргэншлийг хүндэтгэж, хоорондоо эв найрамдалтай нэгэн дор оршихыг хүлээн зөвшөөрч ирсэн Монгол Улсын түүхэн туршлагыг эзэн Чингисийн явуулж байсан бодлогын жишээн дээр ярьж, өнөөгийн нөхцөлд энэ ажлыг үр дүнд хүргэхийн тулд боловсролд анхаарах хэрэгтэйг тэмдэглэв.
Ерөнхийлөгч боловсролыг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлогоосоо товч дурдаад, боловсролтой, бусдыг ойлгодог залуусыг бий болгохын тулд тэдэнд хандсан тусгай бодлого байхын чухлыг ярилаа.
Мөн Соёл иргэншлийн4-р форумыг өндөр хэмжээнд зохион байгуулж, өргөн бүрэлдэхүүнтэй үр дүнтэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгож өгсөн Катарын Эрхэм эмир болон Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийллээ.
Энэхүү салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт Колумбын Их сургуулийн эрдэмтэн Жэфри Сакс, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Ирина Бокова, , Мали Улсын Ерөнхийлөгч Амадү Түре, “BMW” сангийн захирал Маркус Хипп нар үндсэн илтгэгчээр оролцож, хөгжилд үр нөлөө үзүүлж буй соёлын олон төрөл, боловсролын асуудлаар санал бодлоо илэрхийлсэн юм.
НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн холбоо нь хэдийгээр 2005 онд байгуулагдсан ч өнөөдөр 130 гаруй орон болон олон улсын байгууллагуудыг эгнээндээ нэгтгээд байна. Катар Улсын Тэргүүн хатагтай Шейха Мозагийн идэвхитэй санаачилга дор тус улс, холбооны үйл ажиллагаанд ямагт чухал үүрэг гүйцэтгэж иржээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.