Орхон аймгийн иргэдийн нэгдэл “Зэс эрдэнийн хувь” компанийг үүсгэн байгуулаад нэг жил, зургаан сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тус компани “Эрдэнэт” үйлдвэрийн ашигладаггүй, хаягдал хүдрийг ашиглаад цэвэр зэсийн үйлдвэр байгуулахаар санаачилга гарган, тооцоо судалгаа хийж, шийдвэр гаргах төвшний эрх бүхий байгууллага болох Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, зөвлөл гээд шат шатны байгууллагуудад танилцуулсан байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд дээрх байгууллагууд асуудлыг эцэслэн шийдвэрлэлгүй өнөөг хүртэл хугацаа алдсаар байгаа гэнэ. Харин одоо хэдхэн хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 19-21-нд “Эрдэнэт” үйлдвэрийн Зөвлөлийн 46 дугаар хурал болох гэж буй тул тус хурлаар “Зэс эрдэнийн хувь” компанийн асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаагаа тэд хэлсэн юм. Энэ тухайгаа “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад албан бичиг ч хүргүүлжээ. Мөн тэд “Эрдэнэт” үйлдвэрийн их хэмжээний хаягдал овоолгыг эзэмшин, үйлдвэр байгуулсан “Ачит эх” компани нь хэзээ, хэний шийдвэрээр, хэрхэн энэ үйлдвэр байгуулах эрхийг богино хугацаанд олж авсан тухайгаа олон нийтэд нээлттэй, ил тод болгох шаардлагуудыг “Эрдэнэт” үйлдвэрт тавьсан гэнэ.
“Зэс эрдэнийн хувь” компани мэдээлэл хийлээ
“Эрдэнэт” үйлдвэрийн Зөвлөлийн хурал болох гэж буйтай холбогдуулж, “Зэс эрдэнийн хувь” компанийн төлөөлөгчид “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Г.Даша