Ерөнхий сайд Владимир Путины толгойлдог “Нэгдсэн Орос” нам энэ удаагийн сонгуулиар багагүй “ялагдал” амссан. Гэхдээ тэд өмнөхийн адил төгс ялалт байгуулаагүй ч парламентын олонхийн байр сууриа хадгалж үлдсэн билээ. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн хүмүүс Москва хотын төв талбайд бямба гаригт жагсаал зохион байгуулсан бөгөөд үүнд 25 мянга гаруй хүн оролцсон тухай “РИА Новости” агентлаг мэдээлжээ. Тэд В.Путиныг огцрохыг шаардаж, арванхоёрдугаар сарын 4-нд болсон сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа юм. Энэ үеэр цагдаагийн байгууллагынхан хэн нэгнийг баривчлаагүй байна. Харин ОХУ-ын хоёр дахь том хот болох Санкт-Петербургт болсон жагсаалд 7000 гаруй хүн оролцсон бөгөөд эмх цэгцгүй байдал үүссэний улмаас цагдаа нар хэдэн зуун хүнийг саатуулжээ.
Сонгуулийн үр дүнг эцсийн байдлаар өнгөрөгч бямба гаригт албан ёсоор зарласан бөгөөд “Нэгдсэн Орос” нам 238 суудал, Комунист нам 92, Шударга Орос нам 64, Либераль Ардчилсан нам 56 суудал тус тус авчээ.