Ч.Сайханбилэг: Сонгуулийн хуулийг батална

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: Сонгуулийн хуулийг батална

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дуусч, бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл энэ долоо хоногт багтан батлагдана” гэсэн найдвар тээж буйгаа мэдэгдэв. Учир нь хоёр намын бүлгийн төвшинд санал зөрж байсан асуудал үгүй болжээ. Тодруулбал, МАН-ын бүлгээс тавьсан босго тавих саналыг Ардчилсан намын бүлгийн гишүүд хүлээж авсан. Ингэхдээ босгыг 28 хувиар тогтоох нь зүйтэй гэж үзсэн. МАН-ын бүлгийн дарга эл саналаа өнгөрсөн долоо хоногт танилцуулах үеэрээ босгыг дээрх хэмжээгээр тогтоож болно гэж үзсэн учраас одоо зөрөх асуудал байхгүй гэж хэллээ. Ер нь Ардчилсан намын бүлгийн хувьд МАН-ын саналыг хүлээн авч буулт хийсэн нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг цаг алдалгүй батлан гаргах шаардлагатай гэж үзсэнтэй холбоотой юм байна. Нөгөөтэйгүүр,  уг хууль тус намын бүлгээс анхлан тавьж байсан нэг тойрогтой, 76 мандаттай пропорцианаль тогтолцоогоор буугаагүй боловч, сонгуулийг шударга явуулах нь чухал учраас Ардчилсан нам асуудалд уян хатан хандсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, одоо хэлэлцэж буй уг хууль нь өмнөхийгөө бодвол сонгуулийг шударга явуулах талдаа 300 дахин илүү гэнэ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг батлахтай холбоотойгоор парламентын гаднах намууд саналаа ирүүлсэн. Нийт 32 санал ирүүлснээс ажлын хэсэг 27-г нь хүлээж авсан. Хүлээж аваагүй таван санал нь бусад хуультай холбогдож байгаагийн зэрэгцээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас нааш хүлээж авах боломжгүй байсан. Тиймээс тэдгээр намуудын саналыг боломжийнхоо хэрээр төсөлд тусгасан гэж үзэж байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн квот тусгахтай холбоотой асуудлын тухайд “Улстөрийн нам нь 76 хүнийг нэрсийн жагсаалтаар дэвшүүлнэ, энэ шатанд 20-оос доошгүй хувь буюу 15 нь эмэгтэй нэр дэвшигч байна” гэсэн томъёоллоор квот тусгалаа олсон гэдэг тайлбар хийлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж