Конни Талбот том болжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө “Авьяаслаг Британичууд” шоу нэвтрүүлэгт оролцож, дэлхийн сая сая үзэгчдийг бишрүүлж, хайрыг татаж байсан бяцхан охин Конни Талбот /Connie Talbot/ том болжээ. Долоон настай охин эвлэгхэн дуулахад хүмүүс эхэндээ өхөөрдөж байсан ч тэмцээний шүүгч Саймон Коул түүнийг “жинхэнэ ид шид” хэмээн үнэлсэн билээ. Конни 2007 онд “Rainbow” дуу бичлэгийн компанитай гэрээ байгуулж, Их Британид “Over the Rainbow” цомог гаргасан нь 250 мянган хувь борлогдсон гэдэг. Түүнээс хойш бяцхан охин Европ, АНУ, Азид телевизийн шоунд оролцсоноор дэлхийн шинэ, залуу танил болсон билээ.

Конни 2008 онд Боб Марлигийн "Three Little Birds" дууг дуулсан нь “Billboard”-ыг тэргүүлсэн билээ. Түүнээс хойш “Christmas”,” Holiday Magic” гээд хоёр ч цомог гаргасан бяцхан сод авьяастан хөгжмийн боловсролоо дээшлүүлэхийн зэрэгцээ дунд сургуульд элсэн суралцжээ. Өдгөө 11 настай охин Beyonce, Lady Gaga, Adele, Katy Perry, Bruno Mars нарын дэлхийн оддын дууг тэднээс ч дутахгүй, чадварлаг дуулж буй бичлэг нь “Youtube”-д байршжээ.

Конниг анхны цомгоо гаргахад нь тусалсан хөгжмийн продюсер Саймон Коул түүнийг “дуучин болоход хэтэрхий балчир байна” хэмээн охины ээжид хэлж байсан гэнэ. Харин цаг нь болоход хамтран ажиллах болно гэдгээ амласан гэдэг.
Охин дуу хөгжимд үнэн сэтгэлээсээ дуртай болохоор аав, ээж нь түүнийг хориглож чаддаггүй аж. Харин үүнд хөрөнгө мөнгө, алдар нэр огтхон ч хамаагүй. Конни Уэст Мидландын Стритлид аав, ээжтэйгээ амьдардаг. Охины аав инженер, ээж нь гэрийн эзэгтэй ажээ. Тэрбээр олны танил болсондоо хөөрч, баярладаг боловч  аав, ээж нь түүний утасны дугаарыг өөрчилж, бие хамгаалагч хөлслөхөөс өөр аргагүй болсон гэнэ. Учир нь шүтэн бишрэгчид ямар аюултайг балчир охин одоохондоо мэдээгүй бололтой.

Коннигийн шинэ бичлэгүүдийг ЭНД дарж үзнэ үү.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж