Хятадын хямралын цэг ойртож байна

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Хятадын хямралын цэг ойртож байна

Эдийн засгийн чиглэлийн тэргүүлэх мэдээллийн хэрэгсэл Блүмбэрг энэ сарын 5-6-ны хооронд явуулсан улирлын судалгаанд хөрөнгө оруулагч, шинжээч, брокер зэрэг 1097 хүн оролцсон бөгөөд тэдний 61 хувь нь Хятадын санхүүгийн байдал 2016 оны сүүлээр сүйрэлтэй тулгарна гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын ердөө 10 хувь нь Хятадын банкууд энэ асуудлыг давж гарч чадна гэж үзжээ. 2009-2010 оны дэлхийн санхүүгийн хямралын үед бүхий л улс орны эдийн засгийн үзүүлэлт огцом уналттай гарч байхад Хятадын эдийн засаг дангаараа 9 хувийн өсөлттэй гарч байсан билээ. Үүний цаана зээл олголтын хэмжээг үлэмж ихээр нэмэгдүүлэх бодлого оршиж байв. Хятад улс дэлхийн санхүүгийн хямралын жилд нийтдээ 2.8 триллион ам.долларын зээл олгосон нь урьд хожид байгаагүй дээд амжилт тогтоожээ. Гэвч энэхүү алхам нь чанаргүй зээлийн хэмжээг ихэсгэж ирээдүйд ихээхэн гай тарьж болох тухай шинжээчид хэдийнэ анхааруулж эхэлжээ. Хятадын банкуудын зээл олголтын нийт хэмжээ 2010 оны байдлаар 7.53 их наяд ам.долларт хүрчээ. Тус улс нь одоогоор дэлхийн хоёр дахь томоохон эдийн засагтай гүрэн болж “зэрэг нэм”-ээд буй бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 11 их наяд гаруй ам.долларт хүрээд байгаа юм. Одоогийн хэмнэлээр бол, тус улсын эдийн засгийн өсөлт ойрын 10 жилийн хугацаанд  жилд дунджаар 10 хувьтай байх нь гарцаагүй байна. Эдийн засгийн “эзэлхүүнээрээ” Хятадын урд ганц улс байгаа нь АНУ юм. АНУ-ын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 14.5 их наяд ам.доллар байгаагаас үзвэл Хятад улс тун удахгүй дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрэн болох цаг айсуй.

Гэвч Хятад улс яг таван жилийн дараа санхүүгийн сүйрэлд хүрвэл дэлхийн эдийн засагт тогтворгүй байдал үүсэх нь гарцаагүй юм. Одоогийн байдлаар тус улс дэлхийн зэс, төмрийн хүдрийн зах зээл дэх эрэлтийн 40 хувийг дангаараа бүрдүүлж байна.

Судалгааны дүгнэлт таамаг төдий зүйл биш болохыг энэ жилийн зарим үзүүлэлтээс харж болно. Тухайлбал “MSCI China” индекс энэ жил 22 хувиар буурчээ. Энэхүү индексийг “Morgan Stanley Capital International” хөрөнгө оруулалтын байгууллага Шанхай, Шэнзэний хөрөнгийн биржийн тэргүүлэх компаниудын хувьцааны дундаж үзүүлэлтийг нэгтгэн гаргадаг юм. Түүнчлэн Хятадын төрийн өмчийн дөрвөн том арилжааны банкны нэг Хятадын банкны хувьцаа энэ жил 30 хувиар үнэлгээ нь буураад байна. Үүнээс гадна Хятадын “PMI” индекс өнгөрсөн аравдугаар сард хамгийн доод түвшиндээ хүрсэн нь бас нэгэн дохио билээ. Уг үзүүлэлт нь тухайн улсын эдийн засгийн байдлыг илтгэдэг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн индекс юм.

Энэ жилийн эхний есөн сарын байдлаар, Хятадын эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт, импортын хэмжээ 704 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 37 хувиар нэмэгджээ.  Гэхдээ банкууд зээл олгох чадваргүй болвол энэ их экспорт, импорт үлэмж хэмжээгээр хумигдах болно.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж