АПУ “Байгаль орчинд ээлтэй үйлдвэр” болов

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

АПУ “Байгаль орчинд ээлтэй үйлдвэр” болов











АПУ компани
“Байгаль орчинд ээлтэй
үйлдвэр” болж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөв



Монгол Улсаас анх удаа үндэсний манлай үйлдвэрлэгч АПУ компани дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын  нийгмийн хариуцлагатай, хэрэглэгчээ дээдэлсэн  компаниуд  авдаг нэр хүндтэй батламжуудыг гардан авах ёслолын үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагт IVY ресторанд боллоо. Батламжуудыг хэмээн тодотгосны учир нь Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцоо болох  ISO-14001, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох ISO-22000 стандартуудыг хамтад нь эх орондоо анх удаагаа авчирсан нь энэ юм байна. 

Энэ бол зөвхөн аль нэг компанийн асуудал биш улс эх орны хувьд хүнсний салбарт нээсэн шинэ ололт амжилт, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн  амин чухал асуудал юм. Тиймдээ ч тус батламжийг гардуулах үеэр SGS группын Ази номхон далайн бүсийн  захирал хэлэхдээ “Бизнестээ хэт их анхаарч бусад сөрөг үр дагаврыг үл тоох болсон энэ цаг үед байгаль орчинд ээлтэй стандартыг компанийнхаа үйл ажиллагаанд мөрдөнө гэдэг бол  нэр төрийн хэрэг. Бүхий л үйлдвэрлэгчид АПУ компаний алхсан энэ жимээр явах ёстой” хэмээсэн юм.

Хэрэглэгчдийн итгэлийг дааж, чанарын дээд илэрхийлэл болж чадсан уг  ISO-14001 стандартыг л гэхэд дэлхийн хэмжээнд 155 орны 188 мянган байгууллага үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн байдаг. ISO стандартыг үндэслэгч,  Олон улсын стандартын байгууллага нь  анх 1947 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 162 орны үндэсний стандартчиллын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хэмжээний стандартчиллын хамгийн том байгууллага юм байна. Тус байгууллага нь сайн дурын үндсэн дээр мөрдөж болох стандартуудыг батлан гаргаж, бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, технологи болон бизнесийн сайн туршлага, үлгэр жишээг түгээн дэлгэрүүлэхэд дэлхийн олон мянган улс орнуудын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулдаг аж.

Уг арга хэмжээний үеэр АПУ компанийн Чанар, хяналт баталгаажуулалтын албаны дарга, төслийн менежер Г.Ганчимэгтэй уг төсөл хэрхэн хэрэгжсэн талаар тодрууллаа.

-Өнөөдөр та бүхний хувьд маш том үйл явдал болж байна. Төслийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?

-АПУ компанийн хувьд сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт техник технологийн шинэчлэл болон менежментийн олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.  Үүний нэг нь 2010  оны наймдугаар сараас хэрэгжиж  эхэлсэн Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцоо ISO-14001, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO-22000 юм. Төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш манай байгууллагын 800 гаруй ажилтан бүгд өөрсдийн үйл ажиллагаандаа байгаль орчиндоо ээлтэй  байхыг чин сэтгэлээсээ ойлгож өөрсдийн үйл ажиллагаандаа энэ чиглэлээр шаргуу хөдөлмөрлөж сайжруулалтыг байнга хийсний  үр дүнд энэхүү батламжуудыг хамтад нь гардан авлаа. Сэтгэл маш өндөр байна.

-Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл  гэдгийг тодруулахгүй юу?

-Аливаа үйлдвэрлэл өөрөө байгальд зуун хувийн ээлтэй байх ёстой. Тиймээс “АПУ” компани нь байгууллагынхаа  бүхий л үйл ажиллагааг  байгаль орчны хууль тогтоомжинд нийцүүлсэн байгаа. Тодруулбал, үргүй зардлаа хэмнэж, байгаль орчны асуудлуудад ажиллагсдын зүрх сэтгэлийг хандуулж, эрчим хүчээ хэмнэж, уур, ус, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, хэмнэлт гаргах, “ногоон оффис”-ийг бий болгох зэрэг чухал ажлуудыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.

-Тэгвэл хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны тухай?

– ISO 22000 стандарт нь хүнс  үйлдвэрлэгч байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчийн зүгээс тавьж буй аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцсэн болохыг батлан харуулах зорилготой стандарт юм. Энэ стандартыг хэрэгжүүлсэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд, бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн үйлдвэрлэх, түгээх, хадгалах, эцсийн хэрэглэгчид хүрэх бүхий л үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан, нарийн хяналт шалгалтын дор аюулгүй, баталгаатай хүнсийг үйлдвэрлэх нөхцөл бүрддэг.

Үе, үеийн урлагынхан цуглаж баяр хүргэлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй батламжийг гардан авах ёслолын энэхүү үйл ажиллагаанд МУ-ын ардын жүжигчин, төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Төрийн соёрхолт  дуучин Д.Болд, СТА  Ж.Оюундарь, Хийлч Дээгий, хөгжмийн зохиолч Чинбат нараас гадна “Sweetymotion” хамтлагийн уран бүтээлчид хүрэлцэн ирж баяр хүргэж байлаа. 

Соёл урлагийн их сургуулийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн захирал, МУ-ын ардын жүжигчин, төрийн соёрхолт, доктор профессор Н.Сувдаас уг арга хэмжээний талаарх сэтгэгдлийг нь сонирхоход, тэрбээр, АПУ компанийн хамт олон бүтэн жил гаруй хугацаанд шаргуу хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг өнөөдөр хүртэж, Хүнсний аюулгүй байдал болон Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн  хоёр стандартыг Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй  байгууллагаар итгэмжлүүлэн гардан авч байгаа энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Хүнсний аюулгүй байдал алдагдчихсан өнөө үед уух ус, ундаагаа айх аюулгүй худалдаж авна гэдэг сайхан хэрэг. Нэмж хэлэхэд тус компани урлаг соёлынхныг их дэмждэг. Үүнд нь талархаж явдгаа хэлмээр байна” гэв.

Харин Төрийн соёрхолт  дуучин Д.Болд “Энэ үйл явдал нь зөвхөн нэг компанийн асуудал  биш бүхэл бүтэн улс үндэстэний хувьд цаашлаад байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, Монгол улсын  Хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд  шинэ стандарт, цоо шинэ хөгжил дэвшлийг авчирсан   чухал үйл явдал болж байна. Үүнд хувиасаа маш “том” баяр хүргэе. АПУ компанийн хувьд үндэсний манлай үйлдвэрлэгч гэдгээсээ гадна урлаг соёлыг маш их дэмжиж хамтарч ажилладаг хамт олон. “Камертон” хамтлаг төдийгүй миний уран бүтээл дээр байнга хамтарч ажиллаж ирсэн. Сүүлд “Монгол поп” цомог дээр маань ч тус компани хамтарч ажилласан байгаа” гэлээ.

Иинхүү Монгол улсын түүхэнп анх удаагаа дэлхийн стандартыг хамтад нь АПУ компани гардан авлаа. Дашрамд дуулгахад, байгаль Орчинд ээлтэй үйлдвэрлэлийн удирдлагын тогтолцоо ISO-14001 стандарт нь Байгууллагын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйл ажиллагаан дахь байгаль орчны нөлөөллийг бууруулах, хянах, удирдах замаар байгаль орчинд ээлтэй, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрэлт шаардлагад нийцсэн тогтолцоог бүрдүүлэх зорилготой стандарт аж. Мөн  Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 стандарт хэрэгжсэнээр бид хүнсэндээ айх аюулгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний дагуу үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж