Ховд аймгийн “Алтан гадас” одонт Хөгжимт театрт өнгөрсөн амралтын өдөр “Цөлжилтийн гэгээ” нэртэй жүжгийн нээлт боллоо. Энэ жүжиг хүн өөрөө байгаль эхийн үр сад атал эхийгээ дандаа гомдоож, хохироож, өчүүхэн хэрэглээний шуналаас болж хамгийн их хор хөнөөл учруулдаг болохыг харуулсан бүтээл болжээ. Хүн байгалийг сүйдэлж, баялгийг нь авчихаад ямар ч хариуцлага хүлээдэггүй, тэр нь эргээд үйлийн үр эдэлдэг болдгийг ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгч санаагаар илэрхийлжээ. Байгалийн мод, уул,ус, газар,шороо, хад асга үг хэлдэг байсан бол хэчнээн түүхийг өгүүлж, гомдол цөхрөлийн үг урсгах байсныг хоёр загийн дүр харуулж байлаа. Хүн тархиныхаа цөлжилтийг таслан зогсоож чадвал үүний үр дагавар болсон байгалийн цөлжилтийг сааруулж чадна гэсэн утга санаагаар энэхүү жүжиг өрнөдөг ажээ.
Жүжгийн зохиолыг Ховд аймгийн Хөгжимт драмын таетрын ерөнхий найруулагч С.Ариунжаргал бичиж, гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Н.Сэнгэдорж, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Гиймаа, Н.Баясгаланбат, Л.Лхамхүү, Х.Идэрмөнх, Д.Хишигтогтох, Б.Одгэрэл, Н.Цэнд-Аюуш, Б.Тунгалаг, П.Сүх-Очир нар тогложээ.
Швейцарийн Хөгжлийн агентлаг уг жүжгийг дэмжих шийдвэр гаргахдаа өмнө нь Улсын драмын эрдмийн театртай хамтран бүтээсэн 2010 оны “Гэгээн муза” шагнал хүртсэн “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжиг бүтээсэн туршлагадаа түшиглэсэн байна.
Инээдмийн эмгэнэлт шинэ жүжиг олон ястан ховдчуудын оюуны цөлжилтийг бууруулахад гэгээ нэмж, жүжигчид уран бүтээлээрээ дамжуулж цөлжилттэй тэмцэл хийлээ.
А.Зул