Кёкүшюзан машинаа түрээслүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Кёкүшюзан машинаа түрээслүүлжээ

МАН-ынхан Ардын хувьсгалын анхны долоогийн амьдралаас сэдэвлэн “Долоон бурхан од” кино хийж байгаа билээ. Тус киноны ажил 70 хувьтай явж байгаа бөгөөд хувьсгалын жилүүдийн зураг авалт хийхэд ихээхэн хүндрэл тохиож байгааг киноны зохиолч, продюсер Ж.Мөнхбат ярьсан. Учир нь одоогоос ерээд жилийн өмнөх үеийн зураг авах боломж огт байхгүйн зэрэгцээ түүнд зориулсан хотхон бүү хэл тайз ч ховор байдаг аж. Хамгийн наад зах нь анхны долоогийн эдэлж хэрэглэж байсан “М-1” маркийн машин гэхэд Монголд гуравхан байдаг аж. Түүний нэг нь “Монгол кино нэгтгэл”-д байдаг ч эвдэрхий гэнэ. Мөн нэг нь хувь хүнд байдаг ч асдаггүй юм байна. Харин үлдсэн нэгийг нь Сумо Д.Батбаяр 70 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд мань эр МАН-ынханд машинаа өгөхгүй гүрийсэн гэдэг. Харин МАН-ынхан чамгүй царайчилсаны хүчинд Сумо Д.Батбаяраас өдрийн сая төгрөгөөр “М-1” машиныг нь түрээслэж байгаа гэнэ.

Харин сумоч маань байн байн машинаа авчирч өгөхийг шаарддаг тухай киноны продюсер өгүүлсэн. Тус машиныг түрээслээд 11 хонож байгаа бөгөөд хараахан хэрэглэж дуусаагүй юм байна. Хүмүүс “сумо гэж нэг царайгүй амьтан, ямар өдрийн сая төгрөгөөр дутав гэж дээ, юун ч хуншгүй юм” гэхэд нөгөө нэг хэсэг нь “аргагүй дээ, тэр чинь намчирхаж байхгүй юу. Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн юу гэж эсрэг намынхандаа өгөх юм” зэргээр улстөржүүлж байна. Юутай ч сумоч маань өнөөдрийн байдлаар МАН-ынхнаас 11 сая төгрөг түрээсэнд авчихлаа. “М-1” машин одоо чухам хэдэн өдөр зураг авалтад оролцохыг хараахан хэлж мэдэхгүй байна лээ. Магадгүй хоёр сар болж, сумогийн машинаа худалдан авсан 70 сая төгрөгийг олоод ч өгчих юм билүү.     

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж