“Шивээ-Овоо” лицензтэй холбоотой маш нууц гэрээ олдлоо

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

“Шивээ-Овоо” лицензтэй холбоотой маш нууц гэрээ олдлоо

"Шивээ-Овоо"-гийн нүүрсний ордтой холбоотой мэдээллийнхээ цувралыг хүргэж байна. Сүүлийн үеийн халуун сэдвүүдийн нэг болоод байгаа энэ асуудлаар бид өмнө УИХ-ын гишүүн Я.Батсуурь болон “Шивээ-Овоо” ХХК-ийн захирал асан, МУ-ын Гавьяат уурхайчин О.Шагдаржав нартай уулзаж ярилцсан. Төрийн хөрөнгөөр хайгуул хийгээд нөөц нь тогтоогдчихсон, стратегийн ордод багтдаг “Шивээ-Овоо”-гийн нүүрсний ордын лиценз чухам ямар замаар хувийн хэвшлийхний гарт орчихов. Хууль бус энэхүү наймааны ард чухам хэн гэгч нуугдаж буй талаар бид эрэн сурвалжилж буй. Энэ удаа бид тун ноцтой баримтыг дэлгэх гэж байна.


2008.09.03-ны өдөр хийгдсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай энэхүү гэрээ нууцлалын гэх зэрэгт хамааран өнөөдрийг хүртэл нар үзээгүй аж. /мэдээж гэрээг хийсэн тодорхой хүмүүсээс бусдад/

Шивээ-Овоогийн уурхайн мэдэлд байсан 91 га газрын нөөц дуусах хандлагатай болмогц тухайн үеийн даргаар ажиллаж байсан О.Шагдаржав кадастрийн албанд хүсэлт гаргаснаар уурхайн лицензи “Шинэ Шивээ” ХХК-ийн мэдэлд шилжсэнийг олж мэджээ. Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн, нэгэнт нөөц нь тогтоогдчихсон ордод дахин хайгуулын лицензи олгох  хууль эрх зүйн үндэслэл байхгүй тул тэрээр холбогдох байгууллагуудад удаа дараа албан хүсэлт илгээсэн ч ямар нэг хариу ирэлгүй удааширсан тул арга буюу шүүхэд хандсан байдаг. Хачирхалтай нь гурван ч шатны шүүх “Шинэ Шивээ” ХХК-ийн талд шийдвэр гаргаж асуудал мухардах шинжтэй болох тэр үед С.Баяр /тухайн үед Ерөнхий сайд байсан / Говьсүмбэр аймагт айлчилж, асуудлыг шийдэхээ амлаад буцжээ.

С.Баяр амласандаа хүрч асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж холбогдох хүмүүст нь шийдэх үүрэг даалгаврыг өгсөн байдаг. Энэ бол сонгуулиас өмнө буюу 2008 оны 1-р сарын үе аж.  Холбогдох хүмүүс  /тухайн үеийн Үйлдвэр худалдааны дэд сайд Я.Содбаатар, ТЭХЯ-ны сайд Ч.Хүрэлбаатар, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх нарын МАН-ынхан/ энэхүү асуудалд нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр хандаж, 13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг “Эрдэнэс MGL” ХХК-ийн мэдэлд шилжүүлэн, түүнээс нь Шивээ Овоогийн уурхай түрээсээр ашиглахаар зохицуулсан байдаг. Шинэ усны хонхорын 560 сая тонн нөөцтэй дээрх гурван тусгай зөвшөөрлийг ямар тохиролцоотойгоор төрийн мэдэлд буцаан авсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй, хардлага төдий зүйл байв.

“Топ мэдээ” тэрхүү ханцуйд хийгдсэн наймааг ил болгож байна.

“Шинэ Шивээ” ХХК-иас  13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрлийг  “Эрдэнэс MGL” ХХК-д шилжүүлэхдээ Засгийн газар дараах аман тохиролцоонд хүрч, түүнийгээ 2008.09.03-ны өдөр гэрээ болгон баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүнтэй холбоотой албан тушаалын өөрчлөлтүүд хийгдэхээс өмнөхөн.

Гэрээнд Засгийн газрыг төлөөлж ҮХЯ-ны дэд сайд Я.Содбаатар, “Шинэ Шивээ” ХХК-г төлөөлж захирал А.Эрдэнэбат энэхүү гэрээг үйлджээ. Гэрээний хоёрдугаар бүлэгт талуудын эрх үүргийг тусгахдаа “Шинэ Шивээ” ХХК дараах үүргийг хүлээхээр заажээ. Үүнд:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь сумдын нутаг дэвсгэрт байрлах нүүрсний орд газарт ашигт малтмал олборлох дор дурдсан /4293 гектар/ координат бүхий талбайг  Засгийн газраас нэр заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий хуулийн этгээдэд шилжүүлэх.

Тус гэрээ хүчин төгөлдөр байх тохиолдолд энэхүү гэрээний 2.1.1-д заасны дагуу шилжүүлэх талбайд “Шинэ Шивээ” ХХК-аас урьд өмнө гаргасан нэхэмжлэх эрхээсээ татгалзах.

Засгийн газар шилжүүлж авсан талбай дээрээ аливаа нэгэн төсөл хэрэгжүүлэхэд “Шинэ Шивээ” ХХК-ийн зүгээс ямар нэгэн саад тотгор учруулахгүй байх.

Харин Засгийн газар:

“Шинэ Шивээ” ХХК эзэмшиж буй ашигт малтмал ашиглах 8829х, 8830х, 8296х, 8294х, 8297х тоот тусгай зөвшөөрөл бүхий лицензийн талбайгаас Талбай-1, Талбай-2, Талбай-3 бүхий хэсгийг хасаж, шинэчлэн засан баталгаажуулах.

Энэхүү гэрээний 2.2.1-т заасан “Шинэ Шивээ” ХХК-ийн эзэмшиж буй 8829х,8830х, 8296х, 8294х, 8297х тоот тусгай зөвшөөрлүүд болон хуулинд нийцүүлж шинээр бичигдэх тусгай зөвшөөрөл бүхий нийт долоон ширхэг хайгуулын  тусгай зөвшөөрлийн 77746 гектар талбайг гэрээ хүчинтэй байх хугацаанд:

  • Нөөцөд авахгүй байх
  • Тусгай хэрэгцээнд авахгүй байх
  • Тусгай зөвшөөрлүүдийн талбайн хил, хязгаарт ямар нэг байдлаар өөрчлөлт оруулахгүй байх.
  • Тусгай зөвшөөрлүүдийг эзэмших эрхийг хууль бус үндэслэлээр цуцлахгүй байх
  • Тус талбайд хэрэгжүүлэх төсөлд төрийн оролцоо оруулах санаачлага гаргахгүй байх, шаардлагатай тохиолдолд “Шинэ Шивээ”ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах
  • Дээрх талбайнуудад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэгт баталгаа гаргах

2.2.3 т Энэхүү гэрээний 2.2.2 т заасан үүргээ зөрчсөн тохиолдолд энэхүү гэрээний дагуу шилжүүлэн авсан тусгай зөвшөөрлүүдийг “Шинэ Шивээ”ХХК-д буцаан олгох

2.2.4 т “Шинэ Шивээ” ХХК-аас шилжүүлэн авсан  13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрлийн талбайг Монголын хувийн хэвшлийн төлөөлөлтэй эсхүл түүний оролцоо бүхий этгээдтэй хамтран эзэмшихээр шийдвэрлэвэл “Шинэ Шивээ” ХХК-д тэргүүн ээлжинд санал болгох.

Гэрээнд заасны дагуу хоёр тал дээрх үүргүүдийг хүлээхээр болжээ. Эрхэм уншигч та бүхэн анзаарсан байх. Энэхүү гэрээнд МУ-ын Засгийн газар ямархан хэмжээний “ял” үүрснийг. Үүдээ түгжээгүй сиймхийг нь ашиглаад өөрийнх нь гэрээс хулгай хийсэн хулгайчаас  эд зүйлээ эргүүлэн авахдаа гэрийн эзэн ийн шалдаа буужээ. Ийм өрхийн тэргүүнтэй гэрт юу ч байгаад нэмэргүй биз. Зүй нь эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юмаа хэмээн чангахан дуугарахад л хангалттай биз дээ. Хаалгаа түгжихгүй яасан юм хэмээн цор цор хийгээд байвал цагдаад мэдүүлэхэд л хангалттай. Гэвч бүх эрх нь нээлттэй байсан Монголын төр, Засгийн газар ингэсэнгүй. Хулгай хийсэн нөхрийн толгой илж, хөлд нь сууж байгаад харин ч бүр нэмээд өрөнд уначихаж. Өөрөөс нь хулгай хийсэн ордын лицензийг хайгуулынх биш ашиглалтынх болгоход тусална. Ахин хулгайд алдсан ордоосоо авахыг завдахгүй. Хэрвээ тэгвэл буцааж өгсөн 13311А, 13312А, 13313 А тоот гурван лицензи хураалгахдаа хэл ам хэрүүл шуугиан татлахгүй гэж.

Энэ бол хэтрүүлэг биш. Үгийн сонголт л өөр болохоос яг л ийм утгыг цагаан дээр хараар бичээд мутраа үлдээсэн байх юм.

Гэрээг цааш нь сонжъё л доо. Талуудын эдлэх эрхийн талаар ийн тусгажээ.

  • “Шинэ Шивээ” ХХК дараах эрхийг эдэлнэ:
  • “Шинэ Шивээ” ХХК өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглах явцдаа  13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрлийн талбайгаар чөлөөтэй нэвтрэн өнгөрөх.
  • “Шинэ Шивээ” ХХК өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын лицензүүдийг хайгуулын болгох.

Үйлдвэр худалдааны яамны зүгээс энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх.
Үйлдвэр худалдааны яамны зүгээс энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, гэрээний биелэлтэнд саадгүйгээр хяналт тавих.

Үйлдвэр Худалдааны Яам дараах эрхийг эдэлнэ:

  • “Шинэ Шивээ” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас  Талбай-1, Талбай-2, Талбай-3 /13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрөл/ гэсэн гурван хэсэг талбайг шилжүүлэн авах.
  • 13311А, 13312А, 13313 А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглах үйл явцдаа “Шинэ Шивээ” ХХК-ийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаар чөлөөтэй нэвтрэн өнгөрөх.
  • “Шинэ Шивээ” ХХК-ийн зүгээс энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх.“Шинэ Шивээ” ХХК-ийн зүгээс энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, гэрээний биелэлтэнд саадгүйгээр хяналт тавих.
  • Шилжүүлэн авсан Талбай-1, Талбай-2, Талбай-3 дээр аливаа нэгэн төсөл хэрэгжүүлэхдээ “Шинэ Шивээ”ХХК-аас зөвшөөрөл санал авахгүй, бие даан шийдвэрлэх эрхтэй.
  • Өмчийн эзнийг өвдөг сөхрүүлж хийсэн дээрэнгүй гэрээгээр эдлэх эрх нэг ийм хэмжээнд байх аж.

Гэрээний хамгийн ноцтой хэсгийг одоо танд танилцуулъя.


Гэрээний гуравдугаар бүлэг “баталгаа”

Үйлдвэр Худалдааны Яам энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд гэрээний 2.2.1-т заасан Талбай-1, Талбай-2, Талбай-3 /13311А, 13312А, 13313 А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг “Шинэ Шивээ” ХХК-д буцаан шилжүүлнэ.

Дээрэнгүй дээрэлхүү гэхэд дэндүү заалт байгаа биз. Хайгуулын лицензийг нь ашиглалтынх болгож өгөөд, ордынх нь хил хязгаарт ямар нэг өөрчлөлт оруулалгүй, улсын нөөцөд авалгүй байж байгаад өөрийнхөө мэдлийн гурван лицензийг хэлэлгүйгээр наймаалцах төдийд л гялс гээд нөгөө гурван лицензийг шүүрээд авах нь.

Ийм дээрэнгүй заалттай гэрээг манай Засгийн газар үг дуугүй зөвшөөрөөд баталгаажуулсан байх юм. Ямар гээч айхтар амьтан болоод бүхэл бүтэн улсын Засгийн газрыг сөхрүүлж байгаад ийм гэрээ байгуулчихдаг байнаа. Мэдээж манай өмнөх мэдээллүүдэд гарсан Чингис гэдэг шалдан шахуу годгор залуу ийм гэрээ хийлгэчихээгүй байх. Гэрээнд гарын үсэг зурсан А.Эрдэнэбат ч энэ хэмжээний сүрийг үзүүлж чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр сүрээр далайлгасан тэрхүү нууц ноёнтон хэн байж таарах вэ? Энэ талаар бид дараа дараагийн цуврал мэдээллээрээ хүргэх болно. Шударга ёсыг эрхэмлэдэг, улс орныхоо ирээдүйд санаа тавьдаг эрхэм уншигч та бүхэн хамт байгаарай.

                                                                                                                                                                                               А.Тэлмэн

Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: www.topmedee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж