2012 оны нэгдүгээр сарын 13. Энэ өдөр Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталж хүний эрх, эрх чөлөөт байдал, хууль, шударга ёсыг дээдэлсэн иргэний хүмүүнлэг нийгэм байгуулахаа дэлхий нийтэд зарласны 20 жилийн ой тохионо. Бид Үндсэн хуулиа баталснаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа тунхаглаж чадсан билээ. Үндсэн хуулийг “Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататгасан, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим дээр үндэслэсэн хуулиудын хууль бүхий дээд хүчин чадалтай улс төр, эрх зүйн баримт бичиг” хэмээн судлаачид дүгнэсэн байдаг. Манай улсын шинэ Үндсэн хууль 1787 онд баталсан АНУ-ын Үндсэн хуулиас эхтэй юм. Ардчилсан орны “эцэг” хуулиас үлгэр авсан учир өдгөө олон улсад үнэлэгдэж буй.
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэгчээр аливаа зүйл байрандаа байдаггүй. Өөрөөр хэлбэл, цаг үетэйгээ хөл нийцүүлэн өөрчлөгдөн, шинэчлэгдсээр байдаг. Иймээс Үндсэн хуулийг шинэчлэх цаг нь ирснийг энэ парламентынхан хэлж буй юм. Хэрэгжүүлэхээр ч ажиллаж байгаа. “Эцэг” хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгын үндсэн дээр 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэтэл энэ өөрчлөлт нь “дордуулсан долоон өөрчлөлт” гэх нэрийг зүүсээр удав. Энэ мэтчилэн хуульд өөрчлөлт оруулах гарцаагүй шаардлага бий болсон учир 2012 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан юм. Нэгэнт хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг нь олгосон болохоор УИХ-ын зарим гишүүн хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Харин тэдний саналыг нэгтгэж, 40 хүний бүрэлдэхүүнтэй томоохон ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Тэд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээж өгснийг засах хэрэгтэй. Парламент 99 гишүүнтэй байхаар нэмэгдүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн байдлыг илүү тодотгох, Засаг дарга нарыг засаг захиргааны шатлал бүрийн онцлогтой нь уялдуулах нь ач холбогдолтой” гэж үзсэнээр ажлын хэсэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа томъёолчихсон. Одоо УИХ-аар хэлэлцүүлэхийг хүлээж байна. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан нэг санал гарсан нь УИХ-ын 99 гишүүнтэй байх явдал юм. Энэ саналыг үгүйсгэх хүмүүс нэлээд бий. Харин хууль санаачлагчдын зүгээс“Зөвшилцлийн ардчиллыг бэхжүүлэх, парламентад хүйсийн төлөөллийн зарчмыг хангах бололцоог бий болгох, хүн амын өсөлтийг харгалзан ард түмний төлөөллийг нэмэгдүүлэх үүднээс гишүүдийн тоог 99 болгох нь УИХ-ын үйл ажиллагааг улам боловсронгуй болгоно” гэсэн юм. Тэдний зөв ч байж мэднэ. Үгүй ч байж мэднэ. Ямартай ч ардчилсан шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь иржээ. Өөрчлөх шаардлагатай заалтыг улам сайжруулах үүргийг өнөөгийн парламент хүлээж байгаа юм.
Ардчилсан Үндсэн хуулийг батлах үед нийгмийн харилцаа, ард иргэдийн сэтгэл санаа тогтворгүй, хүнс, бараа ховордсон, үйлдвэр аж ахуйн газрууд хаалгаа барьсан, өөрийн хөрөнгө, малаа хувьчилж байлаа. Үүгээр зогсохгүй Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан болж, өлсгөлөн суулт зарлаж, УИХ-ыг тараах, төр засгийн зарим удирдлагыг огцруулахыг шаардсан улс төрийн хувьд хөдөлгөөнтэй үе байв. Мөн намууд хоорондоо, Ардын их хурлын депутатууд хот, хөдөө, ажил мэргэжил, үзэл бодол зөрж, бие, биедээ буулт хийхийг хүсэхгүйгээр үл барам маргалдаж байсан нь Үндсэн хуулийн нэр, төрийн далбаа, сүлдийг өөрчлөх эсэхийг л хэлэлцэхэд 10 хоног зарцуулж байснаас нь тодорхой харагдана. Ийн маргаан, мэтгэлцээн, үл ойлголцол үүсэж байсан хэдий ч 76 хоногийн дотор Ардын их хурлын 430 депутатууд ардчилсан Үндсэн хуулиа баталж чадсан гавьяатай. Хууль дээдлэх, шударга ёс, эрх тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг хуульчилж, бүхий л салбарт хувьсалыг бий болгосон түүхтэй. Энэ түүх өнөөг хүртэл үргэлжилж байна. Цаашид ч үргэлжилнэ гэдэгт олон хүн итгэж, санал нийлэх биз ээ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Ардчилсан хөгжлийн туулсан замын буруу бүхнийг Үндсэн хуультай холбон тайлбарлах нь утгагүй. Нөгөөтэйгүүр, уг хуулийг улам боловсронгуй болгох олон нийтийн санал, санаачилгыг анхаарахгүй байхын аргагүй. Иймээс бүх шатанд хариуцлагатай байх, ам, ажил хоёр зөрдөггүй байх шаардлагатай” хэмээн хэлж байсан удаатай. Ийн шинэ Үндсэн хуулиа дээдэлж сахин биелүүлэх нь иргэн бидний үүрэг мөнөөс мөн билээ.
Үндсэн хууль хөгжлөөрөө гурван үндсэн үед хуваагддаг болохыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэд хуульч хэлжээ. Тэрбээр “Уг хууль нь голдуу эрх мэдэл хуваарилах зарчмыг бататгасан хууль байлаа. АНУ-ын хууль мөн үүн рүү чиглэсэн байдаг. Учир нь XX зууны эхэн үеийн Үндсэн хуулиудыг Америкийн жишгийг судласны үндсэн дээр баталсан юм. Монголд энэхүү хуулийн үзэл санаа дор хаяж 100 жилийн настай гэж баримжаалж болох. Ялангуяа Богд хаант төр байгуулагдсанаас хойш Үндсэн хууль буюу улсын эрхийн тухай асуудлыг Монголын ардчилсан үзэлтнүүд бичиж байсныг судлаачид гаргаж байлаа” гэдгийг онцлон ярьж байв. Анхдугаар их хурал анхны Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр баталж байжээ. Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн газар, Монгол Ардын намаас 1922 оны тавдугаар сарын 19-нд гаргав. Мөн энэхүү хуулиар хүний эрх, эрх чөлөөг анх удаа хуульчлан тунхагласан гэж судлаачид үздэг аж. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөө гэх ойлголтод нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэгээс үл хамааран бүх хүнд тэнцүү байх боломж багтдаг. Тэгэхээр зарим хүнийг бусдаас онцгойлон авч үзэх нь хүний эрхийг зөрчиж байгаагийн хэлбэр болох нь дамжиггүй юм. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хүн бүр чөлөөтэй үгээ хэлэх, жагсах, хуралдах, эвлэлдэн нэгдэх, эрдэм боловсролыг үнэ төлбөргүй эзэмших, 18 нас хүрсэн бол сонгох, сонгогдох нь туйлаас чухал. Ингэж чадаж л байвал “эцэг” хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаагийн илрэл юм. Харин эрхийн хажуугаар үүрэг байдгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж болохгүй. Эрх, эрх гэж цээжээ дэлдэхийн оронд үүрэг нь юу билээ гэж бодож үзэх ухаан иргэн бүхэнд байх ёстой. Таны эрх хэн нэгний эрхээр хязгаарлагддаг учир шинэ, ардчилсан Үндсэн хуулиа дээдлэн хэрэгжүүлэхэд та бидний үүрэг их билээ.
"Улс төрийн тойм" сонин