АНУ-ын Станфордын их сургуулийн эрдэмтэд одоогийн хэрэглээнд буй лити зай хураагуураас зэсээр бүтээсэн зай хураагуур нь хавьгүй илүү болохыг олж тогтоожээ. Энэ тухай “Nature Communications” сэтгүүлийн арваннэгдүгээр сарын сүүлд гарсан дугаарт дэлгэрэнгүй өгүүлжээ. Цахилгаан хөдөлгүүрт машины лити зай хураагуурт ихээхэн хэмжээний зэс оролцож буй нь зэсийн эрэлт өснө гэдгийг улам баталгаажуулж байгаа билээ. Тэгвэл Станфордын их сургуулийн эрдэмтдийн судалгааны дүгнэлтээр бол зэсээр хийсэн цахилгаан хадгалах төхөөрөмж нь сэргээгдэх эрчим хүч, тухайлбал нар болон салхины эрчим хүчний технологид туйлын их үр ашиг авчрахыг тогтоожээ. Эрдэмтэд тус өгүүлэлдээ зэс зай хураагуурыг 40 мянган удаа цэнэглэхэд цахилгаан хадгалах чанар нь 83 хувьтай байжээ. Харин лити зай хураагуурыг ердөө 400 удаа цэнэглэхэд цахилгаан хадгалах чанар нь нэлээд буурсан байдаг ажээ. Эрдэмтэд мөн зэс цахилгаан хуримтлуулах төхөөрөмж үйлдвэрлэхэд литигийнхээс хавьгүй хямд байх болно гэдгийг онцолжээ.
Ийнхүү сэргээгдэх эрчим хүчний цахилгаан хадгалах технологийн үйлдвэрлэлд эрдэмтдийн санааг хэрэгжүүлж эхэлбэл зэсийн эрэлт тооцоолж байснаас ч илүү эрчимтэй өсөх нь тодорхой байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарыг ойрын 40 жилийн хугацаанд дэлхийн нийт эрчим хүчний хэрэгцээний 80 хувийг хангахуйц хэмжээнд хүргэх тухай НҮБ-ийн саяхны нэгэн илтгэлд дурдсан нь бий. Энэ дотроос нар, салхины эрчим хүчийг ашиглах технологи голлох байрыг эзэлж буй юм.
Технологийн салбар дахь зэсийн нэр хүнд улам дээшилсээр байна.
Б.Төгс