Олон улсын залуу хагжимчдийн 12 дахь удаагийн “Цөмөөхэй” уралдаан Москва хотноо болж өндөрлөлөө. Долоон орны 8-13 насны бяцхан хөгжимчид төгөлдөр хуур, хийл, утсан болон цохивор хөгжмийн төрөлд өрсөлдсөнөөс Болгар, Швед, Оросын хөгжимчид төрөл тус бүрт алтан медалийн эзэн болов.
Стокгольмын хөгжмийн академийн хийлийн ангийн сурагч, 10 настай Даниель Лозакович ард нь тоглох найрал хөгжимчдөөс ялгарч харагдахгүй шахам бяцхан байсан ч алтан медалийн эзэн болж чаджээ. Түүний авьяасыг шүүгчид биширсэн байна. Харин Хятадаас ирсэн найман настай Ли Митзи охин төгөлдөр хуурын төрөлд хүрэл медаль хүртсэн бөгөөд үзэгчдийн нэрэмжит шагналыг бас хүртлээ.
Хойд хөршийн “Культура” телевизийн сувгаас зохион байгуулдаг энэхүү тэмцээн жил ирэх тусам өргөжиж байгаа. Ирэх оноос улам олон орны бяцхан хөгжимчдийн авьяас, чадлыг уралдуулах гэнэ. Хэрэв манай Монголын бяцхан авьяастнууд дараагийн тэмцээнд явбал лавтайяа ганзага хоосонгүй ирэх буй заа.