Гүйцэтгэгчээ сонгоогүйгээс 14 тэрбумыг татуулна

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Гүйцэтгэгчээ сонгоогүйгээс 14 тэрбумыг татуулна

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны наймдугаар хуралдаан “Иргэний танхим”-д болж байна. Тус хуралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга удирдаж, холбогдох яамдуудаас төлөөлөл оролцож байгаагийн зэрэгцээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр оролцож буй юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2011 оны төсвийн тодотголоор УИХ-аас 34 тэрбум төгрөг баталж өгчээ. Харамсалтай нь, дарга нар бодлогоо боловсруулсаар суутал тендер зарлах хугацаа нь тулж, гүйцэтгэгчийг шалгаруулах гэсээр байтал шинэ он гарах болчихоод буй. Төсвийн хуульд зааснаар тухайн онд багтаан ажлаа гүйцэтгэж чадаагүй нөхцөлд хөрөнгийг шууд татдаг. Тиймээс одоогоор 14 тэрбум төгрөгийг татахаас аргагүйд хүрчээ. Гарц хайвч олдохгүй байна, хуулиа зөрчдөггүй л юм бол. Дээрх 14 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн ажилд Дэнжийн 1000-ын халаалтын зуухнуудыг төвлөрсөн халаалтын шугамд холбох, усан халаалттай зуух худалдан авч нийлүүлэх ёстой байж. Хотын даргын тайлбарласнаар бол УИХ 2011 оны төсвийн тодотголыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд баталсан. Үүний дараа буюу тав хоногийн дараа Үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хороо нь бодлогоо боловсруулсан. Ингээд зарим ажлыг тендэр зарлахгүйгээр шууд гэрээ байгуулан ажиллах боломжтой гэж үзэн, Сангийн яаманд асуудал тавьсан ч дээр нэр дурдсан ажлууд дээр заавал тендэр зарлахаас аргагүй гэсэн. Ийм шийдвэрийг гурав хоногийн өмнө ирүүлсэн. Одоо тендэр зарлахаар шинэ он гарсны дараа гүйцэтгэгч нь шалгарна. Гүйцэтгэгчийг энэ онд багтаан шалгаруулж чадахгүй нь ойлгомжтой болсон учраас Сангийн яамныхан арга хайхаас аргагүй гэлээ. Харин Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тайлбараар бол гүйцэтгэгч нь тухайн хөрөнгөтэй дүйх хэмжээний баталгааг гаргаж өгсөн цагт төсвийн хөрөнгийг ирэх оныход шилжүүлэх гарц бий. Тэгэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө эрсдэлтэй байдалд шилжинэ гэж үзэж байна. Нэгэнтээ гүйцэтгэгчийг энэ ондоо багтааж шалгаруулж чадахгүй нь ойлгомжтой болсон тул ажлын хэсгийнхний хувьд 14 тэрбум төгрөгөө татуулсныхаа дараа арга хайх бололтой. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга “Юу ч гэсэн тендэрээ зарла, гүйцэтгэгчийг шалгаруул. Энэ ажил заавал хийгдэх ажил учраас ирэх онд үргэлжилнэ гэж бодож шуурхайлах хэрэгтэй” гэсэн үүрэг өглөө.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ онд нийт 70 мянган өрхийг утаагүй зуухаар хангахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 35 мянган өрхийг утаагүй зуухаар хангасан. Энэ ажил 2013 оны эхний нэгдүгээр улирал хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд гэр хороололд 180 мянган өрх бий. Тэдгээрийг бүгдийг утаагүй зуухаар хангана, мөн нэг хэсгийг нь төвлөрсөн дулаанд холбоно гэж үзэж байна. Мөн агаарын бохирдолд нэлээд хэмжээгээр хувь нэмэр оруулж буй нам даралтын зуухнуудыг хаах ажил ирэх онд үргэлжилнэ. Улаанбаатар хотын хэмжээнд ийм зуух 2000 гаруй бий. Энэ жил 60 орчим хувийг нь хаасан, ирэх жил 100 гаруйг хаах гэнэ.

Түүнчлэн 400 орчим том оврын автобусыг газжуулах чиглэлд гадаадаас мэргэжилтэн ирчихсэн судалгаа хийж буй. Дуобус үйлдвэрлэхэд 1.5 тэрбум төгрөг зарцуулсан, ирэх онд цоо шинэ есөн дуобусыг үйлчилгээнд гаргана гэсэн нэмэлт мэдээллийг энэхүү хуралдааны үеэр албаны хүн өглөө. Ер нь агаарын бохирдлыг бууруулах ажилд Засгийн газар, УИХ идэвх санаачилгатай ажиллаж, хөрөнгийг хангалттай тавьж өгч байгаа. Гол нь иргэд идэвх санаачилга гаргахгүй байгаагаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажил урагшлахгүй байна гэх шүүмжлэлийг албаны хүн энэхүү мэдээллийнхээ үеэр дайгаад авлаа. Гэвч иргэдийн хувьд утаагүй зуух, гэрийн бүрээс худалдаж авъя гэхнээ “Танайх бүртгэлгүй байна” гээд өгдөггүйг албан өрөөнөөсөө гарч, амьдрал шалгадаггүй дарга нар мэддэггүй бололтой, буруу бүхнийг чихэж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж