Жагсаалд оролцогчдын нэг нь “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа “Орос орон өөрчлөгдөж байна” хэмээн онцолжээ.
Шударга сонгууль явуулахыг шаардаж буй иргэдийн тэмцэл иймэрхүү байдлаар үргэлжилбэл дахин сонгууль явуулахаас өөр аргагүй хэмээн Олон улсын хүний эрхийн хорооноос ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевт сануулсан байна. Учир нь Орос орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэллээ. Владивостокт болсон жагсаалд оролцогчид “Хархнууд явах ёстой!” гэж хашгиралдацгаав. Казахстантай хиллэдэг Курган хотод 400 орчим хүн цугласан бол Новосибирскт 20 хэмийн хүйтэнд 3000 хүн гадаа жагсаж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Екатеринбургт мөн 3000 хүн хөдөлгөөнд оролцож, “Путингүй Орос орны төлөө!” хэмээн хашгирч байж. Оросын хоёр дахь нийслэл хот гэгддэг Санкт-Петербургт В.Путиныг огцрохыг шаардаж, дахин сонгууль явуулахыг уриалсан 10 мянга орчим хүн төв талбайдаа цугласан байна. Харин Санкт-Петербургийн Оюутны зөвлөлийн дарга Даниель Клубов “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа “Би энэ удаагийн жагсаалд оюутнуудыг уриалан оролцмоор байгаа боловч маш их сүрдүүлэг ирсэн учир больсон” гэх агуулгатай зүйл ярьжээ. Иймэрхүү сүрдүүлэгт автсан хүн Оюутны зөвлөлийн даргаар дууссангүй. Оросын хууль сахиулагчдын мэдээлж буйгаар жагсаал цуглааны үеэр ямар нэгэн хүч хэрэглэх явдал гараагүй байгаа аж. Тэд нөхцөл байдлыг гартаа авсан тухайгаа Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тасралтгүй цацаж эхэлжээ. Гэтэл 1000 гаруй хүнийг баривчилсан. Энэ нь цаашид улам илүү хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахаас Оросын эрх баригчид айж байгааг нотоллоо. Лондонд ч мөн жагсаал болов. Ойролцоогоор 200 гаруй хүн оролцсон энэхүү жагсаалд сонгуулийг дахин явуулахыг шаардсан орос иргэд оролцжээ. Москвад болсон жагсаалын удирдагчид “Энэ сарын 24, 25-ны үед дахин ийм жагсаал зохион байгуулна” хэмээн мэдэгдсэн байна.
Нэгдсэн Орос намын ялалтаар төгссөн Төрийн Думын сонгууль Владимир Путиний ирээдүйг бүрхэг болгосон хэмээн шинжээчид дүгнэх болсон. Өмнөх 2007 оны сонгуультай харьцуулахад 15 хувийн саналаа алдсан Нэгдсэн Орос нам В.Путиний эрин үе дуусч байгааг харууллаа хэмээн гадны хэвлэлүүд бичиж байв. Үнэхээр ЗХУ задарснаас хойш ийм олон хүнийг хамарсан жагсаал цуглаан болж байсангүй. В.Путин Оросын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байх хугацаандаа ийм үйл явдалтай нүүр тулж байгаагүй юм. Тэрбээр хүчирхэг улстөрчийн имижийг бүрдүүлж, өөрийгөө Орос орныг нэгтгэн зангидах ганц хүн мэтээр ойлгуулж байв. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 24-нд болсон Нэгдсэн Орос намын хурлын үеэр өөрийгөө ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ итгэл төгс зарласан юм. Оросын хэвлэлүүд “Ирэх сонгуульд хэн ялах нь тодорхой боллоо” хэмээн шуугиж байв. Гэвч Төрийн Думын сонгууль болохын өмнөхөн В.Путиний нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц нэгэн бичлэг цацагдсан билээ. Нэгэн тэмцээний үеэр түүнийг танхимд орж ирэх үед тэнд байсан залуус В.Путин руу гутлаа шидэж, шүгэлдэн хашгиралдаж байв. Хэдийгээр энэ тухай харуулсан бичлэгийг Оросын телевизүүд дууг нь хаан үзүүлсэн боловч интернэтийн портал сайтуудаар дамжин хурдацтай тархсан юм. Олон улсын шинжээчид Нэгдсэн Оросын намыг дэмжигчдийн тоо буурсныг үүнтэй холбон тайлбарлаж байв. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон Оросын эрх баригчдыг дахин сонгууль явуулахыг уриалсан юм. Оросын Гадаад хэргийн яамнаас Х.Клинтоны мэдэгдэлд хариу болгож “Энэ бол байж боломгүй дүгнэлт” хэмээн мэдээлжээ. Энэ бүхэнд В.Путин ямар хариу хэлсэн бэ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн хүмүүс ардчиллын журмаар жагсаал зохион байгуулж байна” хэмээн мэдэгджээ. Д.Медведев “Шударга ардчилсан сонгууль болж өнгөрсөн” гэж дахин дахин сануулсаар байна. АНУ-ын Сенатч Жон МакКэйн өөрийн Twitter-тээ “Орос оронд Арабын хавар айсуй” хэмээн бичиж байв. Гэхдээ Оросын ард иргэдийн тэмцэл нь эрх баригчдаа унагахаас илүүтэйгээр дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа учир арай ч Арабын орнуудад болсон шиг үймээн самуун үүсэхгүй бололтой. Гэхдээ дахин сонгууль явуулахгүй бол асуудал арай өөрөөр эргэж мэдэх л юм.
"Улс төрийн тойм" сонин