Монголын өмгөөлөгчдийн холбооноос төлбөрийн чадваргүй иргэдэд үнэгүй өмгөөлөгч томилж өгдөг юм. Манайхаас өөр улсуудад бол төлбөрийн чадваргүй этгээдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх зардлыг төсвөөс гаргаж хуульчдийг ажиллуулдаг. Японд бол 600-800 орчим ам.доллараар тооцдог. Зарим улсад төлбөрийн чадваргүй этгээдэд туслалцаа үзүүлсэн бол хуульчийн татвараас нь суутгаж хөнгөлөлт үзүүлэх нь ч бий. Монголын өмгөөлөгчдийн хувьд хэн нэгний төлбөргүй өмгөөллөө гээд нэг ч төгрөг авдаггүй. Харин өөрсдийн унаа машин, цаг зав, хүч анхаарлыг бүрэн зориулна. Зарим хэрэг хэдэн жил сунжирна гээч.
Үндсэн хуульд зааснаар иргэн хүн өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах эрхтэй. Хууль бусаар хоригдсон, гэмт хэрэгт гүтгэгдсэн, хуулийн мэдлэггүйгээсээ болж алдаа гаргасан олон хүнд өмгөөөлөгчийн хэрэгцээ гардаг. Харин өмгөөлөгч хүн тогтмол цалингүй, зөвхөн үйлчлүүлэгчээс авсан хөлсөөр амьдралаа залгуулдаг, бусадтай л адил гэр бүлтэй хүн тул тэр болгон хөлс мөнгөгүй ажиллаж чаддаггүй. Гэсэн ч өнөөг хүртэл Монголын өмгөөлөгчид сайн, муугаар хэлүүлэн байж төлбөрийн чадваргүй иргэдийг өмгөөлсөөр ирсэн.
Өнгөрсөн онд дээрхтэй адилхан хуваарилж өгсөн нэгэн хэргийн хойноос миний бие чамгүй удаан хугацаанд хөөцөлдөж байгаа юм. Хамтдаа гэмт хэрэгт холбогдсон 18-21 насны залуус Цагдан хорих төвд хоригдож, гэм буруутай эсэхээ шалгуулж байна. Гэр бүлийнхэн нь болоод өмгөөлөгчдийн зүгээс тэднийг батлан даалтад гаргахаар олон удаа хүсэлт гаргасан ч мөрдөн байцаагч, прокурорууд огт халгаадаггүй. “Гаргаж болохгүй үндэслэл байгаа юм байлгүй” гэхээр тэр хэрэгт адилхан сэжиглэгдэж буй хоёр залуу гадуур шалгагдаж байгаа. “Боломжийн гэр бүлээс гаралтай, аав ээж нь танил тал ихтэй учраас ийнхүү ялгавартай хандаж байна” гэж бид харддаг.
Хоёр хоногийн өмнө хоригдож байгаа залуусын төлөөлөл манай ажил дээр ирлээ. Уг нь 10 цагт уулзана гэж тохирсон ч тэд хоорондоо уулзаж, төлөөлж явах нэгэндээ “Автобусанд сууж, өдрийн хоол идээрэй” гэж тус бүр 1000 төгрөг цуглуулж өгөх гэсээр удчихлаа гэсээр 11 цаг өнгөрч байхад ирсэн юм. Прокурортой 11 цагт уулзах ёстой байсан тул аль байдгаараа яарсаар очтол мань прокурор цайны цаг өнгөртөл хүлээлгэсний дараа уулзав. Өнөөх л батлан даалтад гаргах хүсэлтээ тавьбал өөдөөс:
-За байз, танай наад хэдийг шинэ жил үзүүлчихдэг юм билүү яадаг юм билээ гэж мушийх аядав.
-Бусад хоёр холбогдогч нь гадуур байгаа шүү дээ. Энэ хүүхдүүдийг батлан даалтад гаргаж болдоггүй юм уу. Яагаад хүмүүсийг ялгаварлаад байгаа юм бэ гэхэд
-Чи өмгөөлөгч хүн байж хуулиа хүндэл. Та нарын барьцсанаар энэ асуудлыг шийддэггүй юм. Хэнийг гадуур байлгах, хэнийг хориотой байлгахаа бид мэдэж байна гэж загнаад маргаан өрнөлөө.
Ингээд цагдан хорих хугацаа сунгах үеэр нь “Шүүхэд гомдол гаргана, маргана” дээрээ тулаад гарч иртэл эцэг эхчүүдийн төлөөлөл болж ирсэн нэгэн ээж надад гомдож байгаа гэж жигтэйхэн. “Прокурортой үг сөрлөө, сайн гуйх байсан юм” л гэнэ. “Мөнгөгүй бидний зовлонг ойлгохгүй наад прокурор чинь. Дахиж нааш цаашаа явах унааны мөнгө хэцүү байна” л гэнэ.
Яг үнэндээ эгчийн зөв болчихоод байгаа юм. Үзэмжээрээ хэрэгт хандах албан тушаалтан, “Хорьж цагдана гэдэг нь хэвийн үзэгдэл. Ийм байх ёстой” гээд ойлгочихсон хуульчдийн өөдөөс тайлбар тавих, хүний эрх ярих тусам эгдүүцлийг нь төрүүлж аль байдгаараа зуухыг хичээдэг хандлага амь бөхтэй байгаа энэ цаг үед түүний жишгээр олон хүн асуудалд хандаад, хүлцээд явж байна.
“Цагдан хорилоо”, “Үндэслэлгүйгээр шалгалаа” гэж эсэргүүцэх, эрхийнхээ төлөө тэмцэх явдал манай оронд улстөрчид, эрх мэдэлтэй болон мөнгөтэй хүмүүсийн л хийдэг зүйл болчихоод байгаа юм. Алдарт Н.Энхбаяр, гэр бүлийн сэтгүүлч хоёр, “Анод” банктай холбоотой хэрэг, иргэний хөдөлгөөнийхэнтэй холбоотой хэрэг гэхчлэн олны анхааралд өртсөн хэргүүд дээр л ийм тэмцэл явагддаг.
Гэтэл бид бүгдээрээ тэгш эрхтэй. Тиймээс аливаа хүнийг цагдан хорих, хорьж шалгах гэдэг нь хүний эрхийг ноцтой хязгаарладаг. Тэр шинжээрээ хэрэгжих тохиолдлуудыг нь маш нарийн хуульчлах ёстой, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны нэг хэсэг мөн.
Юм л бол “Хорино шүү” гэж айлгах, түүгээрээ далимдуулан эрх мэдэл сүрээ гайхуулах, хэрэг тулган хүлээлгэх, хорьж хорьчихоод эцэст “Чи буруугүй байсан юм шиг байна” гэж суллаад, ядаж уучлалт гуйдаггүй өнөөгийн тогтолцоонд хамгийн их хохирч байгаа нь жирийн иргэд байна.
Энэ байдалтай тэмцэх, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийг хариуцлагажуулах нэгэн арга нь хэрвээ хууль бусаар хоригдсон, хорьж шалгасны дараа гэмт хэрэгт холбогдолгүй нь тогтоогдсон бол хохиролдоо мөнгө нэхэмжлэх явдал.
Өнөөгийн хуулиар цагдан хоригдож байгаад торгох ял шийтгүүлсэн бол торгох ялын нийт хэмжээнээс урьдчилан хоригдсон хоногийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлсэн дүнгээр тооцож хасдаг. Жишээ нь иргэн Батыг ганц худагт 20 хоног хориод, дараа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торголоо гэж үзэхэд Бат 10 хоногийн мөнгө буюу 1404000 төгрөг л төлнө гэсэн үг. Эсрэгээрээ Бат хоёр сар суусан тохиолдолд илүү хоригдсон 30 хоног бол түүний л асуудал. Нэг ёсондоо ХОХЬ ЧИНЬ, БАТАА!
“Хуульд хоригдсон хоногийг ингэж үнэлж байгаа бол түүгээр нь төрөөс хохирлоо нэхэмжлэх эрх бий гэж би хувьдаа үздэг юм. Яаж ч бодсон хүнийг баахан шоронд суулгачихаад эцэст нь юу ч болоогүй юм шиг суллачихаад, “Сулласанд минь баярлаж яв” гэх ухааны юм яриад явж болохгүй л дээ. Тэр хугацаанд тухайн хүнд шууд болон шууд бус учирсан хохирол, нэр хүнд, сэтгэл санааны гэм хорыг огт авч хэлэлцдэггүй. Ядаж уучлал ч гуйдаггүй энэ тогтолцоог нэн даруй өөрчлөхсөн.
Ийнхүү өөрчлөх уг нь амархан. Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг хийх нөөц, бололцоо манайд хангалттай бий. Хөрөнгө мөнгө ч ихээр шаардагдахгүй ажил шүү дээ. Даанч хөрөнгө мөнгө бус хүний эрхийг ярих асуудал дээр хууль тогтоогчид маань хойрго л доо.
"Улс төрийн тойм" сонин