Панамын дарангуйлагч эх орондоо очжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.12-нд нийтлэгдсэн

Панамын дарангуйлагч эх орондоо очжээ

Панамын дарангуйлагч Мануэль Норьега 22 жилийн дараа эх орондоо эргэн очжээ. Түүний дарангуйллын дэглэмийг АНУ-ын цэргийн хүчин унагасан билээ. 77 настай Мануэль Норьегаг  Гамбоа дахь чанга дэглэмтэй, өндөр харуул хамгаалалттай Эль Ренасер шоронд хорих гэнэ. Панамд дарангуйллын дэглэм тогтоож, аллага хүчирхийлэл явуулж байсан хэрэгт түүнийг буруутгаж байгаа ажээ. Мануэль Норьегаг өчигдөр Парисаас Мадридаар дамжуулан Панамд аваачсан байна. Зургаан жилийн турш Панамд ганцаар захирах дэглэм тогтоож, сөрөг хүчний лидерийг хөнөөж, өөрийнх нь эсрэг дуугарсан хүмүүсийг хоморголон устгасан энэ хэргийн төлөө түүнийг шийтгэх өдөр ирэхийг иргэд удаан хүлээжээ. Сөрөг хүчний лидер агсан Хюго Спадафора болон өөр хэд хэдэн хүнийг хөнөөсөн хэрэгт яллахаар өнгөрсөн сард Францын шүүх түүнийг Панамын талд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Сүүлийн хорин жил Америкийн нэгэн шоронд ял эдэлсэн Норьега 2010 оноос хойш Францад байсан. Францын шүүх  2.9 сая хууль бус ам.долларыг угаасан Норьегад долоон жил шоронд хорих ял оноосон юм. Мануэль Норьега Атлантын далай болон Номхон далайн хоорондох эдийн засаг, стратегийн чухал бүс нутаг Панамд хорин жил гол тоглогч байжээ. 1989 онд Панамд үймээн дэгдэхэд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш түүнийг хүчээр огцруулсан юм. Норьега Панам дахь Ватиканы элчин сайдын яамнаас улс төрийн орогнол хүссэн боловч түүнийг 1990 онд баривчилсан ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж