-Улстөрчдийн яриад байгаа холимог тогтолцоо буюу 48:28-ыг хэр зөв хувилбар гэж бодож байна вэ?
-Сайн хууль батлагдана гэдэгт эргэлзэж байна. “Хуулиа баталъя” гэж бодсон бол аль хэзээний баталчих байсан. Гэтэл ингэж сунжраад байгаагийн цаана “хуучин хуулиараа сонгуульд оролцох сонирхол байна уу, үгүй юү гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм. Хуулийн төслийг хэлэлцэх явцад эмэгтэйчүүдийн, хот, хөдөөгийн гэхчлэн квотын асуудлыг ярьж байна. Мажоритари тогтолцооны үед квотыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг. Тухайлбал, гурван хүн өрсөлдөж байгаа үед квот тогтоовол 60 хувьтай ялсан хүн байлаа гэхэд 30 хувиар ялагдсан эмэгтэй квотын дагуу гарч ирэх боломжтой болох юм. Тэгэхээр энэ нь шударга ёсонд нийцэх эсэх дээр маргаан үүсгэнэ. Пропорциональ 28 дээр квот тогтооно гэхээр мажоритариас пропорциональ руу шилжих хүмүүсийн босгод эмэгтэйчүүдийн хувь хүрэхгүй бол шилжиж чадахгүй. Тиймээс босго, квотынхоо хувийг өөрчлөх гээд бие, биеэ эсэргүүцсэн санал олон гарч байна. Үүнээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл чухам хаашаа яваад байгааг хэлэхэд түвэгтэй байна.
-Хоёр намын бүлэг “Мажоритариар өрсөлдсөн нэр дэвшигч “унавал” намаасаа гарч ирэх боломжийг бий болгох талаар санал зөрөлдөж буй. Таныхаар шилжинэ гэдэг оновчтой байж чадах уу?
-Миний бодлоор пропорциональ буюу 28-ыг намуудад нь шилжүүлчихвэл зүгээр болов уу. Харин үүнийг намын их хурал, удирдлага нь тогтоох эсэхийг дотроо шийдэх ёстой. Гэтэл энэ хэлбэр рүүгээ орохгүй шинжтэй болоод байх юм. Учир нь Үндсэн хууль зөрчих асуудал гарч ирж байх шиг байна. Гэхдээ жинхэнэ пропорционалиар явуулбал 28 дээр намын дуу хоолой байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Цэвэр шилжүүлэх маягаар биш гэсэн үг.
-Оросын Төрийн Думын сонгууль саяхан боллоо. УИХ-ын 2012 оны сонгууль Оросын сонгууль шиг болох юм биш байгаа. Та ирэх сонгуулийн өнгө төрхийг хэрхэн харж байна вэ?
-Арай ч Оросын Төрийн Думын сонгуультай адилхан болохгүй байх. Яагаад гэвэл, Оросын улс төрийн байдал Монголоос өөр. Тэнд намуудын тэр тусмаа сөрөг хүчний төлөөлөл хүчтэй орж ирээгүй. Зөвхөн бүртгүүлсэн намууд орсон. Тэгтэл бүртгүүлээгүй томоохон улс төрийн хүчнүүд байсан нь сонгуулийн үр дүнгээр харагдаж байгаа юм. Энэ үеэр булхай, луйвар гарсан гэж олон улсын ажиглагчид үзсэн. Хэрэв манай улс сонгуулийг хуучин Сонгуулийн тухай хуулиар явуулбал иймэрхүү хүндхэн байдал үүсэж мэдэх л юм.
-Сонгуулийг хуучин хуулиар явуулбал “Долоодугаар сарын 1”-ний үймээнийг давтана гэж үү?
-Ийм байдал үүсэхгүй болов уу. Ер нь сонгуулийн өрсөлдөөн намууд дунд бус нам дотроо явагддаг. Ингэснээр намаар, багаар ажиллах ойлголт худлаа болдог. Үүнээс болж сонгуулийн үеэр нэлээд будилаан үүсдэг юм. Жишээлбэл, сонгуулийн үеэр хоёр өөр намын хүн нийлж байгаад өөрийнхөө намын гишүүнийг луйвардаж байсан хэрэг нэгээр тогтохгүй гарч байсан шүү дээ.
-Өнөөдрийн байдлаар нийгэмд аль намын нэр хүнд өндөр байна вэ?
-Ерөнхийдөө ойролцоо байгаа. Найман сард хийсэн ажиглалтаар бол хотод Ардчилсан нам, хөдөөд Ардын нам нь илүү нэр хүндтэй байна. Хэвлэлээр саяхан нэгэн судалгааны мэдээлэл алдагдсан. Тэнд манай төвөөс хийсэн судалгаатай ижил зүйл олон байсан.
-Монголын улс төрд барууны үзэл баримтлалтай нам байна уу. Ингэж асууж байгаагийн учир нь “Ардчилсан нам хэдийнэ зүүний үзэл баримтлалтай болчихжээ” гэх шүүмжлэл байна?
-Барууны үзэл баримтлалтай гэж ярьдаг болохоос биш ийм үзэлтэй нам бараг байхгүй. Иргэний Зориг нам өөрсдийгөө либераль үзэлтэй гэдэг ч тэдний явуулж буй бодлого, үйл ажиллагаа нь төвийг сахихад чиглэдэг. Харин Ардчилсан нам зүүний үзлийг баримтлахаас өөр аргагүй. Учир нь тэдний дийлэнх сонгогчид нь Монголын ядуучууд болохоор баруун жигүүрт байх ямар ч үндэслэлгүй болчихож байгаа юм.
-Хамтарсан Засгийн газар байгуулснаар үр дүнтэй ажиллаж чадсан уу. Та юу гэж үзэж байна вэ?
-Хоёр нам хамтарсныг нэг талаас нь зөв гэж үзэж байна. Энэ утгаараа Монголд орж ирж байгаа гадны хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж чадсан. Нөгөө талаас сөрөг хүчний байр суурь суларсан.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарын нэгдэл нь парламентад суудал авах хэмжээнд амжилт үзүүлэх болов уу?
-Парламентад суудал авах эсэх нь Сонгуулийн тухай хуулиас шалтгаална. Нөгөөтэйгүүр, сөрөг хүчний орон зай сул байгаа ийм үед тэдэнд тодорхой дэмжлэг авах бололцоо гарч ирсэн. Иймээс МАХН, МҮАН хоёулаа үүнийг ашиглан ард түмнээс дэмжлэг авч буй нь илэрхий юм. Харин сонгууль хүртэл үүнийгээ хадгалж чадах уу, үгүй юү гэдэг нь өөр асуудал.
-Н.Энхбаяр жижиг нам, иргэний хөдөлгөөнийг нэгтгэсээр байгаа. Ингэснээрээ хүчирхэг болох уу?
-Хүчирхэг болох эсэхийг нь мэдэхгүй. Гэхдээ хүмүүсийн анхаарлыг татсанаар улстөрчдийн рейтинг өсдөг. Тиймээс намын нэр хүнд өснө үү гэхээс буурахгүй.
-Тэгвэл Н.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой “дайтаад” байгаа нь нэр хүндээ өсгөх нэг хэлбэр гэж ойлгож болох нь ээ?
-Хоёулангийнх нь нэр хүнд өсөх нь гарцаагүй. Улстөрчдийн хувьд сайн, муугаар хэлүүлсэн ч аль, алийг нь дэмжих хүмүүс байдаг. Юун түрүүнд мартагдахгүй байх нь чухал. Улс төрийн барометрээр нэлээд дээгүүрт явж байсан Б.Жаргалсайхан улс төрийн амьдралаас тасарч байгаагаас тодорхой харагдана.
-Н.Энхбаяр “МАХН” гэх нэрийг өөрийн болгоод авчихлаа. Ирэх сонгуулийн үеэр энэ нь Ардын намынханд нөлөө үзүүлэх үү?
-Асуудал нь нэрэндээ биш. Хамгийн гол нь сөрөг хүчин болохыг зорьж байгаа хүмүүст өөрсдийн орон зай хэрэгтэй байгаа. Энэхүү орон зайг нь Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр гаргаж өглөө. Түүнчлэн сөрөг хүчний орон зайд сурталчилгаагаа явуулах намууд тэднээр дуусахгүй. Ямартай ч ирэх гурав, дөрөвдүгээр сард улс төрийн байдал илүү тодорхой болох байх.
-Намуудын улс төрийн идэвх нэгдэж, эвсэхээс эхлээд нэлээд сэргэлээ. Иргэний Зориг нам, Монголын Ногоон намын нэгдэл ирээдүйтэй юү?
-Энэ нэгдэл нь тэдний хувьд муугаар нөлөөлөхгүй болов уу. Иргэний Зориг нам хэвээр үлдэх үү гэдэг нь асуудал биш. Нэгдсэн намд нь ямар хүмүүс байна вэ. Тэд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ гэдэг л чухал. Иргэний Зориг-Ногоон нам хэддүгээрт жагсах нь сонин биш юм.
-Гэхдээ тэдний хувьд жагсаалтын хэддүгээрт байх нь чухал юм биш үү?
-Бараг үгүй байх аа. Тодорхой асуудалд нөлөөлж мэдэх юм. Харин бичиг, үсэг мэддэг хүн бол өөрийнхөө дэмждэг намыг сонгочих байлгүй дээ.
-Сонгуулийн үеэр МАХН+ МҮАН, ИЗН+МНН-ын нэгдлүүд Ардчилсан нам, Ардын намын саналыг хувааж мэдэх байх. Тийм үү?
-Сонгуулийн тухай хуулийг харъя. Хуучин хууль, шинэчилсэн хуулийн төсөл ч тэр жижиг нам болон бие даагчдад ашиггүй байгаа. Тэр тусмаа Ардчилсан намаас санаачилсан том тойрог нь оновчтой харагдахгүй байна. Жижиг намууд том тойрогт сурталчилгаа явуулахад хүндрэлтэй байдаг. Үүнийг том намууд ашиглах нь тодорхой. Иймээс намууд нэгдэж томоохон эвсэл байгуулж байгаа. Энэ нь томсгосон тойрог дээр хүч сэлбэж байгаагийн нэг хэлбэр шүү дээ. Миний бодлоор Монголын улс төрийн амьдралыг шинэчлэх сонирхол хүмүүсийн дунд бий болсон учир ирэх сонгуулиар тодорхой өөрчлөлт гарах байх. Өөрөөр хэлбэл, гуравдагч хүчин парламентад суудал авах боломж бий.
-Төр, засгийн бодлогыг зөвхөн Ардын намын Удирдах зөвлөл удирдаад байна гэх шүүмжлэл байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Манай улс төрийн амьдрал бутарч олон бүлэглэл үүссэн юм шиг харагддаг. Аль нэг бүлэглэл удирдаад явчих бололцоогүй. “Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн нөхөр байдаггүй” гэдэг нь сүүлийн 10 гаруй жил харагдсан юм.
-Өнөөгийн улс төрийн лидерүүдийг нэрлэ гэвэл та хэнийг хэлэх вэ?
-Ардын намын хувьд С.Батболд, Ч.Улаан, Ц.Нямдорж гэх мэт. Ардчилсан намын тухайд Х.Баттулга, З.Энхболд, Г.Батхүү нар юм. Харин Ардчилсан намын жинхэнэ лидер бол Ц.Элбэгдорж яах аргагүй мөн. Гуравдагч хүчний хувьд байдал сонин болчихлоо. Гэхдээ нэрлэвэл З.Алтай, С.Оюун, Д.Энхбат, Н.Энхбаяр байна. Н.Энхбаярыг хоёр талбай дээр тоглож байгаа гэж хэлж болохоор. Тэрбээр нэг талаас гуравдагч хүчин болохоор үзэж байгаа боловч нөгөө талаар МАХН-ынхаа дэмжигчдийг цуглуулж байх жишээтэй. М.Энхсайхан ч мөн ялгаагүй.
-О.Магнай хувьсгал хийх хэрэгтэй гэж их ярих болж. Өнөөдөр хувьсгал хийх цаг нь мөн үү?
-Тодорхой нөхцөл бүрдэж байж хувьсгал хийнэ. Надад ийм нөхцөл бүрдсэн эсэх нь мэдэгдэхгүй байна. Монгол руу ойрын хэдэн жил их хэмжээний хөрөнгийн урсгал орж ирэхээр байгаа. Харин уг мөнгийг олон нийтэд шударга хуваарилж чадах уу гэдэг нь асуудал болохоос бус хувьсгал хэрэгтэйдээ биш байх аа. Харин ч хувьсгал хийснээр бүх зүйлээ алдахад хүрнэ.
-Иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл өөрсдийн эрх ашгийн төлөө аль нэг намд уусах хандлага ажиглагддаг. Үүнийг ёс зүйгүй үйлдэл гэж үзэх нь зөв үү?
-Иргэний хөдөлгөөнүүд хэцүү зам туулж байгаа. Энэ нь улс төрийн хүчнүүд тэднийг өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлэх, тэд өөрсдөө санхүүжилт муутай байдагтай нь ч холбоотой. Нэг хүн “Хотоос хүн цуглуулаад Төрийн ордныг гурав тойроход гурван сая төгрөг болдог” гэж надад хэдэн жилийн өмнө хэлж байсан. Гэтэл энэ мөнгийг гаргах иргэний хөдөлгөөнүүд ховор шүү дээ. Өнөөдрийн байдлаар тэд хүмүүст итгэл төрүүлэхүйц биш байна.
-Б.Хурц суллагдаад Монголдоо ирсэн даруйдаа Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд томилогдлоо. Энэ үйл явцыг та юу гэж дүгнэж байна вэ?
-Авлигатай тэмцэх газар улстөрчдийн анхааралд дэндүү их орж байна. Үүнийг иргэний нийгмийн хяналтад оруулчихвал гайгүй болох юм. Авлигатай тэмцэх газрын эргэн тойронд олон асуудал үүсээд байгаа нь улстөрчидтэй холбоотой.
-Гэтэл УИХ-аас Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг томилдог. Тэгэхээр улстөрчдөөс хараат байх ямар ч боломжгүй болж байгаа юм биш үү. Хараат бус байх нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх хэрэгтэй вэ?
-Хэлж мэдэхгүй юм. Ямартай ч одоо улс төрийн хараанд хэтэрхий орсон. Авлигатай тэмцэх газрыг анх байгуулах үед иргэд их зүйлийг хүлээж байсан шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин